Хорин настангууд аз жаргалыг эрхэмлэдэггүй.
Хорин хэдэн насан дээрээ яваа хүн бүр л өөрийнхөө амьдралыг яаж өрнөх бол гэдгийг мэдэхсэн гэж хорхойсч байдаг.
Бас “яасан ч эгэл жирийн амьдралаар амьдрахгүй” гэж өөртөө тангарагладаг. Жирийн нэг хүнтэй сууж хүүхэд гарган юм юманд санаа зовж амьдарч байгаа ах эгч нарыгаа хараад өмнөөс нь харуусах үе ч байдаг.
Хорин хастангууд “аз жаргал” гэдэг үгийг нэг их хоцрогдсон, хөдөө маягийн үг гэж үзээд байх шиг санагддаг юм. Яагаад ч юм нийтэд зориулсан реклам сурталчилгаа, уриа лоозонд л байвал таарах мэт санаж, голдуу хөдөлгөөнгүй залхуу хүмүүсийн хэрэглэдэг үг гэж бодогддог. Тэгсэн мөртлөө өөрөө аз жаргалгүй амьдрахыг хүсээд байгаа юм уу гэхээр бас үгүй ч юм шиг.
Гэтэл өөрийнхөө амьдралыг амжилттай цогцлон бүтээж байгаа эмэгтэйчүүд аз жаргал гэдэг үгэнд дуртай байдаг бас аз жаргалтай байхын төлөө хичээж зүтгэдэг. Сайхан амьдрахыг хүсч байгаа хэдий ч аз жаргалыг нүдэнд үл үзэгдэх алсын алсад байдаг гэж төсөөлдөг хүмүүс аз жаргалыг өөрөөсөө эрж хайх, аз жаргалыг дэргэдээсээ бий болгох дургүй байдаг бөгөөд тэдний энэ байдал нь аз жаргал гэж юу болохыг, аз жаргалтай байхын тулд юу хийх ёстойг мэдэхгүй байдагтай холбоотой.
Хүн бүр аз жаргалыг өөр өөрөөр илэрхийлдэг ч бүх хүмүүс аз жаргалтай байхын тулд ажил хийж, хоол идэж, хүмүүстэй уулздаг. Аз жаргалтай байхын тулд аз жаргал гэж чухам юу болохыг мэдэрч амьдрах шаардлагатай.
“Сайхан амьдрал” гэдэг үг нь “Одоогийнх нь амьдрал аз жаргалтай, маргааш нь өнөөдрөөс илүү байна гэсэн итгэл найдвар дүүрэн амьдрал” гэдэг ерөнхий тодорхойлолтоосоо арай өөр зүйл гэдгийг манай зарим уншигчид надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх.
Ерөнхийдөө “аз жаргал” гэдэг бол өнөөдөртөө сэтгэл ханаад өөр илүү хүсэх зүйл байхгүй байдал гэж ярьдаг. Гэтэл хүн гэдэг бол өчигдөр, өнөөдөр, маргааш нь яг адилхан бодох санах зүйлгүй байж тэрнээсээ аз жаргалыг мэдэрдэг амьтан биш юм. Маргааш нь өнөөдрөөсөө өөр, болж өгвөл илүү сайхан байх гэсэн итгэл найдваргүй бол уйтгарлах өвчин тусч мэднэ шүү.
Аз жаргалтай эмэгтэйчүүдийн цээжинд хүсэл мөрөөдөл болон зорилого нь тов тодорхой бичээстэй байдаг. Тэгээд бас түүнийгээ заавал биелэгдэнэ гэж итгэдэг. Өдөр тутмын амьдрал нь хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь чиглэгдсэн байхаар зохион байгуулж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг. Тэр мөрөөдөл нь заавал агуу том зүйл биш байсан ч болно. Миний мэдэх нэг төрийн албан хаагч багаасаа мөрөөддөг байсан шаараар бүтээл хийх урлагт суралцахаар шаргуу хичээллэж байгаад эцэст нь энэ чиглэлээр өөрийн компаниа байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Шаараар гоёл чимэглэлийн зүйл хийх аргыг шинээр бүтээхдээ гаргууд сайн суралцсан тэрээр шинэ бүтээл хийж эхлэх болгондоо баяр хөөрөөр дүүрэн байдаг гэж хэлж байж билээ. Цагтаа ирж очоод байхад л цалин бэлэн ажил, амар амгалан гэр бүлтэй хэнээс ч дутахааргүй амьдралтай түүнийг хараад бүгд л “хөнгөнөө хүндээс өгсөн” гэж хэлцгээдэг ч тэр бүсгүй өөрөө “аз жаргалдаа болоод бүр солиорох нь” гэж хэлдэг юм.
“Би өөрийнхөө дуртай ажлыг хийж бас хангалттай хэмжээний мөнгөтэй болмоор байна. Би солонгосын шааран урлагт шинэ үеийг нээж өгсөн хүн болох ч юм билүү… Хэн мэдлээ.?”
