Алдар хүндийн оргилд хүрч, дэлхийн сая сая хүний зүрх сэтгэлийг эзэмдсэн Уитни Хьюстоныг 50 ч хүрээгүй ид насандаа хорвоогоос гэнэт яваад өгөх юм гэж хэн ч зүүдлээгүй биз ээ. Алдартнуудын гаднах гял цал амьдралын цаана, хөшигний ард тэдний тэр бүр хүнд дэлгээд байж болдоггүй зовлон гуниг, сэтгэлийн шарх нуугдаж байдаг.
Хүн л юм хойно тэдэнд алдах эндэх үе гарна. Тэрбээр “I have nothing” (Надад юу ч байхгүй) дуугаа зүгээр ч нэг дуулаагүй мэт. Алдарт дуучны хувийн амьдралтай холбоотой зарим шинэ баримтыг дэлгэсэн өгүүлэл “Ньюсуик” сэтгүүлд гарсныг товчлон хүргэж байна.
Уитни Хьюстон өнгөрсөн хоёрдугаар сарын 11 буюу “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын өмнөх орой АНУ-ын “Беверли Хилтон” зочид бууд лын угаалгын өрөөнд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Эмч нар түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрхний шигдээсээр нас барсан гэж дүгнэсэн юм. Угаалтуурын халуун ус нүүрийг нь түлж, дагз, цээж, уруул нь шалбарсан байжээ. Биеийнхээ хэд хэдэн газар сорвитой, олон жил мансууруулах бодис хэрэглэсний улмаас хамрынх нь яс цоорсон байсан нь түүний өнгөрсөн амьдрал дахь эрээн бараан түүхийг өгүүлэх мэт.
Түүний биед задлан шинжилгээ хийхэд марихуанаас гадна тайвшруулах үйлчилгээтэй алпразолам, бенадрилин зэрэг эмийн бодисын үлдэгдэл цусанд нь олдсон аж. Ингээд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Уитнигийн цогцсыг төрж өссөн Ньюарк хот руу нь хүргэлээ. Түүний цогцсыг тээвэрлэсэн онгоцонд бие хамгаалагч, менежер, бэр эгч Пайт Хьюстон болон дотнын анд Ван Эксель нар байжээ.
Ван Эксель бол Уитнитэй олон жил үерхсэн дуучин залуу юм. Сайн найзаа алдчихаад, уй гашуугаа тайлж ч амжаагүй явахдаа тэрбээр цогцосны зургийг нь авч “National Enquirer” шар сонинд хэдэн сая ам.доллараар худалдсан нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн. “Уитнигийн гэр бүлийнхэн түүнийг амьдад нь ч, нүд аньсан хойно нь ч хамгаалж чадсангүй” гэж энэ явдлын дараа хүмүүс ярьж байсан юм.
ТӨГС ЭМЭГТЭЙ БОЛГОХЫГ ОРОЛДДОГ БАЙЖЭЭ
Уитни Хьюстонд сэтгэлдээ гутрах, туйлдах үе олон гардаг байжээ. Гэр бүлийнхэн нь Уитнийг мөнгө олж ирэхийг л шаардахаас биш, хувийн амьдрал, сэтгэл санаанд нь төдийлэн анхаарал хандуулдаггүй байж. Уитнигийн ээж Сисси, зөвлөх Клайв Дэвис нар шаардлага өндөртэй хүмүүс. Клайв Уитнигийн дуунуудыг л үргэлж шилдэг байлгахаар эрмэлзэхээс биш, бичсэн шүлгүүдийг нь үл тоомсорлоно.
