АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын дүрвэгсдийн тухай мэдэгдэл Америкийн үнэт зүйлсэд харшилж байна гэж Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли мэдэгдлээ.
Трамп Исламын шашинтай хүмүүсийг АНУ руу нэвтрэхийг хориглох хэрэгтэй, хууль бус цагаачдыг эх орондоо оруулахгүйн тулд Мексикийн хил дээр хана босгоно гэсэн билээ. Тэгвэл Анжелина Жоли энэ талаар “Америкийг эрх чөлөө түүн дотор ялангуяа шашны эрх чөлөө хайж ирсэн хүмүүс босгосон, бүтээн байгуулсан. АНУ-ын Ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөж буй хүний амнаас ийм үг сонсох миний хувьд хэцүү байна” хэмээн ВВС-д өгсөн ярилцлагадаа хэллээ.
Европын орнуудын толгойны өвчин болоод буй дүрвэгсдийн асуудлыг шийдэхийн тулд уг асуудлын үндсийг нь олох хэрэгтэй. Европт бөөнөөр шилжин дүрвэж байгаа нь даяарчлалын хямрал гэж жүжигчин бүсгүй үзэж байна. Жоли НҮБ-ын Дээд комиссарын удирдлагын дүрвэгсдийн асуудал хариуцсан Сайн санааны элчээр ажилладаг юм.
Мөн тэрээр дэлхийн улс орнуудын эрх баригчдад хандан өөрсдийн хүн амын ашиг сонирхлыг харгалзаж үзэхийн зэрэгцээ дүрвэгсдийн асуудлыг шийдэх тайван зам хайхыг уриалсан байна.
Эх сурвалж: ВВС
Х.Көгершин | GoGo.mn