Үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Мончесс” клубын тамирчин, их мастер Т.Батчимэгийг түр хүлээлгэв. Тэрээр өчигдер ФИДЕ-гээс олгодог эрэгтэй олон улсын мастерын цол, тэмдгээ гардаж авсан юм.
-Шинэ цолоо гардаж авсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Эмэгтэй шатарчид эрэгтэйчүүдтэй өрсөлдөж, норм, цол хүртэж болдог нь оюуны спортын онцлог давуу тал. Ер нь аль ч спортод эрэгтэй, эмэгтэй тамирчдын чадамж ялгаатай байдаг. Оюуны спортод ч мөн адил. Гэхдээ бусад спорттой харьцуулахад шатарт энэ ялгаа харьцангуй багасч байх шиг. Миний хувьд эмэгтэй их мастер цолыг хүртээд таван жил болж байна. Нэгэнт эмэгтэй шатарчдынхаа дээд цолонд хүрсэн тул дараагийн дээд шат буюу эрэгтэй цолны төлөө зорьсон хэрэг.
-Эрэгтэй шатарчдын цолны эрэмбийн талаар ойлголт өгч болох уу?
-ФИДЕ-гийн дэд мастер, мастер, олон улсын мастер, их мастер гэсэн цолны эрэмбэ байдаг. Дээрх цолнуудыг оролцсон тэмцээний чансаанаас хамаарч ФИДЕ-гээс олгодог журамтай. Эмэгтэй нь ч мөн адил.
-Таны хувьд эрэгтэй их мастер болоход хэр ойртов?
-Өнөөдөр /өчигдөр/ олон улсын мастер цолоо албан ёсоор авлаа. Би 2014 оны төгсгөлд болсон сүүлчийн гранпри тэмцээнээс эрэгтэй их мастерын анхны баллаа авсан. Дараагийн томоохон зорилт нь хоёр балл биелүүлж, чансаагаа ахиулж 2500-д хүргэж эрэгтэй их мастер болох. Мөн Азийн аварга, дэлхийн аварга, дэлхийн шатрын олимпиадаас медаль хүртэх явдал юм. Хэн нэгэнтэй харьцуулахад удаан байж болох ч мөрөөдлөө алхам алхмаар биелүүлж яваадаа баяртай байна. Эцэст нь “Мончесс” клубын эрхлэгч Ц.Батсайхан багшдаа, мөн Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хороо, Монголын шатрын холбоо гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний итгэлийг алдахгүйн тулд хичээх болно.
Б.Мөнхзул /ҮНДЭСНИЙ ШУУДАН/