Алхам бүрийг нь хянаж, төгс төгөлдөр эмэгтэйг цогцлоохыг оролддог байсан ч Уитни үнэндээ хэт их алдар нэрээс татгалздаг байв. Робин Кроуфорд бол түүний багын найз, бизнесийн хамтрагч байсан юм. Тэд маш дотно харилцаатай байсан учир олон хүн тэднийг ижил хүйстэн гэж боддог байлаа. Хэдий Уитни үүнийг эрс эсэргүүцдэг ч Боббитой гэрлэсэн хойно ч энэ яриа дуусгавар болоогүй билээ. 1980-1999 онд ид гялалзаж байсан үед нь түүнийг ижил хүйстэн гэсэн цуу яриа карьерт нь муугаар нөлөөлж байсан учир Кроуфорд 1990 оны дундуур амьдралаас нь бүрмөсөн холд жээ. Харин эл явдал дуучинд хүнд цохилт болсон байна.
“Робиныг холдоход Уитни сэтгэлээр унаж, юу хийхээ мэдэхээ больсон. Учир нь Робин түүнд их хэрэгтэй байсан” хэмээн Уит нигийн нэрээ нууцалсан туслах асан дурджээ. Уитнигийн ах Гари, Майкл нар мөн хар тамхинд донтогч байсан бөгөөд магадгүй энэ нь түүнд анхлан нөлөөлсөн байхыг үгүйсгэх ар гагүй. Гари Хьюстоны эхнэр Моник өгүүлэхдээ “Бобби Браун Уитнийг хар тамхи гээчтэй танилцуулаагүй. Тэр бол сайн залуу. Тэд танилцахаас олон жилийн өмнө Уитни буруу зуршилтай байсан агаад гэрлэснийх нь дараа энэ нь улам сэдэрсэн юм” хэмээв.
ХАВЦАЛ РУУ ХӨТӨЛСӨН ХАЙР
Уитни Хьюстон рок энд блюз дуучин Бобби Браунтай 1989 онд “Soul train” хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр анх учирчээ. Бобби элдвийн хэрэгт үргэлж орооцолддог, Уитнигээс өмнө цөөнгүй бүсгүйтэй нэр холбогдон, хэд хэдэн хүүхдийн эцэг болсон байлаа. Гэсэн ч энэ бүхнийг үл харгалзан, Уитни түүнийг чин сэтгэлээсээ хайрласан. Хэрэг түвэгт орооцолдох бүрт нь батлан даалтын мөнгө, торгууль төлж, салсан эхнэр болон хүүхдүүдэд нь сар бүр тэтгэмж өгдөг байв.
(Нью-Йорк хот. 1997 оны аравдугаар сар)
Бобби мансуурах дуртай, уусан үедээ их агсам, Уитни руу нулимж, тааралдсан болгоноо шидэлнэ. Хамтдаа мансуурах нь тэдэнд сайхан байсан бололтой, Бобби хар тамхи олж, Уитни төлбөрийг бэлнээр хийдэг байж. Боббигийн гэр бүлийнхэн Уитнигийн мансуурсан зургийг шар сонинуудад хэдэн мянган ам.доллараар худалддаг байсан учир хосын замбараагүй амьдрал тэдэнд ашигтай байлаа. Харин үүнийг нь мартаж, тайвшрахын тулд Уитни улам хүчтэй мансуурах болов. Хьюстоноос ялгаатай нь, Бобби муу зуршлаа хаяхыг олон жил хичээж, эмчилгээнд явж байжээ.
1990-ээд оны сүүлчээр Бобби Браун аялан тоглолт хийж байх үедээ хар тамхинаас гаргах эмчилгээнд явжээ. Уитни үүнийг нь мэдсээр байж жишим ч үгүй нүднийх нь өмнө кокаин хэрэглэв. Үүнд хилэгнэсэн Бобби эхнэр, хүүхэд хоёроо автобуснаас хөөн буулгаж, зам дээр хаяжээ. Дараа нь хөгжимчдийн багийн гишүүн тэр хоёрыг очиж авсан байна. Тэдний хамтын амьдрал 2008 онд эцэс болсон аж. Уитни энэхүү шийдвэртээ харамсаж байсан ба Боббийг эргэн ирж охинтой нь цуг аваад явахыг хүлээдэг байсан тухайгаа Опрагийн ток шоунд оролцохдоо хэлж байжээ. Бобби харин Уитнигээс салаад удаагүй байхдаа шинэ эхнэр авч, үрийн зулай үнэрлэсэн юм.
