Аваргууд цолоо хамгааллаа. Дээд амжилтын төлөө ямагт тэмүүлдэг Патрик Чан 300 оноо авч, Германы нэрт хос Алена Савченко, Робин Шолковы нарын найман жилийн үнэнч нөхөрлөл тэдний энгэрт ДАШТ-ий дөрөв дэх алтан медалийг “ургуулж”, канад залуус Тесса Вирту, Скотт Моир нарын хайр сэтгэлийг эрхэмлэсэн тоглолт Францын мөсийг хайлуулах шахав. Дэлхийн аваргын гурван ч тэмцээнд аваргын титэмд хүрэн алдсан Каролина Костнерийн зорилго сая л биелж, төрөлх Итали улсынхаа төрийн дууллыг эгшиглүүллээ. Ийнхүү 2012 оны уран гулгалтын ДАШТ цоглог үзүүлбэр, цочирдом дуулианаар дүүрэн өндөрлөлөө.
Одоогоос 12 жилийн тэртээ ДАШТ-ийг яг энэ талбайд хүлээн авсан туршлагатай Франц улс энэ удаа ч мөн уран гулгалт сонирхогчдын харааг өөртөө татсан юм. Ноднингийн аварга Мики Андо, олимпийн аварга Евгений Плющенко нарыг ирээгүйг эс тооцвол шилдгүүд бүгд цугларчээ. Хоёр жилийн дараа Хар далайн хотод тухлах олимпийн гол найдваруудын нэг гэдгээ канад залуу Патрик Чан аргагүй л харуулав. Дэлхийн аварга Дайсуке Такахаши, эзэн орны тамирчин Браин Жубер нар саад учруулж чадсангүй. Нэг л зүйл Чаныг бусдаас ялгаруулж байлаа. Энэ нь гуравласан тулуп, аксель зэрэг хүндрэлтэй элементүүдийг гойд гүйцэтгэх чадвар хийгээд өөртөө итгэлтэй байдал. 21 настай тэрбээр мөсөн дээр шувуу мэт чөлөөтэй дүүлж чаддаг. Богино хугацаанд эзэмшсэн эл чанар түүнийг ялалтын өндөрлөгт байнга хүргэдэг билээ. Тиймээс ДАШТ-д тэрбээр энэ улирлын хамгийн өндөр буюу 273,94 оноо авч, дэлхийн хошой аварга болсон юм.
Харин Наран улсын гулгагч Д.Такахаши чөлөөт үзүүлбэрт алдаа гаргаснаар хоёрдугаар байр эзлэв. Б.Жубер чөлөөт үзүүлбэрт хоёр аксель каскадтай хослуулан дайралт хийсэн ч төгс гүйцэтгээгүй тул медалиас мултарсан билээ. Францын дэлхийн аваргын нээлтээр тодорсон 17-той Юзүрү Ханью хэмээх япон хүү ах нартайгаа халз өрсөлдөж, гуравдугаар байр эзэлснийг онцлолгүй өнгөрч боломгүй. Өсвөр үеийнхний тэмцээнд тэргүүлж, ноднин дөрвөн тивийн АШТ-д аман хүзүүдсэнээс өөр гавьтай амжилт гаргаагүй тэрбээр угтах онуудад сюрприз барих нь эргэлзээгүй. Дээр өгүүлсэнчлэн, жил бүр “ногт ганзагалан” ирдэг Каролина Костнерийн зорилго сая л биеллээ.
Ким Юү На, Мики Андо нарын эзгүйд итали бүсгүй “гаарч”, Европын дөрвөн удаагийн аварга цол дээр дэлхийн аваргын титмийг залж чадсан юм. “Ах нар”-ыг баярлуулсан тамирчин бол маргаангүй Алена Леонова. Богино хөтөлбөрт тэргүүлэгчийн эгнээнд очиж, өрсөлдөгчдөө чичрүүлсэн 21 настай тэрбээр их ирээдүй “үнэртүүлсэн” нэгэн гэдгээ батлан мөнгөн медаль дээр буулаа. Юко Кавагучи, Александр Смирнов Волосожар,Транькова нар шиг тэнцвэр алдан унаагүй тэрбээр алтан медальд хүрэх боломжтой байсан юм шүү. Дэд аваргаар тодорсон Татьяна Волосожар, Максим Транков нарыг шийдвэрлэх үед алдаа гаргаагүй бол герман хосын өмнө гишгэх байсан гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Уран гулгалтаар дэлхийд алдартай байсан тэр цагийг буцаан авчрахын төлөө ханцуй шамлан ажиллаж буй оросууд эх нутагтаа болох олимпоос “Турин-2006” шиг бүх төрөлд зөвхөн алт түүхийг чармайж буй. Е.Плющенкогийн мөрөөр замнах боломжтой гулгагчийн тоонд багтсан Артур Гачинский дөнгөж 16 дугаар байр эзлэв. Бүжгийн хосын төрөлд канад, америк тамирчдын дунд гол өрсөлдөөн өрнөсөн ч Мэрил Дэвис, Чарли Уэйт нар Тесса Вирту, Скотт Моирын толгой дээр цахиур хагалж амжсангүй.
