-Тэрээр найзтайгаа хурд хэтрүүлэн давхиж байгаад осолд орон, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ-
Автомашины уралдаан, гэмт хэрэг гээд л үзэгчдийг байлдан дагуулдаг “Галзуу хурд” киноны гол дүрийн жүжигчин Пол Уолкер өнгөрсөн амралтын өдөр амиа алдлаа.
Кино урлагт түүн шиг богино хугацаанд нэг уран бүтээлээр нэр алдарт хүрч, улмаар зөвхөн нэг төрлийн жанраар олон жил үйл явдал нь хоорондоо холбоотой кинонд тоглож байсан жүжигчин цөөн.
Тэрээр АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотоос холгүй орших Санта Кларидад Порше маркийн уралдааны автомашинтай нэгэн найзтайгаа давхиж байгаад шон мөргөж, машин нь дэлбэрсэнээс амиа алдсан байна. Энэ талаар “MTV Music News” мэдээлсэн бөгөөд төд удалгүй түүний өөрийн фэйсбүүк хуудаснаа эмгэнэлийн мэдэгдэл гарч дэлхий нийтийг цочирдуулсан юм.
Энэ жил 40 нас хүрсэн Пол Уолкер “Галзуу Хурд 7” киноны зураг авалтад оролцож байсан бөгөөд түүний найз нөхөд гэр бүлийнхэнд нь харамсал илэрхийлсэн аж. Осол болсон газар шинжээчид дүгнэлтээ гаргасан байна. Пол зорчигчийн суудал дээр байсан нь тодорхой болсон бөгөөд машиныг жолоодож явсан найз нь анхаарал алдаж, замын хажуугийн шонг мөргөж улмаар машин нь дэлбэрсэн бололтой.
Цагдаагийнхан түүнийг ийнхүү осолд орсонд харамсаж буйгаа ар гэрийнхэнд нь илэрхийлж, болсон явдлыг тайлбарлахыг оролдсон аж. Гэвч гэрийнхэн нь осол болсон газар чухам юу болсныг эцсийн байдлаар олж тогтоохыг шаардсан байна. Дэлхийн мянга, мянган кино жүжигчид, урлагийн хамтран зүтгэгчид нь өөрсдийн цахим хуудсаар дамжуулан гүн эмгэнэл илэрхийлж эхэлсэн юм.
Талийгаачийн хэвлэлийн төлөөлөгч Аме Ван Иден түүний үхэлд харамсаж байгаагаа илэрхийлэн энэ долоо хоногт багтаан түүнийг оршуулах ёслолыг зохион байгуулахаа амлажээ. Пол Уолкерийн сууж явсан Порше нь 2005 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгийн машин байжээ. Гэрчүүдийн хэлж буйгаар “Улаан уралдааны машин маш хурдтай явж байсан. Дуу чимээ нь ч аймшигтай байсан. Тэгээд гэнэт дугуй нь хоёр тийш болон хурдаа сааруулж байгаад шон мөргөсөн. Тэгээд машины хамар аймшигтай болж, гал гарч эхэлсэн. Ингээд хамар хэсгээс гарч байсан гал улам хүчтэй дүрэлзсэн. Машин дотроос Пол Уолкер гарч ирэхэд нүдэндээ ч итгээгүй. Яаралтай түргэн тусламжийнхан түүнийг авч явахыг харсан. Харамсалтай нь замдаа өнгөрсөн талаар хүмүүс ярьж байсан” хэмээн мэдэгдсэн байна.
Пол Уолкер зөвхөн “Галзуу хурд” кинонд тоглоод зогсохгүй “Into the Blue”, “Running Scared”, “Eight Below” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхөлж байжээ.
Кино урлагт 1985 оноос хойш зүтгэж ирсэн түүний хувьд мөрдөн байцаагч, зодоон, дээрэм гээд л үзэгчдийн сонирхдог үйл явдал өрнөл ихтэй уран бүтээлд ажиллах дуртай нэгэн байв. Тэрбээр Калифорни мужад өсч өндийсөн аж. Мөн Ирланд, Англи, Герман гаралтай. Түүний өвөг эцэг Ирландын алдартай мэргэжлийн боксчин “Ирландын Билли Уолкер” гэдэг хүн байжээ. Шашин шүтлэгт итгэл үнэмшил ихтэй түүний гэр бүл түүнийг бага байхад шашны дунд сургуульд нь өгсөн түүхтэй. Их сургуульд байхдаа далайн амьтны биологи судалдаг нэгэн байв.
Пол өөрийн карьерийг “Памперс”-ийн зар сурталчилгаанаас эхлүүлсэн гэдэг. Мөн тэрбээр 20 гаруй настай байхдаа загварын ертөнцөд хөл тавьж, модел болсон юм. Ингээд 1985 оноос телевизийн салбарт ажиллаж эхэлжээ. Ингээд “шоу биз пицца” нэвтрүүлгээр олонд танигдсан билээ. Түүний кино урлагийн карьер 1986 онд эхэлсэн гэж ярьдаг. Тухайн онд аймшгийн дүрд тоглох санал ирсэн аж. Ингээд жижиг киноны туслах дүрүүдэд хоёр жилд нэг удаа гэх мэтээр тоглосоор 1998 он болсон. Харин 2001 онд “Галзуу хурд” кинонд түүн шиг жүжигчин хэ-рэгтэй болж Вин Диезелтэй хамтран тоглохоор болсон байна. Ийнхүү “Галзуу хурд” киноны мөрдөн байцаагч Брайн О Коннерийн дүрийг үзэгчдэд хүргэж эхэлсэн юм.
Тэрээр Калифорни мужийн Санта Барбарад өөрийн нохдын хамт амьдардаг байсан бөгөөд тухайн үеийн буюу 1998 онд найзалдаг байсан бүсгүй нь Меадоу хэмээх хүүхэд төрүүлсэн удаатай. Хэвлэлийнхэн түүнээс охин нь мөн эсэх, гэр бүлтэй эсэх талаар асуудаг байсан ч тэрээр хариулт өгөлгүй өдийг хүрсэн гэдэг. Гэр бүлийн амьдрал тогтвор суурьшилтай зохиож амжаагүй түүнийг элдэв гэмт хэрэг, ямар нэг асуудалд орсон талаар мэдээлэл байдаггүй. Жирийн нэг амьдралтай байсан түүний хувьд ажиллаж буй уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандан, дэлгэцийн төгс бүтээлийн төлөө ажилладаг байсан гэдгийг түүний ойр дотныхон онцолдог.
Ирэх онд дэлгэцнээ гарах байсан түүний “Галзуу хурд 7” киноны дүрийг хэрхэх талаар одоохондоо ямар нэг мэдээ гараагүй байна. Мөн ирэх жил гарах “Брик Мэйншион” киноны найруулагч талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Хамгийн залуу Холливудын од 2000 онд, Шинэ дүр төрх, Холливудын шилдэг жүжигчин 2001, Мтв кино шагналыг “Галзуу хурд” бүтээлээр 2002 онд, Залуусын сонголт шагналыг 2003 онд тус тус хүртэж явжээ. Түүний бүтээсэн эгэл жирийн амьдралд ойрхон дүрүүд дэлгэцийн түүхэнд мөнхлөн үлдсэн бөгөөд шүтэн бишрэгчид, кино урлагт томоохон хувь нэмэр оруулсан билээ.
Б.Баатар