Пудрийн хор гэж юу вэ?
Энгэсэгний найрлаганд ихээр агуулагддаг цайр, тугалга нь удаан хугацаагаар хэрэглэх явцад арьсны гүнд шингэдэг бөгөөд угааж цэвэрлэхэд наашлан гардаггүй аж. Зөвхөн пудр ч биш бидний өвлийн турш амьсгалдаг саарал утааны найрлаганд ч хүнд металь, хар тугалга ордог юм. Арьсны гүнд хуримтлагдсан хар тугалгыг гаргахын тулд тусгай бодис болон арьсны индүүг ашиглан гадагшлуулдаг үйлчилгээг пудрийн хор тайлах гэж нэрлэдэг. Энэ үйлчилгээг авсан бүсгүйчүүдийн зарим нь дараа нь крем пудр шингэхдээ сайн болсон учраас таалагдсан гэж хэлдэг бол, зарим нь арьсыг нь гэмтээсэн учраас таалагдаагүй гэцгээдэг Тиймээс эерэг, сөрөг талаас нь бичлээ.
Эерэг талууд:
Бидний яаж ч хичээгээд цэвэрлэж чадахгүй бохирдлоос салгаж чадна. Арьсны хөхрөлт арилж, пудр кремний шингэлт сайжирна. Гүнд хуримтлагдсан бохирдлыг нэвтлэн ялгаруулсан учраас аьсны уян хатан чанар сайжирч зөөлөн өнгөлөг, толигор булбарай болно. Цайрыг гаргаснаар арьсны бохирдлыг бүрэн арилгаж, эд эс сэргэн, цусан хангамж сайжирна. Үйлчилгээг иллэг, индүүдлэгийн аргаар хийдэг учраас таагүй зүйл мэдрэхгүй.
Сөрөг талууд:
Гоо сайханчид пудрийн хор тайлуулах үйлчилгээг ойр ойрхон хийлгэх нь нүүрний арьсанд тийм ч таатай гэж үздэггүй аж. Учир нь арьсны бүр гүнд шингэсэн металан бохирдлыг авахын тулд маш хүчтэй үйлчлэлтэй бодисоор арьсыг бүрхдэгтэй холбоотой. Энэ нь арьсыг цочроож болзошгүй. Энэ үйлчилгээг хийлгэсний яг дараахан пудрийн шингэц сайжирч, арьс зөөлөрдөг нь хүчтэй бодисын нөлөө. Тиймээс бүсгүйчүүдэд дахин дахин хийлгэх хүсэл төрдөг аж. Гэхдээ байн байн хүчтэй бодис нүүрэндээ түрхүүлэх нь арьсны өнгөн талын давхаргад гэмтэл учруулж болзошгүйгээс гадна түрхсэн крем пудрын хар тугалгыг шингээн авах, уусгах чадвар нь урьд урьдынхаас бүр илүү сайжрах сөрөг нөлөөтэй байдаг байна.
Тийм болохоор зөвхөн шингэц сайтай болдог гэдэг шалтгаанаар орохгүй байхыг зөвлөе. Харин олон жил өдөр алгасалгүй зузаан пудрддэг байсан бол арьсны гүнд хар тугалга их байх нь тодорхой учраас 6 сараас багагүй хугацаанд хийлгэх нь зүйтэй.