1/4 шигшээ
Чех-Португал 0:1
Гоол: Роналду 79
Чех: Чех, Гебре Селасси, Сивок, Кадлец, Лимбрески, Йирачек, Плашил, Хюбшман (Пекхарт 86), Дарида (Резек 61), Пиларж, Барош
Португал: Руй Патрисиу, Жуан Перейра, Пепе, Бруну Алвеш, Фабиу Коэнтрау, Раул Мейрелеш (Роланду 89), Мигел Велозу, Жуан Моутинью, Роналду, Нани (Куштодиу 84), Элдер Поштига (Угу Алмейда 40)
Шар хуудас: Лимберски 90-Нани 26, Мигел Велозу 27
Шүүгч: Уэбб (Англи)
Варшав “Үндэсний цэнгэлдэх хүрээлэн”. 55590 үзэгч
Польшийн нийслэл Варшав хотын Үндэсний цэнгэлдэхэд “Евро 2012”-ын хасагдах шатны эхний тоглолт ЧехПортугалийн хооронд болов. Португалчууд хэсгийн тоглолтуудаа Украинд хийсэн болохоор энэ удаа хөрш Польш руу “нүүж” ирсэн. Польшийн хөлбөмбөгийн фанатууд Роналду ба түүний нөхдийг халуун дотноор хүлээн авлаа. Харин Чехийн хөлбөмбөгчид цагдаагийн хамгаалалт дор явахгүй бол байдал эвгүйтэж мэдэхээр байв. Учир нь тэд талбайн эзэн Польшийг хожин, тэмцээнээс мулталсан билээ. Шигшээг нь хассан багт польшууд дургүй байх нь аргагүй. Тоглолтын эхэнд Чех зоримог довтолж, хэдхэн минут өнгөрч байхад гоол хийх дөхөв. Гэхдээ үүнээс хойш санаачилга Португалд бүрэн шилжлээ. Энэ өдөр ганц л баг тоглож байгаа мэт Португал дангаараа довтлоод, Чех хамгаалсаар.
Ялангуяа Роналду энэ өдрийн гол од нь байж, айлын хамгаалагч нарыг чичрүүлж байлаа. Тэр эхлээд хаалгач Чехийн эсрэг ганцаар гарсан ч бөмбөгөө бариулсан. Дараа нь хамгаалагчдын дундаас өндөр ур чадвараар сугараад цохиход бөмбөг шон онов. Хоёрдугаар үед стандартаас цохисон бөмбөг нь мөн шон онон азгүйтсэн юм. Хоёр дахь 45 минут эхлээд удаагүй байхад сэлгээний довтлогч Алмейда гоол оруулсан ч шүүгч отон тоглолтод ороод байсныг нь гярхай ажиглажээ. Удалгүй Моутинью 16- гийн гаднаас хүчтэй цохилт хийхэд Чех хурууны үзүүрээр хатган холдуулав. Ер нь П.Чех сайн байгаагүй бол Португал аль хэдийнэ гоол оруулчих байсан. Чехийн шигшээгийн хувьд эхний ээлжинд гоол алдахгүй байхыг хичээсэн нь илт. Гэхдээ азгүйтэлд төгсгөл байдгийг “Европын бразилчууд” харуулж, 79 дэх минутад хүсэн хүлээсэн гоолоо орууллаа. Багийнхнаа оновчтой дамжуулалтаар хангаж байсан Моутинью баруун жигүүрээс гоё пасс хаяхад Роналду онож мөргөн багтаа ялалт бэлэглэсэн юм. Үнэндээ Португал энэ өдөр хожсон нь шударга явдал байлаа. Тэд бүхэл тоглолтын турш илүүрхэж, гоолын 20 оролдлого хийсний тав нь хаалга чиглэсэн юм. Харин чехүүд хоёр л удаа гоолын оролдлого хийжээ. Роналдугийн хувьд хамгийн чухал хоёр тоглолтод гурван гоол оруулснаар тэмцээний шилдэг тоглогчийн төлөөх өрсөлдөөнд хүч түрэн орж ирэв. Тэрбээр өмнө нь клубтээ гялалздаг боловч шигшээ багтаа том тус хүргэж чадалгүй байсаар өдийг хүрсэн. Харин энэ жил багийн лидерийн үүргээ гялалзтал биелүүлж, нутаг нэгтнүүдээ баярлуулж байна. Одоо португалчууд хагас шигшээд Испани-Францын ялагчтай тоглох болно. Тэд өмнө нь 2004 онд аман хүзүүдэж, 1984, 2000 онд их шөвөгт шалгарч байлаа.
