Омголон амьдрах сайхан
Оргил өндрийн салхинд дураар дэрвэх сайхан
Оддын цуурайг давтаж дэврүүн явах сайхан
Орчлонгийн дайдад онгироо загнах сайхан
Зэвүүн амьдрах сайхан
Зэрлэг сарнай шиг өргөстэй ургах сайхан
Зэлүүд газар нуугдаад сэмхэн уйлах сайхан
Зэврүүн үдшээр хуучны дуу аялах сайхан
Бардам амьдрах сайхан
Балга дарс шиг нэгнийг орхиод гарах сайхан
Баглаа цэцэг шиг учралыг хаяад одох сайхан
Бадамлахгүй юм шиг шатаж хайрлах сайхан
Давруу амьдрах сайхан
Дахиад уулзахгүй юм шиг агсам тавих сайхан
Даамай залуу насыг тэнэгхэн үрээх сайхан
Дассан сэтгэлээ үлдээгээд алсыг зорих сайхан
Эрх чөлөөтэй амьдрах сайхан
Эрмэг адуу нутагтаа эргэх шиг хурдлах сайхан
Эгшиглэнт бурхдын адил эрхэмсэг орших сайхан
Ээрэм цаг хугацааг эзэгнэж төрөх сайхан
Тэнгэрийн зүг тэмүүлж амьдрах сайхан
Тэндээс унахдаа бороо шиг асгарах сайхан
Газар тэвэрч ойчоод зоргоороо хөрвөөх сайхан
Ганцхан амьдрах хорвоог өөрөөр яаж туулах вэ?
Р.ЭМҮЖИН. 2017.