- Өсвөр насны хүүхдэд өөрийгөө том болсон гэдгээ мэдрэх, бие даасан шийдвэр гаргах хэрэгцээ чухал байдаг
- Эцэг эхчүүдэд хүүхдэдээ зориулсан бүтээмжтэй цаг чухал. Жишээлбэл, хүсэл мөрөөдлийг нь сонсож, хүндэтгэх, найз нөхдийг нь гэртээ урих, хамтдаа ямар нэг зүйл хйиж дурсамж бүтээх гэх мэт
Өсвөр нас бол хүний амьдралын шилжилтийн үе. Энэ үед хүүхдийн бие махбод, сэтгэл зүйд өөрчлөлт орж, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа анхаарах шаардлагатай болдог. Түүнчлэн вирусийн халдварын улмаас хөл хорио тогтоож, хүүхдүүд ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж буй нь бэрхшээл дагуулах, ганцаардах зэрэг сэтгэл зүйн асуудлууд үүсгэх сөрөг талтай. Тиймээс өсвөр насныхны онцлог, тэдэнтэй харилцах арга барилын талаар боловсрол судлаач, Багшийн хөгжлийн институтийн захирал Ж.Болормаатай ярилцлаа.
-Өсвөр насны хүүхдүүдийн онцлог шинж нь юу вэ. Орчин үеийн хүүхдүүдийн бэлгийн бойжилт эрт эхлэх болсон нь юутай холбоотой вэ?
-Өсвөр нас бол хүний амьдралын завсрын үе. Орчин үед өсвөр насны хүүхдийн бие махбод, оюун санааны хөгжил хурдсаж, охидын бэлгийн бойжилт 11-12 насанд, хөвгүүдийнх 12-13 насанд эхэлдэг болоод байна. Судлаачид өсөлт хурдсаж буй гол шалтгааныг удамшил, нийгмийн орчин нөхцөл өөрчлөгдөж байгаатай холбон тайлбарладаг. Өсвөр насны хүүхдэд бэлгийн бойжилт хурдан явагдаж байгаа нь бие махбодод төдийгүй сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Энэ насыг сэтгэл санааны тогтворгүй, харилцааны хэв маяг нь “давлагаатай үе” гэж нэрлэдэг. Ийм үед санаа сэтгэл нь тогтворгүй, ааш зан нь хувирах шинж тэмдгүүд илэрдэг. Жишээ нь, эцэг эхээсээ хөндийрөх, найз нөхөдтэйгөө хамт байхыг илүүд үзэх, ирээдүйдээ санаа зовж эхлэх, гадаад үзэмждээ анхаарал тавих нь ихсэх, бусдаас өөрийгөө дээгүүр тавьж, өвөрмөц гэдгээ бататгахыг оролдох, хэн нэгнийг шүтэн дуурайх, олны анхаарлын төвд байхыг эрмэлзэх гэх мэт шинж тэмдгүүд энэ насанд илэрдэг. Мөн эсрэг хүйсийнхэндээ татагдах шинэ мэдрэмждээ тавгүйтэж, ичиж, тайван байдлаа алдаж эхэлдэг.
-Тэгвэл энэ үед нь хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой вэ?
-Хамгийн гол нь хүүхэдтэйгээ маргахгүй байхыг чухалчлах хэрэгтэй. Хэлэлцэх, ярилцах, харилцан буулт хийх нь харилцааны шилдэг арга. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдэдээ буулт хийж, сул талаа харуулж байгаа зүйл биш, зарим талаар бие даасан байдлаа тогтоож, амьдралдаа өөрийн шийдвэрийг гаргах гэсэн хүүхдийнхээ хэрэгцээг хүлээн авч байна гэсэн үг. Хүүхдэдээ өсөх, бие даах боломж олгохгүйгээр байнга хянаж, цагдах юм бол уур бухимдалтай, эцэг эхийнхээ үгийг хүлээж авдаггүй хүн болж төлөвшдөг. Ер нь харилцааны зөрчил хүүхэд өөрийгөө том болсон гэж үзэж байхад эцэг эхчүүд жаахан хүүхэд гэж үздэгээс голлон шалтгаалдаг. Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ зориулсан бүтээмжтэй цаг чухал. Жишээлбэл, хүсэл мөрөөдлийг нь сонсож, хүндэтгэх, найз нөхдийг нь гэртээ урих, хамтдаа ямар нэг зүйл хийж дурсамж бүтээх гэх мэт.
-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа ямар алдаа түгээмэл гаргадаг вэ. Зарим эцэг, эхчүүдээс “бидний үед ийм байгаад болоод л ирсэн” гэх хандлага анзаарагддаг.
-Эцэг эхчүүд хүүхдэдээ шаардлага тавихдаа өөрийн бага насны амьдрал, өсөж хүмүүжсэн арга барилаар үзэл бодлоо тулгадаг нь тэдний зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, зөрчилддөг. Мөн үглэх, бусадтай харьцуулах гэх мэт алдааг түгээмэл гаргадаг. Улмаар эцэг эхээсээ хүсэн хүлээсэн харилцаагаа авч чадаагүй хүүхэд гэр орноосоо зугтах, гадуур сэлгүүцэх, гэмт хэрэгт өртөх, архи, тамхи хэрэглэх, эрт бэлгийн харилцаанд орох гэх мэт асуудлуудтай нүүр тулдаг.
-Хөл хорионы улмаас бага насны хүүхдүүд бүх л цагаа гэртээ өнгөрөөж байна. Өсвөр насны хүүхдээс гадна бага насны хүүхэдтэй хэрхэн харилцах вэ?
-Эцэг, эхчүүд ажлаа хүүхдээсээ илүүд үзэж, хүүхэдтэйгээ хамт байх, тэднийг санхүүгийн асуудалгүй байлгах нь өөрийн гол үүргээ гэж ойлгодог. Тиймээс харилцаанд нь ямар учраас асуудал үүсэж буйг ойлгодоггүй. Бага насны хүүхдүүд гэртээ байгаа энэ өдрүүдэд хүүхдэдээ аль болох их цаг гаргаж, ярилцах, хамт тоглох нь чухал. Хүүхэд 18 сартайгаасаа өөрийгөө хувь хүн гэдгээ ойлгож, мэдэрч эхэлдэг учраас биеэ дааж, хийхийг оролдож буй зүйлсийг нь дэмжих хэрэгтэй. Хүүхэд ямар нэг зүйл хийж байх, тоглож байхад нь албадан зогсоож, загнаж зандчих, “Юмаа хураа боль, явж унт” гэхийн оронд “Алив үүнийгээ хамтдаа дуусгая, хоол идэх цаг болох гэж байна” гэх зэргээр эергээр харилцах хэрэгтэй. Мөн хүүхэдтэйгээ илүү их цагийг хамт өнгөрүүлж байгаа учраас эцэг, эхчүүд хүүхдээ хориглох, аюултай гэж үзсэн зүйлээ битгий хий гэх нь түгээмэл байдаг. Гэхдээ хүүхдийг үргэлж “Битгий хүр, боль, болохгүй” гэж хорих, зандрах нь сайн зүйл биш. Бүх зүйлийг сонирхон хийхийг хүсэж байдаг хүүхдийн хүсэл нь мохож, өөртөө итгэх итгэл нь багасах нөлөөтэй.
Засгийн газрын мэдээ