Ганцаарчилсан, эрэгтэй: 1.Патрик Чан (Канад) 2.Дайсүке Такахаши (Япон) 3.Юзүрү Ханью (Япон)
Эмэгтэй: 1.Каролина Костнер (Итали) 2.Алена Леонова (ОХУ) 3.Акико Сүзүки (Япон)
Спортын хос: Алена Савченко Робин Шолковы (Герман) 2.Татьяна Волосожар, Максим Транков (ОХУ) 3.Нарүми Такахаши Мервин Тран (Япон)
Бүжиг: 1.Тесса Вирту, Скотт Моир (Канад) 2.Мэрил Дэвис, Чарли Уэйт (АНУ) 3.Фабьян Бурза, Натали Пешала (Франц)
П.Чан: Е.Плющенкотой өрсөлдсөн бол илүү нервтэх байсан
Дэлхийн хошой аварга болсныхоо дараа Патрик Чан дараах ярилцлагыг өгчээ.
-Ницца танд ямар сэтгэгдэл үлдээв?
– Францын энэ хот очих дуртай газруудын минь нэг. Тэмцээний бэлтгэлийн заал байрлаж байгаа буудалтай ойрхон болохоор биед амар байлаа. Чөлөө зав гарвал гадуур зугаалах бүрэн боломжтой.
-Та тэгвэл энэ хотоор хангалттай зугаалж амжжээ…
– Тийм ээ. Би эндээс шууд Монако руу явна.
-Бэлтгэл дээр өрсөлдөгчдөө хэрхэн судлав?
– Хараагүй ээ. Тэгээд ч надад энд урт хугацааны бэлтгэл хийх цаг гараагүй.
-Танд Ниццагийн мөс хэр таалагдсан бэ?
– Үнэндээ гулгахад хэцүү мөс байсан болохоор тэмцээн эхэлсэн цагаасаа хэл ам таталсан. Таалагдаагүй.
-Чөлөөт үзүүлбэрийг хамгийн сүүлд хийхдээ хэр түгшсэн бэ? Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг дээ?
– Үнэнийг хэлэхэд аливаа уралдааны салхийг хагалах нь илүү хялбар санагддаг. Дасгалаа хамгийн сүүлд хийхэд хүн бүхний хараа над дээр туссан. Тийм боловч энэ удаа би юу чаддагаа харуулахыг хичээсэн. Энэ тэмцээнд аваргалсан ч гэсэн их зүйл сурч авлаа.
-Хөгжөөн дэмжигчид зүй бус хүндэтгэл үзүүлэх байдал ч тэмцээний үеэр гарсан…
– Үзэгчид нь Бриан Жубер, Флоран Амодио нарыг балиашиглах нь зүйн хэрэг. Хэрэв Канадад ДАШТ болсон бол өөр хэрэг. Тиймээс энэ бүхэнтэй би аль эрт эвлэрсэн.
-Чөлөөт үзүүлбэр хийх үеэр унасан нь эвлэрч болшгүй алдаа байсан болов уу?
– Тийм ээ. Энэ улиралд гаргасан хэд хэдэн тэнэг алдааны нэг гэж болох юм.
-Гэхдээ та аварга цолоо хамгаалсан учраас илүү баяртай байгаа нь мэдээж…
– Бэлтгэлээ сайн хийсэн өдөр бүхэн надад аз жаргал авчирдаг. Энэ улиралд би өнгөрсөн оныхоос ч илүү хугацааг бэлтгэлд зориулсан. Гэхдээ би өөрийгөө төгс гулгагч гэж хэлэхгүй. Богино хөтөлбөр дээр сандарч, чөлөөт үзүүлбэрт ч алдаа гаргасан учраас бэлтгэл сургуулилтаа бүр ч өндөр түвшинд хийх хэрэгтэйг ойлгож яваа.
-Танаас Плющенкогийн талаар асуумаар байна. Шеффилдэд болсон Европын АШТ-д түүнийг оролцохыг харж суухад ямар бодол төрсөн бэ?
– 29 настай Плющенког тивийн аваргад гүйцэтгэлээ хэрхэн хийж байгааг хараад өөрийн эрхгүй бахархсан. Солт-Лейкийн олимпийг телезизээр үзээд түүнтэй эчнээ танилцаж билээ. Түүний насан дээр би ингэж гулгаж чадах болов уу? Харамсалтай нь энэ жилийн ДАШТ-д тэр оролцсонгүй. Түүнтэй өрсөлдсөн бол би илүү нервтэх байсан биз ээ.
Б.Өлзийтогтох /Mongolnews.mn/