Би өнөөдөр гэрлэх санал авлаа. Магадгүй, эмэгтэй хүн бүр ийм саналд баярлах байх. Харин миний хувьд хоёр хариулттай асуултын алийг нь сонгохоо мэдэхгүй тийм л эргэлзээн дунд орчихлоо. Яагаад гэж та бодож байна уу.
Учир нь нэгдүгээр ангид байхаас минь эхлэсэн анхны хайр өнөөдөр ч миний сэтгэлийг догдлуулж, эргэлзээнд дунд амьдруулсаар. Бид хоёр нэг ангид сурдаг байлаа. Нэг ширээнд суудаг хэдий ч ангийн найзууд биш харин хамаатан садангийн дэрсхэн хүүхдүүд байсан юм. Хэдий хамаатан ч гэлээ бидний судсаар өөр цус гүйдэгт энэ бүх эргэлзээт хайрын минь хүлээлт байна. Хамаатан гэдэг үг одоо хүртэл биднийг тусгаарласан өндөр хана болсон хэвээр…
Түүнийг Бодио гэдэг. Тэр минь тун сайхан үнэртэй. Нэг өдөр би эмээдээ загнуулаад жигтэйхэн их гомдож, гадаа гүйж гараад цурхиран уйлж билээ. Тэр үед нүүрээ дарсан гарнаас минь түүний үнэр үнэртэж сая нэг тайвширч байсансан. Бид байнга л хамтдаа. Ангийн охид хөвгүүдээс хамгийн өндөр нь бид хоёр учраас нэг ширээнд хамт суудаг байлаа. Хичээлээ тараад орой болтол хамт тоглоно. Даалгавараа хийсэн ч гэрийхэн маань хамт суулгадаг байлаа. Бие биенийхээ гэрт очиж хононо. Учир нь бид хамаатан шүү дээ. Орой оддыг харан суунгаа зовлон жаргалаа хуваалцаж суудагсан. Тэр миний хувьд хамгийн үнэнч сонсогч, хамгийн итгэлт хүн бас хамгийн хайртай ханхүү минь байлаа. Гэхдээ тэр миний хувьд ийм үнэ цэнэтэй хүн гэдгийг би хэзээ ч түүнд хэлж байгаагүй. Харин аравдугаар ангиа төгсөөд удаагүй байтал Бодио манай гэрт ирсэн юм. Бид хэсэг гадаа суухаар гархад гэнэт намайг тэвэрснээ ” Би чамд хайртай” гэж хэлсэн. Энэ үед би баярлах, гайхах хоёр зэрэгцээд юу ч хэлж чадалгүй хэсэг зогсоод “Намайг хэн нэгэнтэй андуураад байгаа юм уу, би чиний хамаатан шүү дээ” гэхэд тиймээ, гэхдээ би чамд хайртай, тэглээч бидний цусаар өөр цус гүйж байгаа шүү дээ гэж хэлэхэд сая нэг тайвширсан мэт түүнийг чанга тэвэрлээ. Бид юу ч ярилгүй бие биенийхээ үнэрийг мэдрэн тэврэлдсээр байсан тэр үдшээс хойш ахин хайртай гэдгээ хэлээгүйтэй адил дахин уулзаагүй юм. Гэхдээ хамаатан учраас сураг нь байнга л сонсогдоно. Бодио надруу залгаад яаж байгааг минь асуухад нь юу ч дугаралгүй түүний хоолойг нь сонсоод л баймаар санагддаг.
Дараа нь би найз залуутай болсон. Тэр минь тун сайн залуу. Надад хайртай, миний төлөө бүхий л зүйлээ дэвсэж чаддаг тийм л хүн. Би түүнд хайртай гэж өөрөө итгэдэг ч гэрлэх санал авсан энэ өдөр яагаад ч юм урд урдныхаас илүүтэйгээр хүүхэд насны анхны хайр Бодиогоо бодож түүнрүү яваад очмоор санагдаж байна. Бид цусан төрлийн хамаатан биш учраас боломж байгаа юм шиг хирнээ энэ бодол хэзээ ч бүтэхгүй мэт бодогдох юм. Хамаатан гэх ханыг нэвтлэн сэтгэлийн гүн дэх хайртайгаа уулзах уу. Намайг гэх хайранд нь уярч, гэрлэх саналыг нь зөвшөөрөн хүний хүн болох уу. Би яах ёстой юм болоо. Надад туслаач… Яахыг минь хэлж өгөөч дээ хүмүүсээ.