Хайртай хүүгээ надад өгсөн харамлаагүй, бас цааргалаагүй
Халуун дотно угтсан, хүнийрхээгүй бас хатуурхаагүй
Итгэсэн яг л үрдээ итгэсэн шиг надад итгэсэн, итгэл дээр нь би үндэсээ суулгаж эхэлсэн
Үндэс нь, үр хүүхэд нь өнөр өтгөн болно гэдэгт үргэлжид найдсан, бас ерөөсөн
Ханийн минь ээжийн ерөөл хамаг бүгдийг цэгцлэсэн, цэгцлэгдсэн амьдрал минь цагаан сүүнээс эхтэйг ойлгосон
Хүүгээ гэсэн эхийн сэтгэлээс нь хайрын цэцэгс өдөр бүр дэлбээлдэг, тэр үзэсгэлэнт цэцэгсээр нь гэрээ чимж яваа бид
Хожим би ч бас хүргэн бэртэй болно, ховорхон заяах цэцэгсийг үргэлжлүүлэн суулгах үүрэг ноогдоно
Жавар хургахыг мэдэхгүй жаргалтай хадам эх байхсан
Жаахан ээжий шигээ бүгдийг ялгахгүй хайрлахсан
Үр хүүхдээ төрүүлэхэд минь өөрөө төрсөн мэт зовлонг минь мэдэрч шаналдаг
Өрвөлзөж нэгэндээ гомдон тунирхахад, үнэний замын голч байж чигийг заадаг
Үрсийн минь эмээ, ханийн минь эх таньдаа үүрд баярлаж явдагаа сэтгэлэээсээ тэрлэн буулгалаа
Таныхаа харцнаас би… хамтад нь тээж өсгөсөн мэт, холдуулж салгахын завсаргүй их хайрыг мэдэрсэн
Таныхаа ухаанаас би хамтдаа хорвоог туулах хатан эхийн санааг зүрхэндээ тольдон шингээсэн
Тэнгэрлэг ханийн минь ижий бурхан, тэнүүн сэтгэл шигээ уудамхан таныхаа өмнө…
Хүүгийн чинь үргэлжлэл, хүслийн тань биелэл болсон удам залгах хөвгүүдээ тойруулж буян заяаг тань тэгшлэнхэн жаргана бид…
2014.01.07
……………Х.ДУЛАМСҮРЭН…