Аюулгүй байдлын дүрмийн тухай өгүүлэх зар сурталчилгааг Шинэ Зеландын Air New Zealand компани хийлгүүлээд интернэтэд байршуулсан нь цахим ертөнцийн хэрэглэгчид болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн уурыг баржээ. Нэртэй загвар өмсөгчдийн оролцсон сурталчилгааг олон хүн өдөөн хатгасан зүйл гэж үзсэн байна.
Учир нь, бүсгүйчүүд тэр сурталчилгаанд усны хувцастай тоглосон юм. Тус улсын агаарын тээврийн компанийн сурталчилгаанд Кристи Бринкли, Жессика Гомес, Крисси Тайген, Ханна Дэвис, Ариэль Мередит зэрэг топ моделиуд тогложээ.
Онгоцны бүхээгт тэрхүү видео бичлэгийг үзүүлэхээ зогсоохыг шаардсан өргөх бичигт одоогоор 7000 орчим хүн гарын үсгээ зуржээ. Агаарын тээврийн компанийн төлөөлөгчид өөрсдийн гаргасан хариу мэдэгдэлд тэрхүү сурталчилгааг үзүүлэхээ зогсоохоо амлажээ.