“Apple” компани “iPhone 5” гар утсаа өнөөдөр танилцуулах гэж байна. Интернэт амьдралын салшгүй нэг хэсэг болсон энэ үед тус компанийн шинэ бүтээгдэхүүн олны сэтгэлд нийцсэн гайхалтай гар утас гэж хүмүүс ярьж байна.
Тус компанийн Сан Франциксо хотын Ерба Буэна театрт “iPhone 5” гар утсыг танилцуулах аж. Шинэ гар утас нарийн мэдрэгч бүхий дэлгэц, өндөр хурдны гар утасны сүлжээг төвөггүй хүлээн авах, батерейны амьдрах хугацаа зэргээр адил төрлийн ухаалаг утаснаас илүү хэмээн яригдаж байгаа юм.
“Gartner Research” судалгааны байгууллагын шинжээч Ван Бэкер AFP-д өчигдөр өгсөн ярицлагадаа “Шинэ бүтээгдэхүүн сая сая хувиар борлогдоно. Дэлхий нийт яг одоо “Apple”-ийн зүг анхаарлаа хандуулаад байна. “iPhone 5”-ыг маш олон хүн хүсэн хүлээж байна. Үүний өмнө энэхүү гар утасны технологи, элдэв цэс, холбогдох зүйлсийн тухай цуу яриа их тархсан учраас технологийн хувьд шинэ байж чадна гэдэг итгэлтэй байна” гэжээ.
“Canaccord Genuity” байгууллагын мэдэгдсэнээр “iPhone 5” борлуулалтаараа шинэ амжилт тогтоож магадгүй. Мөн “Piper Jaffray” хөрөнгө оруулалтын фирмийн тодорхойлсноор “Apple”-ийн бүтээгдэхүүн эхний долоо хоногтоо 10 сая хувьд борлогдох төлөвтэй байгаа гэнэ.
Одоогийн байдлаар гар утасны зах зээлийг “Google” компанийн “Android” үйлдлийн системтэй гар утас 52.2 хувийг эзэлж байгаа бол “Apple”-ийн iOS систем 33.4 хувийг эзэлж байна. Мөн АНУ-ын зах зээлийн 25.6 хувийг “Samsung” компани, 16.3 хувийг “Apple” эзэлж байгааг энэ оны долдугаар сард явуулсан судалгаа харуулжээ.
“iPhone 5” Өмнөд Солонгосын “Galaxy S3” гар утастай зах зээлд хүчтэй өрсөлдөнө. Одоогоор “Galaxy S3”-тай дүйцэх гар утас гарч ирээгүй байна. Шинжээчид “Apple”-ийн шинэ утасны зах зээл эрэлттэй байж чадна гэдэгт итгэлтэй байгаа юм. Тэдний ярьснаар энэхүү технологийн ширүүн өрсөлдөөнд шинэ хамтрагчид болох “Google”-ийн “Motorola Mobility” болон “Nokia” компани төдийлөн хүчтэй байж чадахгүй гэнэ.
Ван Бэкер ярихдаа “Дэлхий нийтийн анхаарал “Apple” эсвэл “Samsung” компанид л төвлөрч байна. Одоогийн байдлаар энэ хоёр технологийн аварга пүүсийн дундуур орж тэдний байрыг эзэлнэ гэдэг “Nokia”, “Motorola”-гийн хувьд маш бэрхшээлтэй байна” гэжээ.
Ногоон хөгжлийг дэмжигч “Forrester Research” байгууллагын мэргэжилтэн Чарльз Голвины үзэж буйгаар “iPhone 5” нь “эко систем”-ийг дэмжсэн энтертайнмент контент, элдэв Арр-аар тоноглогдсон нь байгаль орчин, ногоон үзлийг дэмжсэн томоохон өөрчлөлт аж. Чарльз Голвин “Томоохон тоглогчид “Apple”, “Google”, “Microsoft”, “Amazon”-ы дунд бяцхан дайн өрнүүлж байна. Гэвч тэд байгаль орчинд ээлтэй, дахин ашиглах боломжтой платформ үйлдвэрлээгүй байгаа” гэжээ.
“Apple” компани ирэх сард шинэ “iPad”-аа танилцуулна. Энэ нь жижиг хэмжээтэй бөгөөд мөн л технологийн хувьд нууц байна. Үндэслэн байгуулагч Стив Жобсгүй жил орчмын нүүр үзэх гэж буй тус компани өнөөдөр түүнгүйгээр ямар гайхалтай гар утас үйлдвэрлэснийг харах л үлдлээ.
Орчуулагч редактор Д.Түвшинтөр /Time.mn/