“Герман машин” урагшилсаар
Герман-Грек 4:2
Гоол: Лам 39, Хедира 61, Клозе 68, Ройс 74 – Самарас 55, Салпингидис 89 пен
Герман: Нойер, Боатенг, Хуммельс, Бадштубер, Лам, Хедира, Швайнштайгер, Эзил, Шюррле (Мюллер 68), Ройс (Гетце 80), Клозе (Гомес 80)
Грек: Сифакис, Маниатис, Цавеллас (Фотакис 46), К.Пападопулос, Торосидис, Папастатопулос, Макос (Либеропулос 72), Кацуранис, Нинис (Гекас 46), Самарас, Салпингидис
Шар хуудас: Самарас 14, Папастатопулос 75
Гданьск “Арена Гданьск”. 38751 үзэгч
Йоахим Лев Данитай хийсэн тоглолтыг бодвол бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт хийв. Тухайлбал Гомесын оронд Клозег гаргаж, жигүүрийг Ройс, Шюррле нарт хариуцуулав. Ингэснээр Германы довтолгоо улам хурдтай болж, грекчүүдийг эхний минутаас л бөмбөгдөж эхлэв. Тоглолтын 4 дэх минутад Хедирагийн цохисон бөмбөгийг Шюррле нэмж гоолдсон ч шүүгч отон тоглолтоос орсныг нь гярхай ажиглав. Өзил, Клозе, Хедира, Ройс нарын цохилт хаалганаас хэдхэн сантиметр зайтай өнгөрсөөр. Түүхэндээ есөн удаа таарч тоглохдоо долоо хожигдож, ердөө хоёрхон удаа тэнцэж байсан грекчүүдийн хувьд ганц найдвар нь хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилжих байлаа. Гэвч немцүүд оросууд шиг алдаа гаргадаг хүмүүс биш болохоор Карагунисгүй эллинчүүдийн энэ тактик хэрэгжих магадлал тун бага байлаа.
Харин нэгдүгээр үе дуусахын алдад багийн ахлагч Лам 2006 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтод оруулсан шигээ гоолыг оруулав. Зүүнээр орж ирсэн тэрбээр алсын дээд буланд оновчтой цохьсон юм. Дараахан нь Шюррле ахлагчийнхаа оруулсан шиг гоолыг хийх тун дөхөв. Грекийн дасгалжуулагч Фернанду Сантуш завсарлагаанаар шууд хоёр солилцоо хийж, довтлогч Гекас, хагас хамгаалагч Фотакис нарыг гаргаснаас үзвэл нээлттэй, харилцан довтлолцсон тоглолтыг хийхээр шийдсэн нь илт. Түүний шийдвэр үр дүнгээ төдхөн өгч, Салпингидисын дамжуулалтаар Самарас тэнцээний гоолыг хийв. Боатенг урт үст довтлогчийг хамгаалах үүргээ биелүүлж чадсангүй. Гэхдээ Бундестим дахин оноогоор тэргүүлж эхлэхэд ердөө хэдхэн минут хангалттай байж. Жигүүрээс дамжуулсан бөмбөгийг “Реал”-ын хагас хамгаалагч Хедира 11 орчим метрээс цөм цохин гоолдлоо.
Хэдэн хормын дараа дараа Германы мэргэн бууч Клозе алдарт мөргөлтөөрөө гурав дахь бөмбөгийг оруулж тооны зөрүүг улам холтгов. Энэ нь түүний шигшээ багтаа оруулж буй 64 дэх гоол бөгөөд ахин тавыг оруулахад л домогт Герд Мюллерийн рекордыг шинэчлэх нь. Улмаар “Борусси Дортмунд”-ын авьяаслаг залуусын нэг Ройс хүчтэй цохилтоор багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм. Тоглолтын төгсгөлд Салпингидис 11 метрийн цохилтоор “Евро 2012”-ын хоёр дахь гоолоо оруулллаа. Ийнхүү германчууд туршилтын гэмээр бүрэлдэхүүнээрээ энэ тэмцээний хамгийн олон гоол орсон тоглолтын ялагч болов. Тэмцээний нээлтэд хүрэлцэн ирээгүй ХБНГУ-ын канцлер Ангела Меркель энэ тоглолтыг үзэж сонирхсон байна.
