АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Ардчилсан намын дундах сунгаанд оролцож байсан сенатч Элизабет Уоррен сонгуулийн кампанит ажлаа зогсоосон нь олон эмэгтэйн сэтгэлийг гонсойлгосон үйл явдал болсон. Түүнийг ийнхүү кампанит ажлаа зогсоосны дараа АНУ-ын улс төрд хүч түрэн орж ирэх дараачийн эмэгтэй улстөрч хэн бэ гэдэг сэдэв олны анхаарлын төвд байлаа. Харин ажиглагчид Дональд Трампын охин, Ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трампыг нэрлэж байна. Ерөнхийдөө эмэгтэй улстөрчдийг эрэгтэй сенатчидтай харьцуулахад үе удмаараа улс төрд зүтгэсэн хүний үр хүүхэд байх тохиолдол олонтоо ажиглагддаг аж. Тухайлбал, 2018 оны нэгэн судалгаагаар арван алдартай эрэгтэй улстөрч тутмын нэг нь улс төрд зүтгэж явсан хүний гэр бүлээс гаралтай байсан бол улстөрч гурван эмэгтэй тутмын нэг нь алдартай удирдагчийн үр удам байжээ. Аргентин, Мьянмар, Тайланд, Ирланд, Израиль, АНУ, Канад, Финланд, Шинэ Зеланд зэрэг улсын эмэгтэй улстөрчдийн олонх нь алдартай сенатчдын охид байгаа нь дээрх судалгааг улам баталж байгаа юм.