Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр сүүлийн үед алимнаас (Рanonychus ulmi Koch) жимсний улаан хачиг нэлээд илрэх болжээ. Энэ оны эхний улирлын байдлаар тус боомтын улсын байцаагч нар таван удаагийн тохиолдлыг илрүүлжээ. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын “Hаoguang” компаниас иргэн Ж.Энхцэцэгийн импортолсон “Guoguang” сортын 4.6 тн алимнаас улаан хачиг илэрсэн бол гуравдугаар сард ийм тохиолдол гурван ч удаа давтагдсаны нэг нь мөн л түүнийх байсан.
Түүнчлэн урд хөршийн “Erlian hotter” компаниас иргэн Д.Ганбатын оруулж ирсэн “Guoguang” сортын 4.2 тн алим, Л.Нандинцэцэгийн авчирсан мөн сортын 0.3 тн алим хачигтай байсныг хураажээ. Хамгийн сүүлд энэ сарын 1-нд “Цэнхэр жимс” ХК-ийн импортолсон өнөөх “Guoguang” сортын хоёр тн алимнаас мөн л улаан хачиг илэрсэн байна. Дээрх 13 тн ор чим алимыг устгуулахаар Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлээд байгаа гэнэ. Улаан хачиг нь жимсний тарималд ялангуяа алим, лийр, интоорт хөнөөл учруулдаг бөгөөд гадаад хорио цээртэй хө- нөөлт шавьж юм байна.
Л.ГАНЧИМЭГ /Mongolnews.mn/