Нижегородск мужид саяхан 27 настай бүсгүйг баривчилсан байна. Түүний бага насны хоёр хүүхэд эзэнгүй байшин дотроос шатсан байдалтай олдсон аж.
Елена Каримова гэх энэ эмэгтэй дөрвөн настай Хадижа охин, хоёр настай Сулейман хүүгээ машины арын суудал дээр боомилон хороожээ. Ингээд Осинка тосгоны дэргэдэх эзэнгүй хаягдсан агуулах дотор тэдний цогцосыг хаян шатаасан гэнэ.
Түүнийг хэдэн цагийн дараа баривчлах үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд хүүхдүүдээ цаашид тэжээх аргагүй болсон учраас хөнөөсөн хэмээн мэдүүлсэн байна.
Хэрэгтэн бүсгүй тийм ч ядруу гэхээр харагдаагүй, машины зээлийн төлбөрт сард 40 мянган рубль төлдөг байж. Тэрээр хүүхдүүдээ хөнөөхийн өмнөхөн хилийн чанадад аялах тийз худалдан авсан байжээ. Бүсгүй сүлжээний бизнес хийдэг байсан бөгөөд Москвад төрсөн ахынхаа дэргэд хэсэгтээ амьдарч байсан аж.
Тэр хүүхдүүдтэйгээ хамт бичлэг хийлгэн, олон нийтийн сүлжээ хуудсандаа тэднийгээ энхрийлэн бичдэг байсан учраас ойр дотныхон нь түүнийг ийм аймшигт хэрэг хийсэн гэдэгт төдийлөн итгэхгүй байгаа бололтой.
https://www.youtube.com/watch?v=ST7E00wNc6M
Харин зарим шинжээчдийн үзэж буйгаар, гадаад руу аялж зугаалахаар явах гэтэл хүүхдүүдийг нь харж өгөх хүн олдохгүй байсан байх гэжээ.