Ээжээ та санаж байна уу? Хул морьтын зусланг…
Наадмын дараа бороошиж намрын уур орсонсон.Зуны дунд сард мөсөн мөндөр ордог уулын царам энгэр шүү дээ.
Ээжээ тэр жилийн зун ямархан дэлгэр байлаа.Хул морьтын нуруу цэцгээр хучигдсан шүү дээ.Уулын горхи миний биеэр урсаж байсан.Бургасны мөчрөөр дүүрэн болжмор жиргэж тэдний дуулах нь мөнгөн хонхны чихэнд чимэгтэй аялгуу шиг байлаа.Цагаан зулайтай хоёр бүргэд Хул морьтын өндөр сэрвэнд өдөржин зугаацдагсан.Би тэгэхэд саваагүй зангаараа хөх тэнгэрийн үүлийг харж,үүлэн дүрст аргамаг хурдан хүлгүүдийг уралдуулан байдагсан.Тэнгэрийн үүлс нүүдэл дундаа эмнэг хангал морьд болж,хааяа дааганы уралдааны цагаан тоос суунаглан,тоосны үзүүрт манай шарга даага эрчлэн гарч ирэхэд би гуурийлна.
Үүлэн хээгээр сатаарч байтал миний бие зарайж эвгүйцэв.Өндөрийн салхинд цохиулснаа ухаарав.
Ургаа хаднууд нүдний өмнүүр хана хэрэм мэт босож ,цоорын иш цагаан хус болж бүдүүрээд гэнэтхэн эргэн тойрны байгаль урьдын адил надтай эвсэлдэн найрахаа болив.Би байгалийн гоо сайханаас тасарчээ.
Би халуурч халуундаа дэмийрэх мэт ердийн юмс ер бусын содон ,аврага том харагдаж байлаа.Хонио хань татаж гэрийн зүг залахаар гүйхэд тарган малын амнаас өвс ногооны үнэр ханхалж шогож зогссон хоньд хөдөлсөнгүй.
Би гэрийнхээ гадаа сойгоотой ганган халиун морио харав.Ганган халиун гэв гэнэт тэнгэрт дүүлж,үүлсийн чанад давхилдах морьдтой нийллээ.Аргалын цэнхэр утаа аажимхан хөвөлзсөөр ганган халиун морины тоос болох нь надад жавхлан төгс санагдавч би дагжин чичирч шаналалд автсан билээ.Энэ үед өөрийн мэдэлгүй ээж таныгаа дуудаж аврал ирэхэд хүрсэнсэн.Ээждээ очвол миний биеийн зовлон арилж,би тайтгарч,намайг байж ядтал тарчлааж буй шаналаас салах юм шиг бодогдоно.”Ээжээ” хэмээн цурхиран хашгирахад дуу минь надад сонсогдохгүй байлаа.Энэ орчлонд ганцаардан энэлэх тул сэтгэлдээ ээжийгээ бэдрэн дуудсаар явлаа.Хэрэм цайз мэт ханан хад,тэвэрт багтахгүй цагаан хус модод ,намайг бүчин эргэлдэж шогшрох түм буман шувууд миний тэсэшгүй өвчнийг сэдрээж байлаа.
Би нэг өвснөөс нөгөө өвсөн дээр гишгэж хөл доор өргөөдэй хэмээх бөмбөгөр алаг хорхой шажигнан байна.Хоньд гэрийн зүг хошууран цувж,хоточ банхар хонио дагаж явааг ажигласангүй.Юу болоод байгааг мэдэх сөхөө даанч байсангүй.Ихэд халуурчээ.Би ээжээ дуудаж өр зүрхээ өвтгөж байлаа.
Хонинд явахдаа байн байн ээж хаана явна гэж зуслан тийшээ хараа билчээдэг,харин ээжийн нүдэнд би ямагт багтдаг байжээ.Цатгалан хоньдынхоо хойноос бөртөлзөн гүйж,толгой нь шоволзон байдаг хүүгээ ээж олж харахыг хичээвч хүү нь үзэгдэхгүй болохоор сэтгэл нь хөндүүрлэж үрийнхээ өмнөөс явжээ.Ээжийн нүдэнд би дэн дун харагджээ.Ээж намайг хараад ихэд гайхаж гүйлээ.
