Шөнө зүүдэндээ босож явдаг хүүхдүүд байдаг. Зуун хүүхдээс дөрөв нь таван наснаас хойш “зүүдэндээ тэнэдэг” гэсэн статистик судалгаа бий. Энэ байдал хэрхэн ажиглагддаг бэ?
• Хүүхэд унтаад хагас цаг орчим болсны дараа орон дээрээ сууж, хувцсаа өмсөөд өрөөн дотуураа явдаг. Хувилбарууд: Цүнхнээсээ харандаа гаргаж зурах, тоглоомоо авах эсвэл урьд орой нь хийж байсан зүйлээ үргэлжлүүлэх. Энэ үед нүд нээлттэй, харц нь төвлөрсөн байдаг.
• Зүүдэндээ явах хүүхдийг хашгирч, зандрах байдлаар ч юм уу болиулах гэсний хэрэггүй. Зарим тохиолдолд хүүхэд түүнд хандсан үг яриаг сонсож, ганц нэг өгүүлбэрээр хариулах нь ч бий.
• Гол төлөв 10-30 минутын дараа хүүхэд буцаад орондоо эсвэл буйдан ч юм уу тааралдсан газраа унтаад өгдөг. Өглөө нь хүүхэд шөнийн аяллын тухай бүдэг санах юм уу голдуу мартсан байдаг.
Сомнабулизм (зүүдэнд явах) хэмээх грек үг нь өвчин бус харин сэтгэл мэдрэлийн хямралтай холбоотой үзэгдэл.
Томчуудад шалихгүй зүйл мэт санагдах хүүхдийн гомдол, хэрүүл, айдас нь үүнд түлхэц болох нь бий.
• Бяцхан хүүхдийн амьдралын эхний хоёроос гурван жилд эхийн халуун дулаан харьцаа их шаардлагатай. Уйлуулаад байхгүй гартаа өргөж авах, аргадах, нойрсохын өмнө хажууд нь суух, бүүвэйн дуу аялж өгөх нь маш ач холбогдолтой.
• Хэрэв хүүхэд нойрондоо үг хэлж, ярьдаг бол анхааралдаа ав. Хэт орой унтах, олон янзын хурц мэдээлэл, үйл өрнөл өдөрт хүлээж авснаар хүүхдийн нойр сэрвэлзэж сэрээгдэн цочирддог. Тиймээс уг шалтгааныг олж арилга.
Ер нь бага насанд хүүхэд гадны нөлөөллөөс ч юм уу зүүд нойрондоо босч явах нь тийм ч ховор бус үзэгдэл.
Ганц нэг ийм тохиолдолд тусгай эмчилгээний шаардлага байхгүй. Харин хүүхэд сард хэд хэдэн удаа зүүдэндээ босч явдаг бол мэдрэлийн эмчид зайлшгүй үзүүлэх хэрэгтэй. Эм бэлдмэл тэр бүр үр дүнгээ өгөхгүй. Үүнд эцэг эхийн анхаарал, халамж нэн чухал.
• Зүүдэнд явдаг хүүхдэд айдас байдаггүй. Тэдний хөдөлгөөний зохицол гайхамшигтай. Тиймээс нэгэн чигт яваа хүүхэд нээлттэй цонх, тагтнаас үсрэх, өөрийгөө гэмтээх магадлал өндөр байдаг тул эцэг, эхчүүд хурц үзүүртэй элдэв зүйлийг шөнөдөө цааш нь хийж байх нь зүй.
•Унтахаас хоёр гурван цагийн өмнө хүүхэдтэйгээ салхинд гарах. Үдэш орой телевиз үзүүлэхгүй, компьютер тоглуулахгүй байх. Унтахын өмнө хүүхэддээ үлгэр ярьж өгөөрэй.
• Хэт орой бүү хоолло. Цочрол өгөх, сэргээх үйлчилгээтэй. Кофе, какао өгсний хэрэггүй. Унтахын өмнө шингэн зүйл бага өг. Зүүдэндээ явдаг хүүхдийн босох шалтгаан болно.
• Унтахын өмнө хүүхдэд хурц үйл явдалтай кино үзүүлэх, элдэв түгшүүртэй зүйл ярьсны хэрэггүй. Тодорхой цагт унтуулж сурга. Энэ байрлал нь тайван нойрсоход үр дүнтэй.
• Хүүхэд зүүдэндээ ярих, цочих, босч явах үед нь хэрхэвч айлгаж, загнаж болохгүй. Зөвхөн байдлыг хяналтандаа ав. Хэдэн хормын дараа хүүхэд өөрөө унтах болно.