Хүсээгүй жирэмслэлт эмэгтэй хүн бүрийн айдас байдаг гэхэд болно. Тэр зүйл огт төлөвлөөгүй байхад, хүсэн хүлээгээгүй байхад хаанаас ч юм хүрээд ирсэн байдаг. Тэр цагт шийдвэрийг хэрхэн гаргах нь эмэгтэй хүний хамгийн хэцүү цаг мөч байдаг. Амьдралын энэ зовлонт мэдрэмжийг туулаад өнгөрсөн хүний хувьд уншигч та бүхэндээ энэхэн захидлаа хүргэж байна. Яг энэ өдөр, одоогоос 11 жилийн өмнө оюутан байхдаа гэнэт жирэмсэн болсноо мэдсэн билээ. Эргэцүүлж бодох ч сөхөөгүй тэр зүйлээс ангижрахыг л би хүсэж байсан. Ингээд аймшигт өвдөлт, 3 хоногийн халууралт, биед биш сэтгэлд үлдсэн шархаар энэ явдлыг төгсгөл болгосноо санаж байна. Гэвч тэр үеэс хойш үе үе бодогдох болсон тэр түүхийг би өөртөө төгсгөл биш харин насан туршдаа бодож шаналж явах зовлонгийн эхлэл болгож орхисноо ухаарсан юм. “Тэр минь хүү байсан болов уу охин байсан болов уу, өдийд тэдэн настай байх байсан даа, хэнтэй адилхан байх байсан бол, ямар хүн болох байсан бол…” гэх мэт бодлууд хөвөрдөг. Бурханаас хүн болох гээд ирсэн амьтныг үгүй хийчихсэн би нүгэлтэй хүн. Тиймээ, охид бүсгүйчүүддээ, залуу хойчдоо захихад сэтгэлд зовлон болон хоцордог ийм зүйл хийхгүй байхын тулд хичээж амьдраарай гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна. Магадгүй олон олон ээжүүдэд ийм нэгэн нууцхан шаналал зүрхэнд нь хургасан байдаг буйзаа. Хүн болж амжаагүй, ЭХО-ны дуранд хөдөлж байсан тэр өчүүхэн жижигхэн үр хөврөл минь, диваажингийн хотхон гэж байдаг бол тэндээ үүрд мөнх амгалан оршоорой.
Эмэгтэйчүүд