Зуны улирал ирж хүүхдүүдийн ясли, цэцэрлэг, сургууль нь тараад тэдний хувьд амралт чөлөөт цаг ихээр гарч баярлаж хөөрдөг үе нь ихэсдэг. Гэвч энэ чөлөөтэй үеэр хүүхэд гэмтэл осолд илүү өртдөг байна.
Үүнд:
Тархины гэмтэл түүний шинж тэмдэг
Гүйж, харайж яваад унаж бэртэхэд ихэвчлэн хүүхдийн тархи доргих нь элбэг тохиолддог. Үүнд хүүхэд үлбэгэр, хэт тайван, нойрмог болох шинж тэмдэг илэрнэ. Сэрээхэд төдөлгүй унтах жишээтэй. Энэ тохиолдолд тархины хүнд гэмтэл авсан байж болзошгүй тул яаралтай эмнэлэгт үзүүлээрэй. Мөн дотор муухай оргих, бөөлжих, хэл яриа орооцолдох нь тархи хөдөлсний шинж байх магадлалтай.
Тархины гэмтэлд үзүүлэх анхны тусламж
Хүүхдийг тайван байлгах, хөндлөн хэвтүүлж толгойг нь ялимгүй өргөн духан дээр нь чийгтэй алчуур тавь. Толгой дээр нь шарх бий болсон бол ариутгасан тууз, бинт тавиад эмнэлэгт үзүүл. Хэрэв хүүхэд ухаангүй байвал судсыг нь шалгаж үзээд хажуу тийш нь харуулж хэвтүүл.
Хориглох зүйлс
– Өчүүхэн төдий гэмтэл байсан ч хайхралгүй өнгөрч болохгүй
– Шарханд орсон биетийг өөрсдөө гаргах гэж бүү оролд
– Тархи хөдөлсөн нөхцөлд хүүхдэд уух, идэх зүйл өгч болохгүй
– Онцын шаардлагагүй бол хүүхдийг өөр ор, өрөө рүү шилжүүлэх, хөдөлгөх хэрэггүй
– Ганцаарангийн орхиж болохгүй.
– Тархины гэмтлийн хор уршиг олон жилийн дараа ч гарч болох тул өчүүхэн гэмтэл ч бай хүүхдийг бүрэн төгс эмчлүүлж байхыг зөвлөе.