Хүн төрөлхтөн шөлийг МЭӨ 3000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн түүхтэй. Өмнөд Европт 15-16-р зуунд шавар, шаазан сав суулга бий болсон үеэс шөлийг хийж эхэлсэн бол 17-18-р зуунд бусад орнуудад тархжээ.Хятад, Энэтхэг, Япон зэрэг Азийн улсуудад шөлтэй хоол мөн л эрт үеэс бий болсон гэж түүх судлаачид үздэг. Харин нүүдэлчдийн хувьд шөлтэй хоол харьцангуй хожуу нэвтэрч эхэлсэн байдаг.
Одоо дэлхийд ойролцоогоор 150 бүлэгт хамаарах 1000 гаруй нэр төрлийн шөлтэй хоол байгаа бөгөөд жор, орцоор нь ангилбал бүр үүнээс ч олон нэр төрөлд хуваагдана.
Шөлөнд ногоо, будаа, сэвэг зарам, мөөг, загас, мах, гурил, гоймонгийн зүйлээр хийсэн хачир нэмж түүний илчлэг чанарыг нэмэгдүүлдэг.
ОРОС
Орос үндэсний хоолонд гол байр эзэлдэг шөлтэй хоол нь нэр төрөл олон, өвөрмөц амт, илчлэг ихтэйгээр алдартай. Байцаатай, хүрэн манжинтай болон давсалсан өргөст хэмхтэй шөл Оросын хүн амын дотор хамгийн их хэрэглэгддэг хоолны нэг юм. Энэхүү шөлийг сольянка, борш гэдгээр нь мэдэх билээ.
Орос үндэстний дээр үеэс хэрэглэж заншсан хүнсний нэг гол бүтээгдэхүүн нь гурил, будаа, талх, нарийн боов юм. Махыг ихэвчлэн өөрийнх нь шүүс болон сүмсэд жигнэж, харин шарахдаа том хэсгээр нь, шувууг бүтнээр нь шардаг.
Гурилан бүтээгдэхүүнээс бялуу болон пирог зоог баривал нийтийн дунд тэдгээр амттаныг тавьсан бол хавчаар мэт хоолын тоноглолыг ашиглан өөрийн тавганд тавин бялууг хутга сэрээгээр, пирожен буюу амтат боовыг зориулалтын сэрээгээр, харин амархан үйрдэг мөртөө хатуу амтат боовыг гараар барьж идэж болдог. Хэрэв амтат боов нь дундаа чанамал жимс болон бусад амттантай хийгдсэн байвал мөн адил гараар барин зооглож болох ба печенийг хэсэглэн хугалж иднэ.
ЯПОН
Япон хоолны ширээнд зүүн гар талд шөлтэй аяга, түүний өмнө савх тавьсан байдаг. Япончууд хүүхдүүддээ бага наснаас нь эхлэн баруун гараар нь савх бариулж сургадаг. Зүүн гараараа будаа, эсвэл шөлтэй аягаа барьж иддэг. Шөлийг аяганаас нь шууд ууна. Ширээн дээр мөн бусад аяга, тавагнууд байна.
Япон үндэсний хоолонд гоймонтой шөлнүүд томоохон байр суурь эзлэх бөгөөд будаатай эн зэрэгцэхүйц хэрэглэдэг. Соба, Удон гоймонгийн шөлнүүдээс гадна, монгол улсад сүүлийн жилүүдэд ихээхэн идэх болсон раменгийн газрууд Япон улсад хаа сайгүй байдаг. Гурилтай халуун шөлийг ихэвчлэн том аяганд хийж, дээрээс нь ногоо, загас, төрөл бүрийн мах нэмж иддэг. Харин зуны бүгчим халуун өдөр цуутай гурил, хүйтэн гоймонтой шөл нь үдийн сайхан зоог болно. Ингэж гоймон ихээр хэрэглэх нь Япон улсын түүх соёлтой салшгүй холбоотойгоос гадна эрүүл мэндээ хамгийн ихээр анхаардаг Япончуудын хувьд хамгийн эрүүл бөгөөд, хүний биед хор нөлөөгүй хоол гэдэг байна.
ХЯТАД
Дундад улс буюу манай урд хөрш болох Хятад улсад шувууны үүрээр хийсэн шөл их алдартай. Хараацай шувууны үүрээр хийсэн шөл Хятадад нандин хоол гэгдэхээс гадна ер нь бараг бүх Азид дээд зэргийн хоол гэгддэг. Хамгийн хүндтэй эрхэм хүндээ энэхүү зоогийг барьдаг байна.
Хятадууд хооллож байх үедээ ус уудаггүй, харин дан шөл, өөрсдийн дуртай ногоон цайгаа заавал ууна. Ер нь хятадууд ирсэн зочноо эхэлж цайгаар дайлдаг заншилтай. Европчуудаас ялгаатай нь цайны хандыг тусад нь бэлтгэдэггүй. Түүнчлэн ногоон цайг чихэргүй уудаг. Дарс, түүнчлэн өөрсдийн үйлдвэрийн хатуу архийг зууш, хоолон дээр жижигхэн жүнзээр ууна.
