Уншигчдын маань ихэнх нь кино сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа найруулагч Кристофер Ноланы бүтээл болох Interstellar-ийг үзэхээр төлөвлөсөн байгаа гэж бодож байна.
Энэ кино нь 11 дүгээр 14-өөс эхлэн зөвхөн Өргөө кино театрын сүлжээгээр гарах юм. Кино театрынхан нээлтийн арга хэмжээг ШУА-ийн Одон Орон Геофизикийн Судалгааны Төвтэй хамтран зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр Одон орон, Геофизикийн судалгааны төвийнхөн сансар судлалын хүрээнд хийж буй ажлаа танилцуулах бөгөөд уг кинотой холбоотой сонирхолтой яриа өрнүүлэхээр төлөвлөжээ. Ямартай ч дэлхий дахин анхаарлаа хандуулаад буй Интерстеллар киног дэлгэцнээ гаргах болсонд нь талархаж, цаашид шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэдэвтэй олон киног гаргаж байгаасай гэж Өргөө кинотеатрынханд уламжилж байна.
Interstellar кино нь бодит, шинжлэх ухааны ойлголтууд болох нейтрон одод, хар нүх болон цаг хугацааны суналт зэрэг ойлголтуудад суурилсан юм. Хэрвээ та эдгээр зүйлсийн талаар бага ч гэсэн ойлголттой байхгүй бол энэ киноноос хангалттай сэтгэл ханамжийг авч чадахгүй байж болох юм.
Энэхүү кинонд, сансрын хайгуулчдын баг “өтний нүхээр” дамжин манай орчлон ертөнцийн гадна юу байдгийг нээж илрүүлэх аянд гарна. Аялалын багийг юу хүлээж байгаа бол?
Тэд даалгавараа биелүүлэхийн тулд орон зай, цаг хугацааны эсрэг сөрөх болдог. Энэ сансрын аялал нь зарим нэг бэрхшээлтэй учрах боловч физикийн шинжлэх ухааны зарим онол, үндэслэлд тулгуурлснаар багахан ч гэсэн биелэх найдлагатай болдог.
Хэрвээ та дараах физикийн ойлголтуудыг ойлгож чадвал, чадварлаг найруулагчийн шинэ бүтээл таныг өөртөө уусгана гэдэгт эргэлзэхгүй байна.
Ингээд та бүхэндээ кинонд өгүүлэх физикийн 5 ойлголтын талаар товч тайлбарыг хүргэж байна.
Сансарт жингүйдлийн орчинг үгүй болгох
кинонд гарах сансрын хөлөг
Бидний хувьд, өөрөөр хэлбэл хүмүүс урт хугацааны туршид сансрын аялал хийхэд хүрвэл тулгарах том бэрхшээл бол жингүйдлийн орчин юм. Дэлхий дээр хүний бие татах хүчний улмаас байнгын даралтын нөлөөн дор байдаг. Харин эх дэлхийгээсээ тасран задгай сансарт жингүйдлийн орчинд орвол тэнд татах хүч үйлчлэхгүй даралт байхгүй учраас урт хугацааны аялал хийвэл хүний булчин маш ихээр сулрах болно.
Энэ асуудал “interstellar”-ийн аялагчдын хүндхэн асуудал байх болно.
Энэ асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэд сансрын хөлөг дотор жингүйдлийг үгүй болгосон байна. Энэ арга нь энэхүү кинонд гардаг шиг сансрын хөлгийг эргэлдүүлэх арга юм. Ингэснээр төвөөс зугтах хүч үүссэнээр дэлхийн татах хүчтэй адил хөлгийн хананд тулж даралтын орчинд орох болно.
Магадгүй та бүхэн эргэдэг сандал дээр суугаад хурдтай эргэлдэхэд төвөөс зугтах хүч үйлчилж байдгийг амьдралын туршлагаасаа мэднэ байх.
Эргэлдэж буй сансрын хөлгийн хувьд, нисгэгчийн гишгэж буй хана нь шалыг орлож байдаг.
ХАР НҮХ
Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Хар нүхийг тойроод эргэн гарах боломжгүй үзэгдлийн хаяа гэдэг математикт тодорхойлсон гадаргуу байдаг. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Тийм учраас хар нүх хэмээн нэрийдсэн.
Өөрөөр хэлбэл, тухайн хаяанд хүрсэн бүх гэрлийг сорж юу ч ойлгуулдаггүй ба яг л термодинамикийн төгс хар биет шиг байдаг.
Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч түүнийг үзэгдлийн хаяаныхаа гадна талаарх бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаа байдлаар нь ажиглан илрүүлж болно. Жишээлбэл, хар нүхэнд татагдан орж байгаа хий, тоосонцрыг ажиглах боломжтой. Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч (турбулент хөдөлгөөн), өндөр температур хүртэл халан, их хэмжээний цацраг ялгаруулна. Ийм ажиглалтын үр дүнд манай ертөнцөд хар нүх бодитой оршин байна гэдгийг шинжлэх ухааны үндэстэй нотолсон.
Гэрлийг өөрөөсөө холдуулахгүй барьж байх хүчирхэг татах хүчин бүхий биет байж болох тухай дүгнэлтийг 1783 онд анх Английн одон орон сонирхогч Жон Мишел хийсэн. 1795 онд Францын физикч Пьер Симон Лаплас тооцооныхоо үр дүнд тулгуурлан мөн адил дүгнэлт хүрсэн.
