Байнгын орлогогүй болж гэртээ суугаад ирэхээр мөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй тулгарах нь мэдээж. Иймд хоббигоо мөнгө болгож, санхүүгийн хараат байдлаас гарч болох хэд хэдэн аргыг санал болгохыг зорилоо.
Санхүүч бол…
Монголын бизнесийн зах зээлд олон өрсөлдөгч, жижиг компаниуд бие, биеэсээ өрсөн үйл ажиллагаагаа явуулж байна. Бүсгүй та нягтлан, санхүүч, эдийн засагч мэргэжлээр сурч төгссөн туршлагатай бол интернэт ашиглан жил болон сарын санхүүгийн тайлан тооцоо, бизнес төлөвлөгөө гэх зэргийг гаргаж, хийж өгч болно. Хэрэв ханцуй шамлан орохоор шийдсэн бол эрхлэх үйл ажиллагаатайгаа төстэй бусад компаниудын үнэ тариф, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Интернэт дэлгүүр…
Хувцас, гоёл чимэглэл, тансаг сүрчиг, гуталны талаар сайн мэддэг юм биш биз. Өдөржин Фейсбүүк ухаж, цагаа үрэхийн оронд гар дээрх бэлэн мөнгөөрөө интернэт дэлгүүр нээгээрэй. Энэ нь захиалагчдын урьдчилгаа мөнгийг ашиглан боломжит бүтээгдэхүүнийг худалдан авч хүргэж өгөх маягаар дундаас нь өөрийн ашгийг тооцон ажиллах боломжтой. Хамгийн гол нь багахан мөнгөө их болгон эргэлдүүлэхэд оршиж байгаа юм. Тууштай зан, шаргуу хөдөлмөрийг хорвоо үнэлдэг гэдгийг санаарай.
Чөлөөт нийтлэлч
Бичих авъяас, сонирхолтой гэдгээ мэддэг ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Бидний мэддэг олны танил телевизээр гардаг хүмүүсийн зарим нь мэргэжлийн сургууль төгсөөгүй, хобби, авъяас, хичээл зүтгэлийн дүнд танигдсан байдаг гэдгийг мэдэх үү? Тэгвэл шинээр байгуулагдаж буй сайт, сэтгүүлд нууц нэрээр ажиллаж болно гэдгийг санаарай. Гагцхүү овсгоо, сэргэлэн зан мэднэ.
Цэцгэнд хайртай юу?
Эмийн ургамал, тасалгааны цэцэг, хүнсний ногоо гэх мэт зүйлсийг тариалах дуртай юу? Тэгвэл өөрийн хоббигоо мөнгө болгох цаг боллоо. Гэртээ гоё, ганган цэцэг ургуулах дуртай бол үрслүүлж, чамин саванд хийгээд хүмүүст худалдаалж болно. Савтай цэцгийг тэмдэглэлт баяраар хүмүүст өгөх нь элбэг болсон. Гэхдээ нийтлэг биш ховор цэцгээр худалдаагаа эхлүүлээрэй.
Гэр цэвэрлэх үйлчилгээ
Аливаа зүйлийн гадна, дотрын өө бүрийг сайн харж, засаж, сэргээх дуртай бол гэр албан байгууллага цэвэрлэх үйлчилгээг нэвтрүүлж, ажилуулж болно. Үйлчлүүлэгч бүртээ шинэ зүйлийг санал болгож, тэдний шаардлагыг мэдэрч чадвал, хожим цэвэрлэгээний томоохон байгууллагын суурь тавигдахыг үгүйсгэхгүй. Цаг, завгүй, ачаалал ихтэй хүмүүст тусална гэдэг сайн хэрэг.
Багш
Бүжиг, хөгжим, йог гээд л дагнан хичээллэж байсан төрлөөрөө гэртээ эсвэл багахан өрөө түрээслэн авч, бага насны хүүхдүүдэд хичээл зааж, өөрийн сурсан бүхнийг бусдад түгээвэл сайхан биш гэж үү? Магадгүй дуудлагаар, цагийн багшийн ажил, үүргийг гүйцэтгэж болно.
Хатгамал, саван хийж худалдаалах
Хатгах, оёх, нэхэх элдэв шинэ зүйл турших дуртай бол хоббигоо мөнгө болгох боломж байна. Энэ нь хатгаж, нэхсэн зүйлээ худалдаалж, өөрийн үйл ажиллагаагаа олон түмэнд сурталчил. Гараар бүтээсэн зүйлс бэлэн бүтээгдэхүүнийг бодвол харьцангуй өндөр үнээр худалдаалж, үнэлдэг болсон гэдгийг бүү мартаарай. Эцэст нь дээрхи үйл ажиллагаа бүрт суртчилгаа, маркетинг чухал. Интернэтээр дамжуулан өөрийн бүтээгдэхүүнийг “брэнд” болгоорой.
Амттан, бялуу хийж худалдаалах
Хэрэглэгчдийн захиалгын дагуу амттан, нарийн боов, бялуу төрөл бүрээр нь хийж худалдаалаарай. Хүнсний бүтээгдэхүүн тул эргэлт тун сайн байдаг.