ХАЙР ХАЛАМЖААР ДУТААСАН ОХИН КРИСТИНА
Попын хатан хааныг анхны хүүхэд Бобби Кристинагаа төрүүлэхэд нь эрүүл амьдралын хэв маяг руу шилжинэ гэж олон хүн найдаж байсан ч байдал улам дордсон байна. Ганц охиндоо аминаасаа илүү хайртай хэрнээ түүнийгээ амьдрал дээр харуулдаггүй байв. “Заримдаа Уитни Кристинагийн живхийг солилгүй хэд хонуулчихдаг байсан. Түүний амьдралын жирийн нэг өдрийн хуваарь мансуурах, мансуурах, бас дахин мансуурах байлаа” хэмээн гэр бүлийнх нь найз ярьжээ. Гэр орон нь хөл толгой нь олдохгүй, хог новшоор дүүрчихсэн байдаг. Хүмүүст үүнийгээ мэдэгдэхээс эмээж гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч аль алиныг нь хөлсөлдөггүй байсан аж.
Б.Кристинагийн хүүхэд нас хар бараан энэ амьдрал дунд өнгөрсөн гэж болно. Байнгын хэрүүл маргаан, зодоон, хар тамхи. Нөхрөөсөө салснаас хойш Уитни охинтойгоо илүү дотно болсон ч хариуцлагатай ээж байж бас л чадаагүй. Тэд яг л найзууд мэт харилцаатай, хамтдаа дэлгүүр хэсч, үдэшлэгт явна. Ингэснээр охин нь түүнийг ухаан малгайгүй ууж, хар тамхи хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлж чаддаг байлаа. байлаа.
Тэд зурагчдын дуранд их дотно харагддаг ч “тайзны” ард хэрэлдэж, зодолдох нь олонтаа байсан тухай нэрээ мэдэгдэхийг хүсээгүй нэгэн эх сурвалж өгүүлжээ. Бобби, Хьюстон нар ганц охиндоо эцэг эхийн хайр энэрэл гэхээс илүүтэй зовлон их үзүүлсэн, магадгүй үүнээс улбаалж Б.Кристина түргэн ууртай, дуулгаваргүй нэгэн болж хүмүүжсэн. Ээжийгээ сүүлчийн замд нь үдээд хэдэн хоног ор сураггүй алга болсон Кристинаг зочид буудлын өрөөнд хар тамхинд мансуурч байхад нь олжээ. Уитни Хьюстон хорвоогоос халихынхаа өмнө охиноо архи, хар тамхины эмчилгээнд явуулах талаар хэлэлцэж байсан аж.
Одоо Кристина ээжийнхээ өргөмөл ах Ник Гордонтой сүй тавьжээ. Хьюстоны гэр бүл Уитнийг хориглож дийлээгүй, эцэст нь хүчээр ч болтугай аврахаар шийдсэн тэр үед нэгэнт хожимдсон байсан. Ээж нь түүнд хайр халамжаас илүүтэй шаардлага тавьдаг, ах нар нь өөрсдөө хар тамхины асуудалтай байсан учир тусалж чадаагүй, харин хайртай хань нь бүр дордуулж орхисон. Уитнид тусламж хэрэгтэйг өөрөө хүлээн зөвшөөрөөгүй цагт хэн ч түүнд туслах боломжгүй байсан. Алдар нэр, дарамт шахалт, урвалт…энэ бүхнээс мөнхийн амирлангуй өөд тэмүүлсэн дуу чин эмэгтэй дэндүү олон хүний нулимсаар ариусан хорвоогоос одсон билээ.
Г.САЙНЗАЯА /MONGOLNEWS.MN/