“Улаан бухнууд” их шөвөгт
Испани-Франц 2:0
Гоол: Хаби Алонсо (19, 90 пен)
Испани: Касильяс, Альба, Рамос, Пике, Арбелоа, Иньеста (Касорла 84), Алонсо, Бускетс, Хави, Давид Силва (Педро 65), Фабрегас (Торрес 67)
Франц: Льорис, Клиши, Косиельни, Рами, Дебюши (Менез 65), Ревейер, Рибери, М’Вила (Жиру 79), Кабай, Малуда (Насри 65), Бензема
Шүүгч: Никола Риццоли (Итали)
Шар хуудас: Рамос-Кабай, Менез
Донецк “Донбасс Арена”. 47000 үзэгч
Хэдийгээр сүүлийн жилүүдэд испаничууд босоо байгаа ч Франц тэдний хувьд тун эвгүй өрсөлдөгч. Платини, Зиданы үед тив, дэлхийн аваргын дэвжээнд “Гурван өнгөтнүүд” дандаа хожсон байдаг статистик бий. Шведэд хожигдсоны дараа Блан “Испаничуудтай хийх тулаан жинхэнэ гал гарсан тэмцэл болно гэдгийг амлачихъя” гэж мэдэгдэж байсан ч хэлсэн амандаа хүрсэнгүй, эхнээсээ эцсээ хүртэл хамгаалсаар байгаад хожигдов. Испани хэсгийн эхний тоглолт шиг зургаан хагас хамгаалагчтай гарааг гаргасан бөгөөд Клиши Фабрегасыг торгуулийн талбайдаа дүрэм зөрчин унагасныг эс тооцвол нэгдүгээр үеийн эхний хагаст ямар нэгэн ноцтой зүйл болсонгүй. Харин 19 дэх минутад Иньестагийн дамжуулалтыг хүлээн авсан Хорди Альба Дебюшигийн алдааг ашиглан зүүн жигүүрээр цөмөрч, шигшээ багтаа 100 дахь тоглолтоо хийж буй Хаби Алонсод гайхалтай дамжуулалт өгснийг “Реал”-ын хагас хамгаалагч оновчтой мөргөн эхний бөмбөгийг орууллаа.
Энэхүү гэнэтийн цохилт хамгаалж байгаад сөрөг довтолгоо хийх санаархаж байсан францчуудын төлөвлөгөөг орвонгоор нь эргүүлж орхив. Хачирхалтай нь тэд тоог тэнцүүлэхээр урагшлахыг хичээсэнгүй. Стандарт цохилт болон булангаас яаж ийгээд гоол оруулж гэж бодсон бололтой үргэлжлүүлэн хамгаалсаар байлаа. Харин тоогоор нэгэнт давуу гарсан Пиринейн хойгийнхон талбайн голд бөмбөгийг барьж өрсөлдөгчөө нуувчнаасаа гарахыг хүлээсээр. Харин цаг дуусахад 20 минут орчим үлдсэний дараа францчуудын прессинг ширүүсэж, довтлох гэж оролдох болов. Үр дүнд нь Рибери, Кабай нар ганц нэг цохилт гүйцэтгэсэн ч энэ нь Касильясыг сандраахаар аюултай биш байлаа. Гэхдээ хашир чоно Дель Боске сэлгээгээр Торрес, Педро, Касорла гэсэн довтлогчдыг оруулж байлаа.
