Таны хэлсэн бүхэнд итгэх гэгээн ариун оюунд нь өөрийнхөө орон зайг халуун бүлээн дурамжуудад өлгийдөн үлдээ. Нэг л өдөр өөдөсхөн үр тань уул шиг том эр болоод гэрээ орхин гарч, гал таслах тэр агшинд, эсвэл та жижигхээн өвгөн болоод ач, гучаа гээд завгүй явахад тэр л дурсамжуудаас өөр үнэтэй хөрөнгө үгүй болно.
Томчууд бид хүүхдүүдийнхээ нүдэнд хэн болж харагддаг бол. Тэдний нүдээр энэ орчлонг нэг тольдож үзэх юмсан. Хайртай аавтайгаа шавайгаа ханатал тогломоор байвч “Аав нь ядраад байна”, “Чимээгүй бай, зурагт үзүүлэхгүй юм” гэсэн өдөр бүр давтагддаг залхсан үгнүүд, энэрэлт ээждээ чадлаараа эрхэлье гэхээр “Тоглоомоо хураа”, “Гэр орон дандаа бусниулах юм”, “Яасан сахилгагүй юм бэ” гэсэн хориглосон үгсээс өөрийг тэд минь сонсдоггүй л байх даа…
Нэг л өдөр нас биед хүрээд гэртээ тогтохоо байна, нэг л өдөр сургууль, найз нөхөд гээд ижий, ааваа тоохгүй болох тэр цаг харвасан сум шиг хажууд ирнэ гэдгийг бид анзаардаггүй. Өнөөдөр л тэд минь хагасхан цагаа л надад зориулаад өгөөч гээд биднийг царайчлан, бүлтэлзэн, хөөрхөн алаг нүдэндээ хайр гэрэлтүүлэн аргадаж, тоглоомын жижигхэн талбайдаа дуудаж байна.
Таныг ажлаасаа нэг их ядарсан царайтай орж ирэхэд бөөн баяр болсоор гүйн очиж, булцгар гараараа тэвэрч аваад, ямар их санаснаа эгдүүтэй хөөрхөн яриагаараа шулганан угтах бяцхан үрсдээ 20-хон минут л зарцуулахад уг нь бидний биеэс бие, гараас гар уначихгүй. Яагаад гэвэл үр тань таныг өдөржин хүлээсэн шүү дээ.
Өөдөсхөн цээжиндээ ахадсан өнгө өнгийн бодол тээж, өөрт чинь л тэднийгээ бүгдийг нь ярина гэсээр тэсч ядан хүлээсэн байгаа. Өдөржин яаж үймүүлснээ, ээж нь түүнийг яаж загнасан тухай, гадаа хөршийн хэдэн маамуунуудтай сайдаж, муудаж тоглосноо л тэр ярихыг хүссэн юм.
Чухал төсөл, өндөр цалинтай ажил ярих болохоороо нүд нь сэргээд ирдэг томчууд минь амь амьдралаасаа үнэтэй гэж өхөөрдөн хайрладаг бяцхан үрсээ чихэр, тоглоомхоноор хуурах биш чин сэтгэлээрээ хайрлая. Түүнийг жижигхэн, жаахан гэж бүү бод. Тэр бүгдийг мэдэрч байгаа. Тийм болохоор түүнтэй чин сэтгэлээсээ тогло, наад, түүнийг сонс.
Таны хэлсэн бүхэнд итгэх гэгээн ариун оюунд нь өөрийнхөө орон зайг халуун бүлээн дурамжуудад өлгийдөн үлдээ. Нэг л өдөр өөдөсхөн үр тань уул шиг том эр болоод гэрээ орхин гарч, гал таслах тэр агшинд, эсвэл та жижигхээн өвгөн болоод ач, гучаа гээд завгүй явахад тэр л дурсамжуудаас өөр үнэтэй хөрөнгө үгүй болно.
Монголхатагтай