Нэрт дуучин Мадонна АНУ-ын Ерөнхийлөгчийн сэнтийд улиран сонгогдохоор сонгуульд нэр дэвшсэн Барак Обамаг дэмжиж буйгаа Нью-Йоркт болсон концертынхоо үеэр илэрхийлжээ.
Мадоннагийн 40 мянган үзэгч цуглуулсан концерттой яг нэг цаг хугацаанд Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обамаг нэр дэвшүүлэх хурал болж байсан юм. Мадонна концертийнхоо үеэр хэдэн сарын турш дэлхийг тойрон аялан тоглолт хийснээ дурьдаад дэлхийн өнцөг булан бүрт шударга бус, зохисгүй байдал олныг харснаа ярьжээ.
“Би олон хачин зүйл олж харсан. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хорьж, баривчилж байхыг харлаа. Мөн ижил хүйстэн хэмээн буруутган баривчилж, өмссөн хувцсыг нь хүртэл гоочилж шийтгэж байхыг үзсэн” хэмээн Мадонна өгүүлжээ.
Мөн тэрээр АНУ бол төгс төгөлдөр орон биш гэдгийг хэлээд тэгсэн ч гэсэн энэ орондоо амьдарч буйгаараа бахархдаг гэжээ.
Мөн Америкийн тэргүүн хатагтай Мишель Обамаг биширч, хүндэтгэж явдгаа өгүүлсэн байна. Концертийнхоо үеэр өгзөг юмуу энгэр цээжээ олонд харуулах дуртай Мадонна энэ удаад ар нуруун дээрээ Обама гэж бичүүлснээ харуулж, хэнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Р.Гэгээ /Mass.mn/