Иргэний дайн, зэвсэгт халдлагын хөлд нэрвэгдсэн Нигери улс үндэсний шинэ ОД-той болжээ. Энэ бол Карим Варис Оламилькан хэмээх бяцхан хүү юм. Тэрээр дөнгөж 11 настай хэдий ч түүний зурсан гиперреалист зургууд дэлхийн нэртэй зураачдыг уулга алдуулж байна.
Хүүгийн тухай сурвалжлага нэвтрүүлгүүд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад эхэлжээ. RTVI Африкийн энэхүү сод хүүхдийн тухай сонирхуулсан аж.
Карим 6 настайгаасаа өөрийн дуртай хүүхэлдэйн киноны үйл явдлуудыг зурж эхэлсэн гэнэ. Түүнийг 8 настай байхад Ayowole Art Vocational Academy урлагийн академи хүлээн авчээ.
Тэнд зураачид хэрхэн суралцдагийг сонирхохоор ирсэн хүүгийн зурсан зураг энэхүү академийн захирлыг гайхашруулж чадсан учраас түүнийг шууд авахаар санал тавьсан байна.
Зураач хүү гэртээ ээж, ах, дүү нарын хамт амьдардаг. Карим өөрийн улсдаа нэр алдартай болсон хэдий ч түүний гэр бүлд амьдралын хангамж дутагдсан хэвээр. Зураг зурахад шаардагдах хэрэгслүүдээ худалдаж авах мөнгө олно гэдэг л хамгийн том бэрхшээл хэмээн зураач хүү өгүүлжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn