Тэдний нэг нь хошин урлагийн салбарт аль хэдийнэ өөрийн орон зайг үүсгэн үзэгчдийн дотны найз болсон жүжигчин А.Мөнгөнзул юм. Уран бүтээлээрээ үзэгчдэд инээд хөөр, хийж бүтээх урам, ухаарал хайрладаг түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таныг үдэш бүр TV5 телевизийн “Ододтой бүжиглэе” нэвтрүүлэгт чадварлаг, эрч хүчтэй бүжиглэж байгааг хараад бахархах сэтгэл төрдөг шүү. Бүжиг Таны багын сонирхлоос үүдэлтэй юу?
-Багадаа бусдын адил дуулж, бүжиглэдэг хүүхэд байсан. Гэхдээ мэргэжлийн хүн шиг бүжиглэж явсангүй.Тэгээд ч бүжигчин болно гэдэг баргийн хүний хийдэг ажил биш.Ер нь энэ нарийн мэргэжлийг эзэмших хүн тусдаа төрдөг гэж боддог шүү. Анх удаа 10 гаруй бүжгийг мэргэжлийн багшаар заалган их зүйл сурлаа. Цахим хуудсаар маш олон хүн намайг дэмжиж Интернэт санал асуулгаар нэгдүгээр байрт явж байгаагаа хараад баярласан, Энэ нэвтрүүлэгт залуучуудтай нэг шатан дээр алхаж өөрийгөө сорихын тулд оролцсон. Уран бүтээлч хүн өөрийгөө шалгалтад оруулж байх хэрэгтэй гэж боддог юм.
-Ододтой бүжиглэе 2 шоунд таныг 3 байранд орсонд олон хүн гайхсан. Хаалтын тоглолтонд нь дээр тэр зааланд цугларсан бүх хүмүүс таныг дэмжиж үг хэлүүлэхгүй алга ташиж байсан Мөн гадуур ихэнх хүмүүс жүжигчин Зулаа түрүүлэх нь тодорхой гэж ярилцаж байсан. Таны хувьд сэтгэл хэр хангалуун байна?
-Бүх оролцогчид хөлсөө дуслуулсан тийм болохоор багш, хамтран бүжиглэгч, бүх оролцогчиддоо баяр хүргэе. Тодорхой 2 шүүгчийн шүүлт дээр сэтгэл бага зэрэг дундуур байсан. Юм яримаар байв ч олон хүний хөдөлмөрийг хүндэтгэн үзэж хүндэтгэлтэй хандаж энэ бүхнийг залигаад өнгөрье дөө. Миний хувьд би хамгийн гүйцэтгэлтэй, хамгийн хүнд трукийг хийж, хамгийн сонирхолт үзүүлбэрийг үзүүлж байсан гэж хэлэхгүй.Тэртэй тэргүй хүмүүс үзсэн. Харин үзэгчдээс хамгийн их мессэж саналыг авсан байсан, тэгээд сүүлийн байранд орлоо доо хэ хэ.
Үзэгчдээс санал авна гэдгийг мунхаг би ойлгохдоо давхар шүүгчдийг зөв шүүж байна уу гэдгийг шалгах шалгуур гэж ойлгож байгаа. Өөр зүйл яримааргүй байна. Харин 1, 2 байранд орсон 2 дүүдээ амжилт хүсье.
-Мэргэжлийн бүжгийн багшаар хичээл заалгах Танд ямар санагдав?
-Бүжиг сурсан гэхээсээ илүү энэ спортын талаар зөв ойлголттой болсон. Өнгөрсөн хугацаанд зааж зөвлөж, намайг дэмжсэн “Улаан сарнай” хамтлагийн бүжигчин Мөнх-Очир, хамтрагч Чинзориг, Номин нартаа их баярлалаа.
-“Ододтой бүжиглэе” нэвтрүүлгийн өмнөх дугаарт оролцсон уран бүтээлчид жин хассан гэж ярих юм билээ. Таны хувьд гимнастикийн нэг төрөл болсон бүжгээр хичээллээд хэчнээн кг турсан бэ?
