Реалити шоуны од Ким Кардашяны үйл хөдлөл, үг яриа үргэлж хэвлэлийнхний анхаарлыг татаж байдаг. Сагсан бөмбөгчин Крис Хампристай гэрлэж нүсэр хурим хийсэн ч удалгүй салж, оддын хамгийн богино настай гэрлэлтээр бүртгэгдсэн.
Тэрбээр “Космополитан” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Салалт надад хүндээр туссан. Тиймээс хэн нэгэнтэй шинэ харилцаа үүсгэнэ гэдэгтээ итгэлгүй байна” хэмээн ярьж байсан ч удалгүй дотнын найз хөгжимчин Кэни Весттэй болзож эхэлсэн нь олон хүнд таалагдахгүй байгаа билээ.
Холливудын оддоос эхлээд жирийн иргэд хүртэл дүргүйцлээ илэрхийлж эхэлсэн. Саяхан шоуны үеэр Кардашян 2017 онд Калифорни мужийн Глендал хотын захирагчийн суудалд өрсөлдөнө хэмээн гэр бүлийхэндээ ярьжээ.
Тэрбээр “Би шийдчихсэн. Тиймээс би тэнд шинэ байшин худалдаж авахаар төлөвлөж байгаа” хэмээжээ. Глендал нь армян үндэстэн төвлөрөн суудаг томоохон хотуудын нэг юм. Кимийн угсаа армянчуудтай салшгүй холбоотой учир таван жилийн дараа хотын захирагч болно гэдэгтээ тун ч итгэлтэй байгаа аж.
Ц.ОЮУНТУНГАЛАГ
www.UNEN.mn