Венец хотын усны түвшин жилээс жилд дээшилж байгаа нь далайн усны түвшин нэмэгдэж эхэлсэнтэй холбоотой гэнэ. Эрдэмтдийн өмнө нь хийсэн судалгаагаар Венец бат бөх ч зүүн тийш бага багаар хазайна хэмээн тайлбарлажээ.
Гэтэл уг хот ганцхан жилд хоёр мм-ээр “намсаж” байгаа талаар Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн Далай судлалын институтийн газарзүйч Иегуди Бок баталсан байна. Түүний тооцоолсноор хэрэв Венец хотын доорх ус энэ эрчээрээ нэмэгдсээр байвал ирэх 20 жилд хотын 80 мм газар усанд орох нь.
Тэрбээр Майамигийн их сургууль болон Италийн “Теле-Рилэваменто Европ” компанитай хамтран 2000-2010 оны байдлыг харьцуулсан судалгаа хийхэд хотын хойд хэсэг гурав хүртэл, өмнөд хэсэг нь 3-4 мм живснийг тогтоожээ. Энэхүү судалгааг энэ сарын 28-нд “American Geophysical Union” сэтгүүлд нийтлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Уг нь олон жилийн өмнө хийсэн судалгаагаар хотыг ус сорж байгааг эрдэмтэд тогтоосон ч 2000 онд энэ үйл явц зогссон хэмээн мэдээлжээ. Энэ удаагийн “живэлт” нь уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн тектоник хөдөлгөөнтэй холбоотой гэнэ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Венец хотод буух үерийн давтамж ихэссэн байна. Венецийг аврахын тулд үерийн хамгаалалтын даланг олноор байгуулж эхэлсэн бөгөөд энэ ажилд олон тэрбум ам.доллар зарцуулах болжээ.
Р.ЦЭЦЭГ /mongolnews.mn/