Испаничууд 2002 оны ДАШТ-ий хасагдах шатны эхний даваанд Ирландыг 1:0- ээр хожиж яваад довтолгооны шугамын хамаг тоглогчдоо суулгасан үедээ гоол алдаж, нэмэлт 30 минутыг золтой л хожигдчихолгүйхэн шиг дуусган, улмаар торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө арайхийн ялж байсан гашуун дурсамжаа давтахыг хүсээгүй нь тодорхой. Сэлгээгээр гарч ирсэн хэд ч үүргээ биелүүлж, Касарло-Педро нарын хослол багтаа пенальти авчирлаа. 11 метрийн цохилтыг Алонсо байнд нь зоож, энэ тулааны эцсийн цэгийг тавьсан юм. Одоо тэд хагас шигшээд Криштиану Роналду тэргүүтэй хөрш Португалтай тоглоно. Ингэснээр “Улаан бухнууд” Европын аварга шалгаруулах тэмцээнд есөн тоглолт дараалан хожигдоогүй байгаа амжилтаа нэгээр ахиуллаа. Өмнө нь 1988-96 онд Голланд, 1972-84 онд ХБНГУ, 1968-88 онд Итали ийм амжилт үзүүлж байжээ. Түүнчлэн тус багийн “тархи” Хави Эрнандес энэ тэмцээнд нийт 734 оновчтой дамжуулалт өгсөн нь домогт Зиданы 2000 оны Европын АШТ-ий үзүүлэлт (707)-ийг эвдэж, шинэ дээд дээд амжилт тогтоожээ.
Евро 2012-ын эргэн тойронд
1 тэрбум еврогийн ашиг олно
“Евро-2012”-ыг зохион байгуулагчид тоглолтуудаас ойролцоогоор 1 тэрбум еврогийн орлого олохоор тооцоолж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Тэмцээн хариуцсан захирал Мартин Каллений өгүүлснээр Европт санхүүгийн хямрал газар авч буй энэ үед ийм хэмжээний ашиг олох болсондоо сэтгэл хангалуун байгаагаа нуусангүй. Эдийн засгийн хямралаас үүдэн Польш, Украинд бага хэмжээний хөгжөөн дэмжигчид ирсэн ч энэ бүхэн 1 тэрбум еврогийн орлого олоход тээг болохгүй гэнэ. Сонирхолтой нь дөрвөн жилийн тэртээ Австри Швейцарьт зохиогдсон Европын АШТ-ий шигшээ тоглолтоос UEFA 250 сая евро “үйлдвэрлэж” байжээ.
Германы шигшээ багийн ”сахиус” Ангела Меркель
Грек, Германы шигшээ багийн тоглолтыг үзээд сэтгэл хөдлөлөө нуулгүй илэрхийлж суусан канцлер Ангел Меркелийг “Suddeutsche Zeitung” сэтгүүл “Бундестимийн бэлэг тэмдэг” хэмээн нэрлэжээ. Тоглолт эхлэхээс 2,5 цагийн өмнө нисдэг тэргээр тэнд ирсэн тэрбээр Германы шигшээг дөрвөн гоол оруулахад хоёр гараа дээш өргөн хөөрөн баясчээ. Тус тоглолтын дараа нийт тоглогчдодоо Меркель болон Германы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Вольфганг Нирсбах нар халуун баяр хүргэсэн байна. Тус улсын хөлбөмбөгчид “эзэн авхай”-н биечлэн үзсэн тоглолтод ялагдал хүлээдэггүй нь сонирхолтой. “Евро-2012”-ын хагас шигшээ энэ сарын 28-нд Варшавт, шигшээ тоглолт долдугаар сарын 1-нд Киевт болно. Украинд болох тоглолтыг газар дээрээс нь үзэхгүй гэдгийг нь түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Дашрамд сонирхуулахад хагас шигшээд шалгарсан Германы шигшээгийн тоглогч тус бүрийг 100 мянган еврогоор шагнах тухай “DerTagesspiegel” сонинд мэдээлсэн байна. Харин тэд шигшээд ялалт байгуулбал 300 мянга, хоёрдугаар байр эзэлбэл 150 мянган евро хүртэнэ.
Ибрагимович Давенсо аралд эзэн суулаа
Италийн “Милан” болон Шведийн хөлбөмбөгийн шигшээ багийн тэргүүн довтлогч Златан Ибрагимович “Евро-2012”-т тааруу оролцсонд дундуурхан буй сэтгэлээ тайвшруулахын тулд Стокгольм хотоос баруун зүгт орших Маларен нуурын дунд байдаг Давенсо хэмээх арлыг худалдан авчээ. Хөлбөмбөгчийн сонирхлыг талбайн хэмжээ ч бус ан хийх зориулалттай 500 га газар татсан аж. Тэрбээр намтарчилсан “Би Златан Ибрагимович” хэмээх номондоо ан хийх дуртайгаа бичсэн нь бий. Ибрагимович НьюЙорк, Милан хотноо мөн үл хөдлөх хөрөнгөтэй гэнэ.
Б.Өлзий /mongolnews.mn/