Кейт болон түүний нөхөр Питер нар удаан хугацааны турш хүүхэд олж чадалгүй явсан бөгөөд 2006 онд эмч нар тэдэнд тун таагүй мэдээ дуулгасан байна: Кейтийн өндгөвч үрэвссэн, мөн дааврын өвчний улмаас өндгөн эс ялгарахгүй болсон байж.
Ингээд бүсгүй удаан хугацааны турш эмчилгээ хийлгэсний эцэст 2015 оны хавар нөхөртэйгөө ганцхан удаа ойртоод жирэмсэлсэн гэнэ. Эхлээд Кейт хоёр ихэр олсон хэдий ч нэг ургийн хөгжил зогсон, түүнийг алдахад хүрчээ. Харин анх хүүхэд олсноос 10 хоногийн дараа дахин өндгөн эс боловсорч, ахин жирэмсэлсэн аж.
Жирэмсэн эмэгтэйгээс өндгөн эс ялгаран, ахин давхар жирэмсэлсэн нь анагаахын түүхэнд ховор тохиолддог ид шидийн гайхамшигт зүйл болсон гэлтэй. Үүний ачаар, эхийн хэвлийд үүссэн хугацаа өөр өөр хоёр ураг зэрэг хөгжиж эхэлсэн бөгөөд энэ нь “суперфетация” гэж нэрлэгддэг юм байна.
Энэ үзэгдэл маш ховор бөгөөд дэлхийн анагаах ухааны түүхэнд одоогоор 10 иймэрхүү тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Харин энэ удаагийн давхар жирэмслэлтийн тохиолдол нь ганц удаагийн хурьцлын дараа бүсгүйн бие организмд бүхэл бүтэн 10 хоногийн турш оршихдоо амьдрах чадвараа алдаагүй эр бэлгийн эсээс үүссэн юм байна. Ингэснээр Кейт, Питер нарыг улам ч гайхамшигтай болгож байгаа аж.
Ингээд Кейт хэвлийдээ хоёр охин тээсэн бөгөөд нэг нь 2015 оны 12-р сарын 20-нд, нөгөөх нь 12-р сарын 30-нд төрөх ёстой байж. Гэвч Оливия, Шарлотта хэмээх хөөрхөн охид кесарево хагалгаа хийлгэхээр Кейтийн төлөвлөснөөс хоёр хоногийн өмнө нэгэн зэрэг төрсөн гэнэ. Охид төрөх үедээ өөр өөр жин, хэмжээтэй байсан бөгөөд цусны бүлэг нь хүртэл өөр байсан аж.
Одоо хоёр бяцхан охид 10 сартай, эрүүл чийрэг хөгжилтэй бөгөөд аав ээжийнх нь өгүүлснээр, тэд гаднаасаа төстэй хэдий ч зан ааш нь эрс ялгаатай гэсэн байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN