Хайр, дурлалаас бус хэтэвчнээс соёолсон гэр бүлийн амьдрал цөхөрч гүйцсэн нийгэмд хэзээ ч юм үүрээ зассан.
Өдгөө эл явдал монголын залуу охидын “хөрсөнд” үндсээ лав гэгч нь суулгаж мөчир нь мянган тийш салааллаа. Тиймээс амар хялбар арга замаар мөнгөтэй болох сэтгэлгээний доройтол биднийг алхам бүрээр нөмөрч, харийн гэх үг хатуудав уу гэмээр нутагшжээ.
Үүний жишээг баримтаар дурьдвал, гурван сая орчим хүн амтай Монгол Улс дэлхийн 80 орчим улстай ураг төрлийн холбоо тогтоосон байна. Энэ нь таван мянга гаруй Монголчууд гадаад иргэнтэй гэр бүлийн харилцаа тогтоож, дэлхийгээр тархан амьдарч байгаа гэсэн үг юм. Харин тэдний 95 хувь нь эмэгтэйчүүд гэсэн эмгэнэлтэй тоо нүдний өмнө зурайна. Үүний халхавч нь гэрлэлт гэх ариун нэр боловч ар гэр, амьдрал ахуйгаа залгуулах нь нэн тэргүүнд тавигдана. Тиймээс улс үндэстэн холбосон ураг төрлийн харилцаа өссөөр байна. Сүүлийн үед энэ тухай яриа амтай бүхний бай болж байгаа нь Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Т.Аятунгаа гэгчтэй холбоотойгоор эд гаарлаа.
Учир нь түүний үүсгэсэн гэр бүлийн харилцаа олон охидын эмгэнэлт хувь заяаг дахин сануулж байна. Өөрөөр хэлбэл, харь элгийн хүнтэй гэрлэж, бие махбодиороо доромжлол амсах, сэтгэл санааны дарамтад байнга өртөх, цаашлаад хүний наймааны золиос болох өндөр магадлалтайн жишээ боллоо. Хэдийгээр Т.Аятунгаа таван сартай А.Тэргэлсар охиноо харь нутагт алдсан гэх боловч учир битүүлэг зүйлс олон байна. Элэг нэгт түүнийг өмөөрч, эрэл сурал гаргамаар байгаа ч энэ бүхний үндсэн шалтгаан нь нас бие гүйцсэн өөрийнх нь шийдвэрээс улбаатай учраас яалтай. Тиймээс түүнд “хайрлаж зоддог” монгол занг сануулж түүнтэй холбоотой асуудлуудыг дахин сийрэгжүүлж байна.
Т.Аятунгаагийн охин А.Тэргэлсар нь өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсад мэндэлсэн байна. Харин түүний эцэг Аятунгаатай албан ёсоор гэрлээгүй учраас хүүхдийг эхээр нь овоглож Монгол Улсын иргэн гэдгийг нь батлах төрсний гэрчилгээ олгожээ. Тиймээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Филиппин улсад алдагдсан гэх Тэргэлсар охиныг хайх ажиллагааг монголын хууль сахиулах байгууллага эхлүүлээд байна. Гэхдээ гадаадад алдагдсан иргэнээ биечлэн хайх ажиллагааг хуулийн байгууллага дангаар явуулдаггүй.
Тиймээс харилцаа холбооныхоо хүрээнд, цагдаагийн байгууллага болон олон улсын хүний эрхийн байгууллагаар дамжуулан эл ажиллагааг явуулж байгаа аж. Харин Т.Аятунгаагийн “хүүхдийн эцэг охиноо хулгайлсан” гэх үгийг Филиппин улсын шүүх байгууллага няцаасан бололтой. Тодруулбал, Т.Аятунгаа, Б.Солонго нарын эсрэг Филиппин улсын шүүхэд гомдол очсон байна. Албаны хүний мэдээлж буйгаар түүний эсрэг хэд хэдэн зарга үүсгэсэн байна. Харин яг ямар утгатай зарга гэдгийг нууцалж байгаа ч “хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан” гэх гомдлыг Филиппин улсын шүүх авч хэлэлцээд Т.Аятунгаа болон Б.Солонго нарыг буруутай гэж тогтоосон байна. Тиймээс манай улсын иргэн тус улсын шүүхийн шийдвэрийн дагуу Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа аж.
