Хүнчанар хэмээх хочтой жүжигчин өвгөн Билгүүн өндөр байшингийн долоон давхарт гарах гэж зүтгээд амьсгаадан зогсов. Агаар дутсан мэт ам нь ангалзан толгой нь эргээд тэрбээр эгээтэй л уначихсангүй. Хар хөлс нь цувж хамрын үзүүрээс хөлс под под урсан дусалж байлаа.
-Та яаж байнаа өвөө? Алив би туслах уу? хэмээн жаахан охин дээрээс бууж явснаа зогтусан асуухад гэзэгний хоёр цэцгэн тууз нуруун дээр нь хийсэн тоглов.
-Зүгээрээ охин минь… Энэ чинь зургаан давхар биз? Амьсгаагаа дараад орхиё доо. Тэгсэн цагт…
– За яахав.. .Гайгүй биз…
-Та хэнийд орох гэсэн юм бэ?
-Галсангийнд… Өөрөө намайг урьсан юм….
Ингэж хэлүүтээ Хүн чанар өвгөний нүд харанхуйлан чих шуугив. Нэг их нэлийсэн гал нүүрэн дээр унаад ирэх шиг боллоо. Тэрхүү шөрвөлзсөн гал түймэр Хүнчанарыг байтугай суудлын тасалгаат вагонд байгаа жаахан хүүг одоохон галын хэлээрээ хамж авах гэж дайрах шиг Хүнчанар хаалгаа сайтар хаан гялалзсан цагаан төмөр түгжээгээр нь дангинатал түгжив. Одоо яалтай. Би ч яах вэ дүүрч… Хөл муутай, хөгшин хонины насгүй болсон намайг үхэл авдаг бол авна л биз. Энэ няжаараа шахуу амьтан ийм жаахнаараа галд өртвөл юу болох билээ. Хүн чанар цонхыг нээх гэж оролдов. Галт тэрэг хэдийнэ замаасаа гараад одоохон унах гэж хазайж байх шиг… Олон амьтан аврал эрэн хашгиралдаж нялх хүүхэд уйлах дуун эмх замбараагүй сонсогдоно.
* * *
-Өвөө, өвөө та яаж байна аа?
Жаахан охин тууз зүүсэн гэзгээ моодойлгон өвөө Хүнчанарын гараас зууран, уйлж байлаа. Бин битүү саванд агаар дутагдан тарчлах шиг амаа ангалзуулан байсан Хүнчанар сая нэг юм сэхэх шиг болов. Тэр хана налж эгээтэй л унасангүй. Азаар жаахан охин түүний гараас зуурч түшин авчээ.
Ай лай гэж… Ерээд онд болсон галт тэрэгний ослоос хойш ингэж Хүнчанар үе үехэн ухаан алдах болсон билээ. Өндөр даваа өөд мацаж явсан суудлын галт тэрэг замаасаа гарч онхолдох үед Хүнчанар харин азаар амьд үлдсэн ажээ. Олон хүн өрөөнөөсөө цонхоороо гарч зугтсан тул шатаж буй вагонд хүн осолдоогүй ажээ. Энэхүү цусгүй аваарийн тухай хожим болтол хүмүүс ярьсаар байсан даа. Чингэж гал авалцсан галт тэрэгнээс буухдаа Хүнчанар хөлөө гэмтээжээ. Баруун хөлийн шилбэ хугарчээ. Тавь гарсан хөгшин хүн бужигнан уралдаж буусан олны түлхэлцээнд хүйтэн хайруу газар хальт гишгэн унажээ. Хэдийгээр шилбэ хугарч, цус сад тавих нь мэдрэгдэн байсан боловч тэрбээр үймж шуугисан олны зүг,
-Хүүхээд нэг жаал цонхоор унасан юмсан. Түүнийг аварч үзээрэй… хэмээн хашгирч байсан билээ. Шархтсан, түлэгдсэн олон хүний хамт Хүнчанарыг гэмтлийн эмнэлэгт аваачжээ. Тэрхүү хуучин цагийн хоёр давхар байшинд хөлөө бороолтол олон хоног хэвтэхдээ мөнөөхөн хүүг суга таягтай хонгилд явж байхыг харжээ.