АНГЛИ
Англичууд хамгийн их цайсаг хүмүүс. Тэд өглөө, өдөр, оройн хоолны дараа жимсний чанамалаар амт тохируулсан цай уудаг. Ер нь англичууд өдөрт долоон удаа цай уудаг заншилтай бөгөөд тэд 17 цагт уудаг цайгаа (“Five o” clok”) хэзээ ч мартдаггүй. Англи, ирландчууд үдэд хар, харин өглөөний хоолондоо сүүтэй кофе уудаг. Тэд цай уух бүртээ аягаа угаадаг заншилтай. Ундааны зүйлээс шар айраг, рашаан ус, буцалгаад хөргөөсөн цэвэр ус, гаатай ундаа зэргээс сонгож хэрэглэх ба үдийн хоолны дараа порто (Port) дарс, түүнчлэн виски уух дуртай.
Англичуудын хоол, гал тогооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь шотландын гал тогоо юм. Манайхны хярамцагтай төстэй porridge эсвэл овъёосны гурилаар хийсэн зутан шөл нь шотландчуудын өглөөний хоолны цэсэнд зайлшгүй ордог.
ИТАЛИ
Итали улс Дэлхийн гал тогоонд олон төрлийн ер бусын өвөрмөц, бас амттай хоолнуудыг бэлэглэсэн билээ. Дэлхийн олон хүн өглөөний цайндаа халуун эспрессо кофе чанаж, өдрийн хоолондоо шпагетти бэлдэн, гэртээ пицца захиалж иддэг. Италичуудын хувьд хоол гэдэг бол амьдралын том баяр баясгалан болохоос биш тогоочийн ур чадварын гайхуулал биш ажээ.
Спагетти (италиар Spaghetti) – пастаны төрөлд хамаарна. Итали бол спагеттиний эх орон билээ. Ихэвчлэн томатны соустай гаргадаг спагетти бол олон итали хоолны үндэс суурь болж өгдөг. Неапольд анх бий болсон энэхүү хоолны нэр нь спагатны тайрдаснуудтай адилханаасаа болж 1842 онд Антонио Вивиани-гаар “спагетти” гэж нэрлэгджээ. Спагеттиний музейд гоймонгоор хийсэн 176 төрлийн хоол байдаг. Италийн «spaghetti» гэдэг үг нь зүгээр ч нэг гоймон, хэрчсэн гурил гэдэг утгатай биш, харин зөвхөн итали маягийн гоймон гэдгийг тухайлан нэрлэсэн тусгай нэршил юм.
МОНГОЛ
Монгол хүний бие организм, цаг агаарын нөхцөлд тохирсон шөл бол яахын аргагүй Лапша юм. Ясны шөлөнд багахан мах хийж буцалгаад дээрээс нь гоймонгоо эсвэл, тасалсан гурилаа хийгээд 10-15 орчим буцалган болгодог энэхүү шөлөнд ядаргаа тайлах ид шид байдаг. Эртний дайчин эрс үхрийн борц хатаагаад аягахан шөл хийж уугаад 3 өдрийн өл даадаг байсан гэх яриа түүх домогт тэмдэглэгдэн үлдсэн байдаг нь энэхүү шөлний ид шидийг илэрхийлж байгаа хэрэг юм.
Лапша бол эдүгээгийн Монголчуудын өдөр тутмын хоол юм. Хурдан болдог төдийгүй, хурдан шингэдэг, таргалуулдаг гэж хэлэхээр цор ганц хоол юм. Сүүлийн үед Монголчууд цаг заваа хэмнэх олон төрлийн бүтээгдэхүүнийг эртнээс уламжилж ирсэн арга барилдаа шинэчилэн хэрэглэж байгаагийн нэг бол гурилыг бэлтгэн гоймон болгож хэрэглэх явдал түгээмэл болсон бөгөөд үйлдвэрт эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан гоймонгоор хоолоо хийх цаг зав хэмнэсэн дэвшилтэт арга болоод байгаа юм.
БЕЛГИ
Белги орны тахианы шөлийг лемоны шүүс эсвэл цуугаар амталсан байдаг. Мөн шөлөө буцалгаж дуусмагцаа өтгөн болгохын тулд тараг эсвэл өндөг хийдэг аж. 100-150 мл тараганд нэг бүтэн өндөг хийж хооронд нь уустал сайтар хутгана. Энэ холимогоо буцалж байгаа шөлөө хутгангаа бага багаар хийнэ. Ингээд л шив шинэхэн Белги тахианы шөл бэлэн боллоо доо.
АМЕРИК БОЛОН КАНАД
АНУ болон Канадад тахианы шөл үргэлж гоймон эсвэл будаатай байдаг. Нэршил нь тун энгийн тахианы махтай гоймонтой шөл юм. Анх Кэймбил шөлний компани 1930-аад онд өөрсдийн бүтээгдэхүүний сурталчилгаа хэлбэрээр уг шөлийг гаргаж ирсэн гэдэг. Уг шөл ихэвчлэн улаан лоольтой байдаг бөгөөд бяслагаар баяжуулсан байдаг.
Bataar.mn