Энэ сэдвээрх зарим судалгаанаас хар нүх нь татагдсан бодисыг эцэс төгсгөлгүй өөртөө агуулсаар байдаг биш харин Хокингийн цацаргалт хэмээх үзэгдлийн явцад дулааны энерги хэлбэрээр аажмаар цацаргадаг бөгөөд нас нь ч хязгаартай байдаг гэсэн дүгнэлт хийгддэг. Гэвч квант таталцлын онолыг оролцуулсан хар нүхний бүрэн зөв загвар одоогоор эцэслэн боловсрогдоогүй байна.
ӨТНИЙ НҮХ
Interstellar кинонд гарах сансрын уудам дахь бас нэгэн сонирхолтой зүйл бол аялалын багийнхны ашигладаг, одоогоор физикийн шинжлэх ухаан хараахан баталж чадаагүй байгаа өтний нүх юм.
Өтний нүх хэмээх ойлголтыг физикт анх 1935 онд энэхүү онолыг дэвшүүлсэн эрдэмтдийн нэрээр буюу Эйнштейн-Розены гүүр хэмээн нэрлэнэ. Гол санаа нь аливаа биеийн масс их байх тусам орон зай цаг хугацааг улам ихээр муруйлгадаг учир асар их масстай хар нүх нь орон зай цаг хугацааг үлэмж хэмжээгээр маш гүн муруйлгана.
Хоёр өөр газар байгаа 2 хар нүхнүүдийн ингэж айхтар муруйлгасан орон зай цаг хугацааны хэсгүүд угаараа нэгдэх маягаар тэр 2-ыг холбосон түнел бий болгох бололцоотой гэсэн таамаг юм.
Харьцангуйн онолын үүднээс ийм зүйл байх бололцоо бий боловч, энэ нь маш тогтворгүй байна. Өөрөөр хэлбэл матери байнга урсаад явж байдаг тийм түнел манай ертөнцөд байхгүй, байлаа гэхэд онолын дагуу агшин зуур бий болоод ямар ч матери зөөвөрлөхөөсөө өмнө алга болох ёстой. Ийм зүйлийг тогтвортой байлгахын тулд харьцангуйн онолын тэгшитгэлүүд нь сөрөг энергитэй материйг шаардана.
Кинонд сансрын аялагчид өтний нүхээр дамжин маш богино хугацаанд бидний төсөөлж ч чадхааргүй хол зайг туулах боломж олгодог тухай гарна. Гэвч энэ нь онолын л ойлголт гэдгийг дээр дурьдсан. Ажиглалтын үүднээс ийм зүйл байдаг гэх ямар ч баримт бас хэмжилт байдаггүй.
ЦАГ ХУГАЦААНЫ СУНАЛТ
Харьцангуйн ерөнхий онолоор гравитацийн оронд цаг хугацаа удаашрана. Энэ нь дэлхий дээр туршилтаар нотлогдсон бодит үзэгдэл юм. Энэ нь цаг хугацаа харьцангуй байдгаас бий болдог, өөрөөр хэлбэл цаг хугацаа нь өөр өөр орон зайн хүрээнээс хамаарч янз бүрийн хурдтай болно гэсэн үг юм.
Хэрвээ та маш хүчтэй таталцлын орон зайд байгаа бол таны хувьд цаг хугацаа нь арай бага таталцалтай орон зайд байгаа нэгэнтэй харьцуулахад илүү удаан байна.
Илүү тодорхойлбол та кинонд гарч байгаатай адил хар нүхний ойролцоо байлаа гэхэд цаг хугацаа нь дэлхийн цаг хугацаатай харьцуулахад илүү удаан байх бөгөөд дэлхий дээр байгаа нэгэнтэй харьцуулахад та илүү удаан хөгширнө гэсэн үг юм.
Энэхүү ойлголт нь аялалын баг өөр нарны аймгийн төвд хар нүхтэй гэнэт тулгархад киноны өрнөлийг илүү бодитоор мэдрэхэд тань тусална.
5 ХЭМЖЭЭС
Алберт Эйнштейн амьдралынхаа сүүлийн 30 жилийг физикчдын “физикийн нэгдсэн онол” гэж нэрлэж буй таталцлын математик ойлголтыг байгалийн үндсэн 3 хүч болох: цахилгаан соронзон хүч, хүчтэй харилцан үйлчлэлийн хүч болон сул харилцан үйлчлэлийн хүчнүүдтэй нэгтгэсэн онол дээр ажиллаж байсан юм.
Түүхэн дахь хамгийн аугаа физикчийн нэг гэгддэг Пакистаны Абдус Салам цахилгаан соронзон хүч, хүчтэй харилцан үйлчлэлийн хүч ба сул харилцан үйлчлэлийн хүч гэсэн гурван хүчний холбоосыг олсон байна. Үүнийг бид “Их нэгдлийн онол” гээд байгаа юм.
Харин таталцлын хүч эдгээр гуравтайгаа холбогдох онол хараахан нээгдээгүй байна. Өдгөө хүчүүдийн харилцан үйлчлэлийн хоёр том онол мөргөлдчихөөд байгаа нь Харьцангуйн ерөнхий онол нөгөө нь дээр тайлбарласан гурван хүчийг нэгтгэж Их нэгдлийн онол болгосон Стандарт модель юм.
Харьцангуйн ерөнхий онол ба Их нэгдлийн онол гэсэн хоёр онолыг нэгтгэн тайлбарлах нь өнөөгийн онолын физикчдын нэг том зорилт болжээ.
Найруулагч Нолан бидний дэлхий ертөнцийг 5 хэмжээсээр авч үзсэн (орон зайн гурван хэмжээс, цаг хугацаа ба таталцлын хүч) бөгөөд үүний дотор таталцлын хүчний чухал нөлөөг харуулхыг зорьсон байна.
Киног үзчээд дахин нийтлэл оруулах болноо.