Гэсэн ч Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөөний тухай хуульд Монгол Улс өөрийн иргэнээ гадаад улсад эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэмт хэрэгт шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхийг хориглодог заалт байдаг. Тиймээс Т.Аятунгаа төрийн хамгаалалтад байх нь. Харин түүний нөхөр Чарьлз Эдвард Краснийг Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа юм. Үүний дагуу түүнийг Филиппин улсын хилээр гарахыг хориглосон байна. Юутай ч гэр бүлийн маргаанаас үүдэлтэй байж болзошгүй асуудал хоёр улсын хэмжээнд яригдахад хүрлээ.
Анхаарал татаж байгаа бас нэгэн асуудал бол Чарьлз Эдвард Красни Филиппин болон Монгол улстай ямар сэжмээр холбогдсон бэ, гэх асуулт. Бид өмнөх дугаартаа түүнийг Карибын тэнгисийн зүүн хэсэгт байрлах Киттс Нэвис гэх арал улсын иргэншилтэй гэдгийг мэдээлсэн.
Энэ нь олон улсын иргэншилтэй гэх түүний төрөлх хог эсэхийг бид байтугай ханилан сууж “хаягдсан” Аятунгаа хүртэл мэдэхгүй байв. Гэтэл Аятунгаа нарт үүсгэсэн эрүүгийн хэрэг Филиппин улсын шүүхээр шийдэгдсэн нь түүний нөхөр тус улстай холбоотой болохыг харуулж байна. Харин Аятунгаа түүнийг Филиппин улсын харьяалалтай гэх мэдээллийг ор үндэслэлгүй хэмээсэн. Тэгсэн атлаа аль алиндаа “падгүй” улсыг амьдрахад таатай хэмээн сонгож, тэндээ буудалд байрлан урт удаан амьдрахаар зорьсон нь сонин. Мөн алдагдсан гэх А.Тэргэлсар охиныг хайх хугацаанд виз нь дуусч түр үнэмлэхээр эх орондоо ирсэн байдаг. Хэрвээ охин алдагдаагүй, ямар нэг шалтгаанаар тэдний амьдрал хэвийн үргэлжилж байсан бол нөхрийн талаас визний асуудлыг цэгцлэх байсан нь лавтай. Тиймээс түүний хүүхдийн эцэг хар тамхины хэргээр дээгүүрт давхидаг тус улстай аль нэг талаараа холбогдох магадлал өндөр.
Өмнө нь Чарьлз Эдвард Красниг манай улсад хөрөнгө оруулалт хийдэг компанитай гэх яриа гарч байсан. Тэгвэл сүүлийн үед “Жи Эн Ай” гэх компанийн нэр сонсдох боллоо. Тус компани нь өнгөрсөн оны тавдугаар сарын 16-нд Гонконгд үйл ажиллагаагаа эхэлж улмаар мөн оны зургадугаар сарын 11-нд Монгол улсад бүртгүүлсэн байна. Тус компани нь олон улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг аж. Гэсэн ч эл нэрийн дор мөнгө угаадаг байж болзошгүй талаар яригдаж байна. Үнэхээр өдгөө 25 настай, олон улсын иргэншилтэй, хоёр улсад хөрөнгө оруулах хэмжээний том компанитай, хүүхэд хулгайлсан хэргээр шалгагдаж байгаа Чарьлз Эдвард Красни мөнгийг амар хялбараар олдог байж болох юм. Эсвэл түүний эцэг Филилпин улсын тэрбумтан гэх “жиргээ” биелэлээ олж мэднэ.
Юутай ч хувийн карьераа эхлүүлж, эх ороныхоо загварын орон зайд багтаж шингэсэн мисс охин алсыг зориод амьдралд “тонгорууллаа”. Магадгүй “мэх мэхэндээ” гэгч болох вий дээ. Залуу. насандаа бардаж, ирээдүйд итгэлтэй алхах насан дээрээ харьд одсон бүсгүйн цуваа хэзээ дуусах юм болдоо.
Б.Ширнэн
ЭХ СУРВАЛЖ:НИЙГМИЙН ТОЛЬ