Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Ё.Нямжав хүрээний хүүхнүүдээс цахиур хагалж, хөдөө нутгаас төрсөн мисс хэмээгддэг. Учир нь тэрбээр Завхан нутгаас төрсөн мисс.
Алтан эрдэнийн титэм зүүснийхээ дараа “Хатан-Эрдэнэ” холбоонд ажилласан цорын ганц мисс.2001 онд Улаанбаатар хотын миссийн тэмцээний ялагч болж улмаар “Монголын сайхан бүсгүй”-н титмийг хүртсэн энэ бүсгүй мөн ондоо БНСУ-д 50 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй уралдан гуравдугаар байранд орсон нь бусдаас тэргүүлж Монголын мисс болсон гэсэн дуу шуутайхан хэл амыг нам дараад авсан. Ийн ганцхан жилийн дотор ёстой тэсрэл хийж, гэнэт гарч ирсэн мисс бүсгүй гэнэт гарч ирсэн шигээ гэнэт усанд хаясан чулуу шиг болж орхисон. Түүний анхны нөхөр нь Од хэмээх хувийн бизнес эрхэлдэг, бодибилдингээр хичээллэдэг нуруулаг залуу байв.
Удаж төдөлгүй мисс Ё.Нямжав нөхрөөсөө саллаа, нөхөр нь хартай шартай, гар хүрдэг байжээ гэсэн мэдээлэл чөлөөт хэвлэлүүдийн эхний нүүрийг чимж эхэлсэн ч мисс бүсгүй ямар нэгэн тайлбар хийлгүйгээр алга болсон юм. Сураг сонсох нь Сингапурт суралцахаар явсан байлаа. Өөрөөсөө гурав дүү нөхрөөсөө салж, хүүтэйгээ үлдсэн мисс бүсгүй сэтгүүлч мэргэжилтэй. Хятадад зуун хувь төрийн тэтгэлэгээр суралцсан, боловсрол мэдлэг өндөртэй нэгэн. Гэвч түүний хувийн амьдрал ээдрээтэй.
МАН-ын нөлөө бүхий гишүүн, том бизнесментэй амрагийн харьцаатай гэдэг шуугиан тарьж явсан мисс бүсгүйг Цэрэнпунцаг гарьдтай хайр сэтгэлийн холбоотой байсан гэдэг мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан удаатай. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг мисс Ё.Нямжав “Миний амьдралд хоёр дахь хүн гэж байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэр хүний нийгэмд эзлэх байр суурь олон талын нөлөөнд нь автаж энэ харилцааг үүсгээгүй. Хэн хэн нь бодож үзсэний эцэст харилцаагаа төгсгөл болгосон. Тухайн үед бид хоёрын хооронд сэтгэл зүрхний асуудал байсан болоод охин маань төрсөн. Тэр хүний сэтгэл нь миний сэтгэлийг татсан. Миний сэтгэл тэр хүний сэтгэлийг татсан учраас бид хоёрын хооронд энэ асуудал үүссэн. Үүсгэж чадсан шигээ бид хоёр бас дуусгаж чадсан” хэмээн хэвлэлээр зоригтой мэдэгдэж байсан мисс бүсгүй маань гэнэтхэн улс төрд хөл тавьж, МАН-д элсжээ.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт хуралдсан МАН-ын дэргэдэх НАМЭХ VI чуулганд төлөөлөгчөөр оролцож, Удирдэх зөвлөлийн 21 гишүүний нэгээр сонгогдсон байна. Тэрээр ирэх 2016 оны сонгуульд Завхан аймгаас нэр дэвших бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Энэ тойрогт МАН-аас Д.Балдан-Очир, Ш.Сайхансамбуу, Д.Оюунхорол нар нэр дэвшиж өрсөлддөг. Хоёр мандаттай тойрог. Харин Д.Балдан-Очир улс төрийн амьдралаас түр завсарлага авч, Д.Оюунхорол ирэх сонгуульд мандатаар орохоор бэлтгэлээ базааж байгаа учраас мисс Ё.Нямжав тойрог олдоно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд байн байн Завхан руу нисэж сонгуулийн ажлыг бэлтгэлдээ гарчээ.
Эх сурвалж: http://www.shudarga.mn/news/17120.html