Хүнд хүсэл мөрөөдөл бий болсоноор аз жаргалыг мэдрэх болж, аз жаргал эргээд хүнийг хүсэл мөрөдөлтэй болгодог аж. Аз жаргал гэдэг үг нь амжилт, дэвшил, хүсэл мөрөөдөл гэдэг үгстэй салшгүй уялдаа холбоотой.
Одоо аз жаргал гэдэг үгийн тодорхойлолтыг өөрчилж аз жаргалтай ойр байхыг зөвлөж байна. Аз жаргал гэдэг хорин настнуудад тохирохгүй гэсэн бодлоо орхих хэрэгтэй. Аз жаргалтай байхыг хүсч байж л аз жаргалтай болдог юм.
Аз жаргалыг үгээр илэрхийлэх нь өнгөлөн далдлалт гэж бүү бод.
Хэн нэгэн нь интернетэд ийм агуулгатай зүйл бичиж үлдээсэн байлаа. “Одоо үед хэн бүхний хийх болсон homepage рүү ороод үзэхээр үнэхээр өнгөлөн далдлалт яаж хийдгийг яруу тодоор харуулжээ. Бүх л хүмүүст зовлон бэрхшээл байдаг байхад тэнд байгаа хүмүүс л аз жаргалтай харагдах юм. Бодит дүр төрхөө харуулах зориг бидэнд алга уу?”
Олон хүмүүс энэ хүний бичиж үлдээсэн зүйлтэй санал нэг байгаагаа бичиж үлдээсэн байсан ба харин миний бодол тэд нарынхаас өөр байлаа. Уг зүйлийг бичигчийн хэлсэн “хүн болгонд л өөр өөрийн зовлон бэрхшээл байдаг” гэдгийг хүн бүхэн хэлсэн хэлээгүй мэдэж байхад заавал амьдралын тэр сүүдэртэй талыг homepage-д бичиж өөрийнхөө болон бусдын сэтгэлийг тавгүйтүүлж нэг ёсны “халдвар” тарааж байх ямар шаардлага байна аа?
Хорин настнууд аз жаргал гэдэг үгтэй тулгархаараа хурдаа сааруулж орхидог нь иймэрхүү сургааль, үзэл баримтлалаас болдог хэрэг. Аз жаргалтай байхыг эрмэлзэж, бас аз жаргалыг мэдрэх гэж хичээх нь амьдралын жинхэнэ үнэнээс тойроод, дөлөөд байгаа юм биш биз гэсэн эргэлзээ айдас нь аз жаргалыг үнэн сэтгэлээсээ эрэлхийлхэд саад болдог юм. Гэтэл ийм айдас нь харин ч эсрэгээрээ үнэнээс зугтаж байгаа хэрэг юм.
Аз жаргалтай амьдралыг өнцөг булан бүрээс нь судалж түүнээс үнэ цэнэтэй зүйл олж амьдралдаа ашиглаж амьдрах нь хямд төсөр утга учиргүй амьдрал тул бусдын амьдралыг хуулбарлахгүй өөрийнхөөрөө амьдрах нь жинхэнэ урам зоригтой амьдрал гэсэн бодлоо өөрчлөх хэрэгтэй.
Амьдрал урьдынхаасаа өөр болсон гэдэг ч одоо хэр нь нийгэм маань хайр, аз жаргал гэдэг үгийг илэрхийлэхдээ жаахан тааруухан байх шиг санагдаж байна. Аз жаргалыг илэрхийлсэн реклам сурталчилгаан дээр гардаг хүмүүсийг хараад “гэнэн хонгор” гэсэн сэтгэгдэл юмуу үзэн ядах, дургүй хүрэх гэсэн сэтгэгдэлийн аль нэг нь төрдөг. Өөрийнхөө аз жаргалтай байгааг чин сэтгэлээсээ нуух хаах юмгүй хүлээн зөвшөөрч байгааг бид энгийнээр хүлээж авч чаддаггүй.
Реклам сурталчилгаан дахь аз жаргалын дүр төрх сэтгэлд хүрдэггүй ч юмуу ямарч л байсан аз жаргал гэдэг үгнээс нэг алхам ухарч байвал энэ нь сая “оргинал амьдрал” болж чадна гэж боддог. Ямар нэг юмыг өөрийн болгоё гэвэл түүндээ дурлаж эрж хайж олох нь хорвоогын жам байтал аз жаргалыг эрэлхийлж, үгээр илэрхийлэхэд дургүй байгаа бол аз жаргалтай амьдралыг хүсээд ч хэрэггүй.
Энэ мөчөөс эхлээд аз жаргалтай байж түүнийгээ илэрхийлэх явдалд дасан зохицоцгооё. Өдөр тутмын амьдрал дунд чамайг аз ажргалтай болгодог хүчин зүйл юу болохыг олж илрүүлэн түүнийгээ баяжуулах гэсэн эрмэлзлэл нь аз жаргалыг хажуудаа дуудан авчрах агуу их татах хүч болдог.