Дэнж гоёх гээд айлууд зусландаа бууж байхад
Дэлгэцтэй ааруул нортол зүсрэхгүй яагаад удна вэ?
Хур хүссэн мөрөөдөл үүл шиг хуралдаж байхад
Хураасан аргал норгож шиврэхгүй хаана саатна вэ?
Зургадугаар сарын бороо чи
Зуншлага дэлгэрүүлж орохгүй юунд тунирхана вэ?
Ургах л гэж цэцэгс яарч байхад
Учрах л гэж залуус болзож байхад
Удаан хүлээсэн бороо чи
Уянга нэмж шаагихгүй хаана
нуугдана вэ?
Нимгэн тэрлэгээ норгож удаан зогсмоор байхад
Нүцгэлж жаалууд гэр тойрон гүйлдмээр болтол
Орох дуслын чинь тоогоор шүлэг тэрлэмээр байтал
Оройтсон намраар биш одоо л орохгүй яагаа вэ?
Ачаатай тэмээд шиг үүлс тэнгэрээр нүүж ирэхэд
Аргадаж ижий минь цацлаа өргөж байхад
Тахилгат хайрханаа өвгөд минь тахисаар байтал
Тал нутагт минь шиврэхгүй юунд дуншина вэ?
Зургадугаар сарын бороо чи
Зуныг хөтлөөд ирэхгүй юунд удна вэ?
2018/06/11