Орос улсад төрийн өндөр албан тушаалтнууд гадаадын банкуудад данс болон активуудтай байх, үл хөдлөх хөрөнгө эзэшихийг хориглосон тухай хуулийн хэрэгжих хугацаа ойртох тусам тус улсын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эл асуудалтай холбоотой мэдээ материалууд их нийтлэх боллоо.
“Шударга Орос” намын гишүүн, парламентч Илья Пономарев Төрийн думын депутатуудын ашиг орлогын тухай мэдүүлгийн үнэн бодит байдлыг шалгах комисст хандаж “Оросын либерал-ардчилсан намын “тэргүүн Владимир Жириновский болон түүний салсан эхнэрийн ашиг орлого, үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг нийтэд хүргэхийг хүсчээ. Депутатын үзэж байгаагаар, Жириновский нь өөрийн өмч хөрөнгийг эхнэртээ шилжүүлж, хуурамчаар гэр бүл салсан аж. Пономарев хэлэхдээ, Жириновский бүх хөрөнгөө эхнэртээ шилжүүлжээ, ингэхдээ тэдгээрийн ашиг орлого болон бусад хувийн өмч хөрөнгөө өөрийн орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй. Түүний эхнэрээсээ салсан нь хуурамч үйлдэл гэж Пономарёв үзэж байгаа аж. Жириновский эхнэр Галина Лебедеватай 40 гаруй жил амьдарсан. Эхнэр нь түүнийг байнга идэвхтэй дэмждэг, 2000 оны эхээр Галина Лебедева “Оросын Либерал-ардчилсан намын” эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлж байсан. 2003 онд Лебедева хосуудын харилцааны түүхийг анх танилцсан үеэс харуулсан “Амьдралынхаа турш хоёулаа” номыг гаргажээ. Тэгвэл хосуудын салах болсон шалтгаан юунд байв гэдэг нь тодорхойгүй гэжээ. Жириновский нь 4-р сард депутатуудын 2013 оны ашиг орлогын тухай мэдээлэл нийтлэгдэх үед ямар учраас эхнэрийнхээ хөрөнгийг бичээгүй гэдгээ тайлбарлаж байжээ. Тэрээр би сүмд гэрлэсэн хүн, ингэх нь ямар нэгэн нэмэлт баримт бичиг шаарддаггүй гэжээ. Гэр бүлийн харилцаанд мэдүүлэг шаардах нь иргэний гэр бүлийн товчоонд гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүст хамааралтай мэтээр тайлбар өгчээ.
Сонирхуулахад оросын хууль тогтоомжоор сүмд гэрлэсэн бол хуулийн хүчин төгөлдөр бус юм. Гэтэл үүнд Илья Пономарёв бууж өгсөнгүй. Түүний үзэж байгаагаар, Жириновский нь эхнэрийнхээ нэр дээр байдаг машиныг өөрөө унадаг, тэдний аж ахуй нэг гэдэг нь илт байдаг бөгөөд гэр бүл салсан бол ядаж өмч хөрөнгөө хуваана биз дээ. Энэ бүгд нь орлогын мэдүүлэг дээр туссан байх ёстой, гэтэл Владимир Вольфович энэ бүгдээс зайлс хийсэн нь сонирхол татаж байна хэмээн шүүмжилжээ. Хуулийн дагуу Төрийн думын депутатууд болон төрийн өндөр албан тушаалтнууд нь өөрийн болон албан ёсны эхнэр, насанд хүрээгүй хүүхдүүдийн мэдүүлгийг заавал гаргаж өгөх ёстой юм. Дашрамд хэлхэд ИТАР-ТАСС агентлаг тус улсын парламентын доод танхимыг иш татан уламжлахдаа, Төрийн думын 30 орчим депутат ашиг орлогын мэдүүлгээ өгөхийнхээ өмнө орлогоо нуун далдлахын тулд эхнэрээсээ гэр бүл салсан тухай мэдээлжээ.
Москва А.Огторгуймаа