-Хүүе миний хүү… Сайн уу? хэмээн Хүнчанар дуу алдан тэврэв. Тэр цагаас хойш Хүнчанар хүүгээс салсан нь үгүй. Тэр хүуг Дархан хотын нэгэн багш багаасаа дуулж хөгжимдөх авьяастай хэмээн урлагийн сургуульд бүртгүүлж өгөөч хэмээн захисан байлаа. Хүнчанар хэдэн өдөр гүйж, бүр сайд дарга нар дээр орж баймааж хүүг бүртгүүлжээ. Хүү үнэхээр авьяастай нэгэн байв. Гэм нь галт тэрэгний ослоос цонхоор шидүүлэхдээ хөлөө гэмтээсэн тул бага зэрэг маажиг доголон болжээ. Тэр ямар хамаатай. Хүү харин хэдэн жил Хүнчанарын гэрт байж урлагийн сургууль төгсчээ.
* * *
Жаахан охин Хүнчанар өвөөг хүссэн айлд нь түшсээр оруулж өгөв. Хотын гангацуул шиг тохижсон дөрвөн өрөөнийхөө нэгэн буйдан дээр Галсан хажуулдан хэвтэж байлаа. Царай нь хүрзийн одоохон ходоодоо эргэтэл бөөлжих нь үү дээ гэмээр муухай царайлах ажээ.
Ямар нэгэн явдалд хэмжээ хязгаар байх л ёстой бол одоо тэр нь болсон баймаар… Алийн болгон Хүнчанар түүний шарын тайлан гүйх билээ. Гэвч Хүнчанарт өнүүхэн боловч хүн Хайрлах сэтгэл байгаа тул шилтэй архиа халааснаасаа гарган өглөө.
Галсан амаа нэгэнтээ хайхрамжгүйхэн шудран арчаад мөнөөхөн шилтэйгийн бөглөөг мултлан шилэн аяганд хол хол хийлгэн. хийв. Тэгээд Хүнчанарыг ярвайн дотор муухайртал ус мэт залгилжээ. Хүнчанар зогссоор л байв. Галсан суу ч гэсэнгүй.
Ай чааваас… Энэ хүн хэзээ ч билээ архи уудаг байсан бол, одоо архи түүнийг уудаг болжээ хэмээн Хүнчанар халаглан бодлоо. Бүх насаараа л энэ хүнийг өөд татах гэж Хүнчанар хичээсэн. Сургуулиа төгсөхөд нь театрт боломжийн ажилд оруулж өгсөн. Овоо хэдэн жил авьяасаараа зүтгэн нэрд гарсан нь үнэн. Тэгээд найруулагч болжээ. Сайн ч найруулагч байсан даа хөөрхий минь. Харин сүүлдээ архинд оржээ. Үе үе ингэж Хүнчанарыг тэр дуудан шараа тайлуулдаг болсон. Нас нь яагаа ч үгүй байдаг. Яана даа энэ амьтан… хэмээн Хүнчанар бодон зогссоор…
Галт тэрэгнээс хүмүүсийг буулган түргэн тусламж зэрэг зэрэг ирж сувилагч нар дамнуур дээр хөл гар нь хугарсан, түлэгдсэн шархтсан хүмүүсийг тавилан зөөж байхад Хүнчанар хэдий хөл хугархай ч,
-Та минь ээ тэнд нэг хүү… Нэрийг нь Галсан гэдэг дээ. Олоод өгөөч… хэмээн хашгирч л байсан. Тэр хүү одоо том болоод баян гэрийнхээ буйдан дээр шартан үхэх гэж нүдээ анин хэвтэж байгаа нь энэ шүү.
-Аа муу Билгүүн өвгөн… хэмээн эцэст Галсан согтуу дуугаар хашгирав.
-Яаж байна даа миний хүү. Бие нь гайгүй юу?
-Чи яах гэж ирээ вэ? хэмээн Галсан бүр агсан тавих шинжтэй өндийв.
-Үгүй хүү минь чи өөрөө дуудаа биз дээ. Шартаж үхлээ гээд… Би өчигдөр тэтгэврийнхээ хэдийг аваад… Гэрээ дулаалах гэсээр оройтож… гэж Хүнчанар аргадах гэтэл Галсан:
-Хаана байна, тэр архи чинь… хэмээн агсарав.
-Хүү минь битгий их уу. Наад диваны чинь өмнө архи чинь байна. Дотроо засаад сайхан амар. Багш нь шөл хийж өгөх үү?
Галсан гараа хөнжлөөсөө гаргаж явган ширээн дээр байгаа архийг авч шилээр нь ам руугаа хөнтрөв.
-Хэрвээ хүмүүн цэцэгхэн гэвээс… хэмээн согтуу дуугаар ханын шохой холтрон унатал дуулж гарлаа.