Ким Жон Уны гэргий Ли Сол Жу саяхан олны өмнө дахин гарч ирэв. Өнөөгийн удирдагчийн өвөө, аав хоёр гэргий нараа төдийлөн олны өмнө гаргаж ирдэггүй байсан юм. Харин өнөөгийн удирдагч үлгэр жишээ гэр бүлтэй гэдгээ олны өмнө дэлгэх дуртай төдийгүй БНСАУ-ын жирийн иргэн бүсгүйчүүдэд тэр бүр зөвшөөрөгддөггүй зүйл хийхэд хайхардаггүй.
Орчин үеийн Хойд Солонгос өвөрмөц төрийн тогтолцоотой гэж хэлж болно. Хэдийгээр коммунист үзэл сурталтай мэт боловч үнэн хэрэгтээ бүрэн эрхэт хаант засаглалтай гэж хэлж болно. Аливаа хаант засаглалтай улс оронд эмэгтэйчүүд тэр дундаа гэргий, нууц амраг, татвар эмс ихээхэн үүрэгтэй.
Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сен (жинхэнэ нэр нь Ким Сон Жу) 1912 онд загалмайн шашны идэвхтнүүдийн гэр бүлд төрж хожимоо Хятад руу гэр бүлийн хамт дүрвэсэн юм. 30-аад оны эхээр ирээдүйн удирдагч Хятадын коммунист намд элсч Японыг эсэргүүцэх хөдөлгөөнд идэвхтэй оролцож ирсэн. Гэвч 40-өөд онд япончуудын шахалтаас үүдэн Зөвлөлт рүү дүрвэхэд хүрчээ.
Тэрээр Ким Жон Сук-тай танилцан амьдралаа холбосон аж. Ирээдүйн тэргүүн хатагтайд хүн бүр ам сайтай байсан гэдэг. Хабаровск хотын ойролцоох Вятское тосгонд ирээдүйн Аугаа их удирдагч, генералиссимус Ким Жон Ил төрсөн юм. Хүүд Юра гэдэг орос нэр өгсөн нь эх орондоо буцахгүй, оросын армид алба хашна гэсэн санаатай холбоотой. Хожимоо төрсөн дүүг нь Шура гэж нэрлэсэн боловч золгүй явдлаас хүүхэд насандаа амь үрэгдсэн юм.
1945 оны есдүгээр сард Ким Ир Сен эх орондоо очиж шинээр тогтож буй засгийн газрыг толгойлсон аж. Пхеньян хотноо Ким Жон Сук, Ким Кен Хи гэдэг охин төрүүлжээ. Ким Жон Илийн дүү бүсгүй хожимоо оёдлын үйлдвэрийг хариуцан ажиллаж, армийн генерал цол хүртсэн нэгэн. 2013 оны арванхоёрдугаар сард нөхөр Чан Сон Тэкийг нь буудан хороосноор тэрээр улс төрийн тавцнаас алга болсон билээ.
1949 онд Ким Жон Сук төрөхийн хүндрэлээр нас баржээ. 1950-иад оны эхээр Ким Ир Сен Ким Сон Э гэх бүсгүйтэй гэрлэв. Хоёр дахь гэрлэлтээс дөрвөн хүүхэд төржээ. 60-аад оны сүүлээр Ким Ир Сен гэргийгээ Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр томилсон юм.
Гэвч Ким Жон Ил үе залгамжлагчаар тодорсноор хойд эхийн улс төр дуусч, дүү нараа өрсөлдөгч болгохгүй гэсэндээ гадаадад дипломат албан тушаалд томилсон юм. Залгамжлагчийн хувийн амьдрал нэлээд сонирхолтой. Залуудаа Ким Жон Ил эмэгтэйчүүдийн анхаарлыг татдаг, мотоцикл унах дуртай, кино сайн мэддэг, үздэг, шооч хүн байсан аж. Гэхдээ тэрээр хувийн амьдралаа нууцалсан учир одоо хэр түүний гэргий, найз бүсгүйчүүл, хүүхдийн тоо тодорхойгүй үлджээ.
Анхны хайр нь кино жүжигчин Сон Хе Рим бөгөөд тухайн үедээ Солонгостоо алдартай зохиолч Ли Ги Ёны гэргий бүсгүй. Хожимоо нөхрөөсөө салан Ким Жон Илтэй нийлжээ. Энэ холбооноос Ким Жон Нам хүү төрж, одоо тэрээр Макаод амьдарч, улс төрөөс зайгаа барьсан нэгэн. Сон Хе Рим эцэг Ким Ир Сенд таалагдаагүй учир салхад хүрсэн аж. Тэрээр сэтгэл санааны тогтворгүй байдалд орж гадаадад амьдрахаар явжээ. Амьдралынхаа үлдсэн хэсгийг тэрээр Москвад өнгөрүүлэн 2002 онд нас барсан юм.
Харин залуу Ким бүжигчин Ко Ён Хи-тэй нийлжээ. Тэр хоёрын дундаас Ким Жон Хол болон Ким Жон У хөвгүүд, охин Ким Ё Жон төрсөн юм. Харин Ко Ён Хи Парис хотноо хорт хавдраа эмчлүүлж байгаад 2004 онд нас баржээ. Өтөлж байгаа удирдагчийн сүүлчийн найз бүсгүй Ким Ок бөгөөд удирдагчаас даруй 20 насаар дүү байжээ.
Эцгийнх нь хүүхэмсэг зан хүү Ким Жон У-д таалагдаагүй учир үлгэр жишээ гэр бүлтэй байна гэж шийдсэн болов уу. 2012 оны зун засгийн эрхэнд гарсны дараа тэрээр царайлаг бүсгүйтэй байнга үзэгдэж, тун удалгүй Ли Сол Жу нь гэргий болохыг Хойд Солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуулгасан билээ.
Ли Сол Жу-гийн талаар мэдээлэл тун хомс. Тэрээр цэргийн албан хаагчийн гэр бүлд төрсөн, хөгжмөөр хичээллэж, “Моранбон” чуулгад дуулж байсан гэгддэг. Ким Жон У гэргийгээ нуудаггүй. Ли Сол Жу заавал зүүх ёстой Ким Ир Сен болон Ким Жон Ил нарын хөрөг бүхий энгэрийн тэмдэг зүүдэггүй. Ийм байдал олон хүний гайхшралыг төрүүлдэг болов уу. 2012 оны эхээр охин төрүүлсэн бөгөөд угсаа залгамжлахад нөлөөлөх асуудлыг хүртэл хөндөн тавьсан удаатай.
Эх сурвалж: “Lenta.ru”