Гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэснээс хойш урлагийн тайзнаа үзэгдэхээ больсон тэрбээр ийн олны өмнө “гарч” ирлээ. Нэлээд жин нэмж, намба суусан дуучин бүсгүй гэрийн эзэгтэйн үүргээ сайн биелүүлж, уран бүтээлээсээ чамгүй хугацаагаар чөлөө авахаар шийдсэн гэдэг. Харин угийн сайхан төрх, бие галбираа хэрхэн хадгалж буйгаа бусдаас нуухыг хүсээгүй бололтой. Улаан дарс, усны хувцастай дуучин бүсгүйн энэ зураг фэнүүдийнх нь анхаарлыг эрхгүй татсан ч зарим нэгэн шүүмжлээд авсан гэх. Түүнийг ээж болоод нэлээд өөрчлөгдсөн, багагүй жин нэмсэн, оворжуу хувцасладаг болж гэх мэт шүүмж фэйсбүүк хуудаст нь үлдсэн ч Э.Агиймаа тоосонгүй. “Энэ бол өөрөө өөртөө зориулсан миний бэлэг. Хэнд таалагдах гэж ямар байх ёстой болж байна вэ. Би одоо хамгийн их аз жаргалтай эмэгтэй болсон” гэж хариу бичсэн дуучин бүсгүй ойрын хугацаанд дуу хуурт өөрийгөө зориулахгүй гэсэн байна.
Р.ЕСҮЙ