МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилгаа хоёр эмэгтэйн цөсийг хөөргөж олны өмнө гаргасан юм. Нэг нь Иргэний хөдөлгөөн, хүний эрхийн хуульч гэдэгээрээ олны танил болсон М.Ичинноров. Нөгөөдөх нь Орифлеймийн нүүр царай болсон Г.Оюунгэрэл. Н.Энхбаярыг баривчилгаа хүний эрхийг зөрчсөн гэж мэдэгдээд М.Ичинноров МАН-аасаа гарсан. Харин Г.Оюунгэрэл Н.Энхбаярыг өмгөөлж МАХН-д элсэж байгаагаа тунхагласан юм. Ийнхүү Н.Энхбаярын баривчилгаа олны танил хоёр эмэгтэйн сонголтыг өөрчилжээ.
Хамгийн сонирхолтой нь Г.Оюунгэрэл маш эрсдэлтэй сонголтыг хийжээ. Тэрээр Орифлеймийн сүлжээнээсээ бүр мөсөн гарч байж МАХН-д элсчээ. Учир нь Орифлеймийн сүлжээнд хоёр онцгой заалт байдаг аж. Орифлеймийн сүлжээнд ажиллаж байгаа хүн нэгдүгээрт ямарваа нэгэн намын харъяалалгүй байх ёстой. Хоёрдугаарт, ямар нэгэн шашны зүтгэлтэн болох ёсгүй аж. Хэрэв энэ хоёр сонголтын аль нэгийг хийхээр бол Орифлеймийн сүлжээнээсээ гарах ёстой байдаг гэнэ. Энэ заалтын дагуу Г.Оюунгэрэл Орифлеймийн сүлжээгээ бүрмөсөн орхижээ. Харин цаг минут тутам мөнгө өөрөө орж ирдэг уг сүлжээгээ охиндоо өвлүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Орифлеймийн бизнесийг Монголд дэлгэрүүлж, Азиас анх удаагаа хамгийн том цолд хүрч, дэлхийд зургаад бичигдсэн гэгддэг түүнд ашиг орлого сонин биш Н.Энхбаярын гэнэтийн баривчилгаа сонирхол татсан бололтой. Хожим тэрээр энэ сонголтондоо харамсах ч байж мэднэ. Улс төр түүнд хатуу ширүүн даваа гэдэгийг хэзээний л ойлгосон байх ёстой хүн. Учир нь түүнийг урьд өмнө Б.Жаргалсайхны намд удирдах алба хашиж байсныг олон хүн мэднэ. Угийн хэдэр Б.Жаргалсайхантай муудалцаж гараад Орифлеймд ороод гялалзсан амжилтанд хүрсэн. Харин одоо гялалзсан амжилтаа орхиод дахин улс төрд ирлээ. Улс төрд эргэн ирэхдээ МАХН хэмээх зүс бүгэг намыг сонголоо. Тэгэхээр МАХН-ын ирээдүй тодорхойгүй байгаа шиг Г.Оюунгэрэлийн ирээдүй ч бүрхэг байна гэсэн үг юм. Улс төр гэдэг бол Орифлеймийн сүлжээ биш гэдгийг удахгүй ойлгож ч мэдэх юм.
“Ялангуяа түүний ард түмнийг басамжилсан, этгээд, баярхсан өнгө аяс жирийн ард иргэдэд төдийлөн таалагдахгүй байх магадлалтай. Тэр цагт Г.Оюунгэрэл хатагтай улс төрийг орхиж Орифлеймдаа буцаж ирэх байлгүй” гэж олон хүн ярьж байна. Гэлээ ч тэрбээр энэ жил МАХН-аас нийслэлийн аль нэг тойрогт нэр дэвшихээр бэлтгэж байгаа аж. Уг нь өнгөрсөн жил Орифлеймийн ерөнхийлөгч цол хүртэж 100.000 ам. доллараар шалгнуулаад гялалзаж л явсан. Бас Орифлэйм-Монгол компаниас түүнд дээд зэрэглэлийн тансаг “Equus” хэмээх автомашин бэлэглэсэн юм. Уг машиныг БНСУ-ын ерөнхийлөгч унадаг. Мөн БНСУ-ын “Хьюундай моторс” компаний ерөнхийлөгчөөс Монгол улсын ерөнхийлөгчид гардуулж байсан гэдэг. “Equus” нь цөөн тоогоор захиалгаар үйлдвэрлэдэг тансаг зэрэглэлийн машин юм. Ийнхүү Монголд хоёрхон байдаг автомашины эзэн тэрбээр сүүлийн үед эртний хатадын дүрд хувирч монгол дээлийг хамгийн өндөр үнээр захиалж хийлгэсэн гэдэг. Түүний эртний хатны дээл есөн эрдэнийн чимэгтэй. Дээлэнд орох сувдыг Японоос авчирч, толгойн гоёлыг цул мөнгөөр урлахаас гадна малгайн оройг алтаар цутгажээ. Улсын эх дагиных шиг хийлгэсэн энэ дээл нь нэг ландны үнэтэй.
Ийнхүү монголд хоёрхон байдаг машины нэгийг хөлөглөж, эртний хатны есөн эрдэнэ гэрэлтсэн дээлтэйгээ олны өмнө гарч ирэх түүнийг ард түмэн сонгох болов уу, яах бол?
Б.Хуягаа