Хип хоп дуучин Quiza буюу Б.Батцэнгэлээс цөөн асуултад хариулт авлаа. Сүүлийн үед уран бүтээл хийхийн зэрэгцээ улс төрд хүчээ сорих болсон хамтлаг, дуучдын “халдвар” ч түүнд бас нөлөөлсөн бололтой. УИХ-ын сонгуулиар хөдөөгүүр аялж, сонгогчидтой уулзаж явсан дуучин залуу шинэ уран бүтээлээ ч гаргах завгүй ажилласан гэдэг. Ардчилсан намд хүчин зүтгэсний хүчинд бас ч гэж чамлахааргүй албан тушаалд томилогдоод авсан Б.Батцэнгэл өөрийнхөө үзэл бодлыг хэнээс ч нуудаггүй шударга зантай юм билээ.
-Нийгэм рүүгээ чиглэсэн хурц үгтэй дуунууд залуусын анхаарлыг их татдаг. Шүлгийг нь хэн бичдэг вэ?
-Мэдээж өөрөө бичдэг. Үүгээрээ л бусдаас ялгарч байгаа гэж боддог шүү дээ. Шүлэг бичихийн хувьд бол, аль дээр үеэс л оролдож ирсэн. Одоо бүр цомгийнхоо дуунуудыг хараад өөрөөрөө бахархдаг. Ямар ч олон дуу бичсэн юм бэ гээд…
–Та уг нь эдийн засагч мэргэжилтэй. Цаашид энэ мэргэжлээрээ ажиллах уу?
-Яах юм бэ, дуугаа дуулаад л явж байя. Дуугаа дуулж, цомгоо гаргаад явж байна гэдэг эдийн засагтай холбоотой асуудал гэж би ойлгодог. Хөгширсөн хойноо ч хамаагүй, урлагтаа л зүтгэнэ. Хип хоп бол урлаг. Рок поп нь урлаг, хип хоп болохоор юу юм. Лав урлаг биш гэсэн бодолтой хүнтэй урьд нь зөндөө л таарч явлаа.
-Амьдрал таалагдаж байна уу?
-Сонирхолтой л юм. Өмнөө тавьсан зорилготой, түүндээ хүрэхийн төлөө тэмцэж байгаа учраас сэтгэл хангалуун байхаас ч өөр аргагүй. Сэтгэлзүйн үүднээс тэр шүү дээ.
-Та хип хоп дуучин гэхэд дэндүү энгийн харагддаг. Энэ юутай холбоотой вэ?
-Дууг үйлдвэрлэгч, сонсогчдын бүлэг гэж байдаг. Харин хувцаслалт гэдэг чинь сонсогчдын асуудал. Дууг хийж байгаа хүн заавал тэгж хувцаслаад байх шаардлагагүй. Өөрийнхөөрөө байх нь чухал учраас би хувцаслалтаа нэг их анхаардаггүй. Биед эвтэйхэн л байвал тэр санаа зовох асуудал биш шүү дээ.
-Та нийгмийг шүүмжилдэг. Тэгвэл таныг хэн шүүмжилдэг вэ?
-Хүмүүс шүүмжилдэг. Шүүмжлэлийг нь би дуртайяа хүлээж авдаг. Хамгийн чухал нь би өөрөө өөрийгөө шүүмжилдэг юм. Өөр хүний шүүмжлэл миний шүүмжлэлтэй нийцэж байвал би хүлээж авна. Үнэхээр нийцэхгүй байвал буруу шүүмжилж байгааг нь нуулгүй хэлээд буцаах дуртай. Шүүмжлэл гэдэг чинь угаасаа санаа зовох асуудал биш. Ил тод байвал их сайн.
-Танд олон дутагдал байдаг уу?
-Дутагдлаа нэгбүрчлэн тоочиж, өөрөө өөрийгөө сэтгэлзүйн хүнд байдалд оруулахгүй байсан нь дээр биз. Бас өөрийгөө магтах ч дургүй. Зарим нэг давуу тал, зан араншингийнхаа талаар хэлчихвэл онгирсон болчих байх.
Р.Есүй /SHUUD.MN/