Ээж та толгойдоо цэцгэн хээтэй алчуур зангиддаг байж билээ.Ээжээ тэр алчуур даллан хийсч үзэгдэхэд би юутай их баярлаж таныхаа өмнөөс гүйсэн гээч.Ээжийн царайнд айдас тодорч намайг тэвэрч авлаа.Хацарт хацраа наав.
– Миний хүүгийн бие гал шиг шатаж байна гэж ээж бүдэгхэн үглэв.
Би “ээжээ би үхлээ” гэж арайхийн дуугарав.Тэгэхэд ээж минь “Ээжтэй хүн үхдэггүй юм” гэж хариулсан санагдана.Яг тэгж хэлсэн.Орчлонд ээжтэй хүн үхдэггүй юм билээ.
Ээж намайг өөрийнхөө усаар цурлан баадагнан ороожээ.Аажмаар би нэвтэртлээ хөлөрч,бие маань усан хулгана болтол норж, ээж дэргэд сууж үүр цайлгасан гэдэг.Магнай дээр ээж таны гар байгааг мэдэрч байсан санагдана.Ямар их амар амгалан байсан гээч.Хайрын ид шид гэгч энэ шүү.
Би сэрлээ.Өглөө болчихож…Гэдэс өлссөн гэдэг жигтэйхэн.Тооноор үүл харагдаж,үүлний сэжүүрт олон адуу цуварч яваа дүрс бууна.Буурал морь түрүүлж явна.Би үүлний морьдтойгоо тэнгэрт тоглож эхлэв.
Өчигдөр оройн дагжилт,чичрүүдэс арилж,намайг айлгаж асан нүсэр цайз хэрэм,аврага хус модод,үй түмэн өт хорхой алга болжээ
Хэрэв ээждээ ирээгүйсэн бол тэр үед би үхэх байсан гэж бууралтсан хойноо боддог юм.Сэрүүн салхинд нэвт цохиулна гэдэг зүрх нэвтлэх сумтай адил билээ.Гэрийнхээ тооноор үүлний морьдыг харж ганган халиун маань тэнгэрт нисчихээгүй байгаадаа хэмээн санасаар босгоноос эхэлж ургасан борог өвсөн дээр гишгэхэд чийг дааж,Сүж уулын шовх орой наранд улаарч ажээ.
Хул морьт хэмээх урт нуруунд хот айлууд олноор зусаж байлаа.
Ээж минь аргал түүж айсуй.
Би эргэн тойрноо харлаа.Хул морьтын нуруу Сүж уулын оргилыг дамжин Хөшөөтийн голоор эргэж дугуйрдаг.Хот хүрээ мэт зуслан амар амгалан байсан шүү.Ээжээ хүний бие тэгтлээ халуурч асаасан гал шиг болдгийг үзсэнээс хойш би өөрийгөө Таны нэг амь гэж боддог болсон.Эх хүний биед үрээ амилуулах мөнхийн ус оршиж байдгийг мэдсэн.Ээжээ мөнхийн усыг хүмүүн төрөлтөн эрэн хайсаар сая живаа жилийн нүүр үзжээ.Тэр мөнхийн ус нь миний ээжид байж шүү дээ.Мөнхийн усыг би ээжээсээ олсон.Ээж минь та мөнхийн ус !
Биедээ мөнхийн ус агуулж , тэр рашаанаараа үрээ илааршуулж , тэнгэрлэг амьдралыг тэтгэдэг ээждээ юутай их хайртай вэ.
Ээжээ та надад хоёр дахиж амьдрал бэлэглэсэн.Тиймээ би бууралтталаа амьдарч явна.Энэ бол ээжийн минь буян.Миний ээж та мөнхийн ээж билээ гэж хэлэхийн тулд захидал бичлээ.Мөнхийн ус бол түгээмэл агуулгаараа ээж минь билээ.
Ээжээ би одоо хэр нь тэнгэрийн үүлэн дүрст морьдтойгоо тоглосоор байдаг шүү…