Хятадын Хейлонжиан мужийн нийслэл Харбин хотод дунд эргэм насны эмэгтэй химийн хорт бодисны нөлөөгөөр элэгний церрозтой болсныг эмч нар олж тогтоожээ. Тодруулбал, 50 настай Чен хэмээх эмэгтэй буурал үсээ далдлахын тулд сүүлийн 20 жилийн турш сар бүр үсээ тогтмол буддаг байсан ажээ. Гэтэл хоёр сарын өмнө Чений биеийн байдал эрс муудаж, амьсгал нь давчдаж эхэлсэн байна. Нөхөр нь ч түүний арьс, нүд нь шарласныг анзаарч Харбины Халдварт өвчин судлалын төвд шинжлүүлэхэд цус, шээсэн дэх улаан-шар пигмент нь хэвийн хэмжээнээс 10 дахин их болсныг мэджээ. Ингээд түүний элэгний церроз эцсийн шатандаа орсныг тогтооход огт эм хэрэглэдэггүй, архи ч уудаггүй энэ хүн яагаад ийм өвчин тусав гэсэн асуулт гарч иржээ.
Түүнд 20 гаруй хоног эмчилгээ хийсний дараа элгэн дэх химийн бодис нь хорт хавдар томроход нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. Халдварт өвчин судлалын төвийн захирал, доктор Фу Лижианы хэлж буйгаар үсний будганд хүний биед маш хортой анилин, нитробензол зэрэг бодис агуулагддаг гэнэ. Эдгээр бодис нь хуйханд амархан шингэж, биед нэвчин орж, цаашлаад элгээр дамжин бодисын солилцоонд нөлөөлж байдаг ажээ. Энэ нь аажмаар бидний эд эрхтнийг гэмтээж, ноцтой хор уршиг дагуулж, үр дүн нь хожуу илэрдэг юм.
Гэхдээ ийм хор нөлөөтэй гээд үсээ огт будахгүй бай гэсэн хэрэг биш юм. Зөвхөн химийн хорт бодис агуулаагүй, ургамлын гаралтай будгийг ядаж зургаан сард нэг удаа хэрэглэж байхыг Фу Лижиан доктор зөвлөж байна.
Б.Мөнхтуяа
Ardchilal.mn