ОХУ-ын Буриад улсын гавъяат жүжигчин, СТА Б.Амархүүгийн “хуримын” талаар мэдээллүүд ар, араасаа хөврөх болов. Түүнийг Ольга хэмээх орос бүсгүйтэй гэрлэх гэж байгаа, бүр гурван улс дамнасан найр наадам хийнэ гэх зэрэг мэдээллүүд гарч байсан. Харин түүний аав Н.Борхүү гуай энэ мэдээллийг няцааж, “Миний хүү монгол бүсгүйтэй сууна” гэх тайлбар өгсөн. Мөн түүнийг сүүлийн үед загвар өмсөгч Ариунзул гэх бүсгүйтэй болзох болсон тухай ч бор шувуу нисээд байгаа. Энэ бүх мэдээллүүдэд дуучин Б.Амархүү “Би одоохондоо хүнтэй суухгүй. Яагаад гэвэл надад төлөвлөсөн ажил маш их байгаа. Би монголынхоо авъяаслаг залуусыг дэлхийд гаргахыг хүсч байна. Тийм ч учраас продюссерийн компани нээсэн. Миний ойрын хэдэн жилийн төлөвлөгөөнд зөвхөн ажил байгаа. Тэгэхээр хүнтэй гэрлэх тухай ямар ч бодол алга. Харин эрт орой хэн нэгэнтэй гэрлэлээ гэхэд миний эхнэр Монгол бүсгүй гэдгийг баттай хэлэх байна” хэмээн тайлбар өгчээ.
А.Ариунхур www.uls.mn