Дээр үед 12 настай жаахан охинг чихэндээ ээмэг зүүхэд настай хүмүүс их дургүй байдаг байсан. Харин өнөөдөр зөвхөн чихэнд гэлтгүй залуус хүйс, доод уруул, хэл, хөмсөгөө цоолуулж байна. Энд зөвхөн өсвөр насныхан ч биш 30 настай бүсгүй хүртэл үүнийг сонирхож байна. Үнэндээ пирсинг нь тийм ч муу зүйл биш бөгөөд зөв цоолсон бол аюул байхгүй.
Хэрвээ та биен дээрээ алтан эсвэл мөнгөн металл зүүх гэж байгаа бол болохгүй. Алт болон мөнгө бол чихэнд л зүүх зориулалттай. Харин пирсингд бол зориулалтын тусгай металлаар хийсэн ээмэгнүүд байдаг.
Өөрийн гараар пирсинг хийхийг хориглоно. Заавал мэргэжлийн гоо сайхны газар хийлгэх хэрэгтэй. Гоо сайхны салон таны бүх асуултанд хариулт өгч, айдасыг дарахад туслана. Гоо сайхны эмч пирсинг хийхдээ зөв цэгийг тодорхойлж арьсыг бэлдэж өгдөг. Цоолох зүү нь нэг удаагийнх байх ёстой.
Ихэнхи хүмүүс пирсинг хийлгэхээс айдаг зүйл нь цус алдалт байдаг. Тайвширч болно. Хэрвээ пирсинг хийх цэгийг зөв олж зөв цоолсон үед цус гарах ёсгүй, харин арьсанд байдаг өнгөгүй шар ус ялгардаг. Пирсингийг хурдан эдгээхийн тулд ээмгийг өдөр бүр спиртээр цэвэрлэх ёстой.
Пирсинг эдгэж амжаагүй бол эдгэх хүртэл нь ээмгээ авч болохгүй. Авах юм бол бохир орж идээ татна, мөн халдвар орж магадгүй.
Пирсингийг хамаагүй оролдож, тогтсон цус болон шингэнг гараар авах хэрэггүй. Аяандаа өөрөө хууларчихна. Шарх эдгэрэх явцад архи болон согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд биеийг нөхөн сэргээх ажиллагааг сулруулдаг. Мөн эдгэрэлтийн явцад усанд сэлэхийг хориглоно.