-Тухайн үед ажлын ачаалал дэндүү их байсан. Хоногт хэдхэн цагт амжуулж хоёр бүжгийн зураг авалт бичүүлэх үе гардаг байлаа. Одоо бодоход дэндүү хүнд байжээ. Мэргэжлийн хүн хийхэд ч хэтэрхий богино хугацаанд их зүйлийг амжуулсан байна. Тэр утгаараа маш их ядарсан. Жингээ хасъя гэж бодоогүй байхад л аяндаа өөрөө шуугдаад ирсэн дээ./инээв/
-Бүжиглэж байхдаа ч жүжиглэж харагдсан. Жүжигчний мэргэжил Таны эрхэм нандин зүйлүүдийн нэг байх?
-Миний мэргэжил учраас мэдээж хайртай байлгүй яахав. Бүжиг хөдөлгөөнөөр, жүжиглэлт үгээр илэрхийлэгддэг боловч аль аль нь хүний дотоод сэтгэлээр дамждаг. Харин миний хувьд давуу зүйлээ хэрэгтэй үед нь ашигласан. Бурхан хүний амьдралын заяа төөргийг зурдаг ч эзэнтэй нь цуг буддаг гэж боддог. Өөрөөр хэлбэл, тухайн хүн ямар явах нь өөрөөс нь шалтгаалдаг гэсэн үг. Түүнтэй адил би сайн бүжиглэх нь надаас шалтгаална шүү дээ.
-Та “DOZ” энтертайнментийн продюсерийн албыг хашдаг. Сүүлийн үеийн сонин хачнаасаа дуулгана уу?
-Манай энтертайнментийн ажлууд төлөвлөгөөнийхөө дагуу явагдаж байгаа. Удахгүй дараагийн дэлгэцийн бүтээлийнхээ ажилд орно. Энэ бүтээл “Хөх толбот хүмүүс” киноноос ажиллагааны хувьд хэд дахин том бүтээл байх болов уу. Цаг нь болохоор хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
-Урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Та бүхний уран бүтээлийн зорилго ч үүнтэй холбогдох байх гэж бодож байна?
-Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэгтэй санал нэг байна. Тоо боддог хүн математикч, физикч болдог.Харин урлагийг мэдэрч байж хүн болдог гэж нэгэн агуу ухаантан хэлсэн байдаг. Бид сүүлд хийсэн уран бүтээлээрээ монгол хүн бие биеэ хайрлаж, харийн нутагт байгаа монголчууд эх орон уруугаа тэмүүлдэг байгаасай гэсэн санааг тусган үзэгчдэд хүргэхийг зорьсон.Бидний хийсэн киног үзсэн хүн бүр өөр өөрийнхөөрөө л хүлээж авах байх л даа. Гэхдээ хүн бүр эх орноо гэсэн сэтгэлтэй болчихвол манай улс хөгжинө.
-Танай багийнхан Монголын дэлгэцийн урлаг хүрээгээ тэлэх шаардлагатай байгааг ойлгуулж, бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн. Таны бодлоор гадаад зах зээлд өөрсдийгөө танилцуулахад юу хийж бүтээх хэрэгтэй вэ?
-Хүмүүс юу гэж дүгнэдгийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ “DOZ” энтертайнмент бол салбартаа шинийг санаачилж, анхдагч зүйлүүдийг хийсэн гэж үнэлдэг. Тухайлбал, “Funny music” тухайн үедээ олон хүмүүсийн үзэх дуртай цэнгээнт нэвтрүүлэг байсан. “Тархи угаагчид” хошин мэдээллийн хөтөлбөр хамгийн анх улстөрчид болон Монгол Улсад болж бүтэхгүй байгаа зүйлийг зоригтойгоор, хошноор илэрхийлсэн байх. Мөн хамгийн анх дэлхийн шилдэг киноны алдаа, нууцын талаар өгүүлсэн “Киноны алдаа” нэртэй сонирхолтой нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчдэдээ хүргэсэн гээд ярих зүйл олон бий. Хамгийн “NTV” телевизийн нэг өдрийн бүтэн эфирийг бэлтгэн явуулж, “Комеди ТВ” нэртэйгээр олон нийтэд үзүүлдэг байлаа. Тэр ч битгий хэл гавьяат жүжигчин Б.Батзаяа ах минь нэг хэсэг уналтад орчихсон байхад бид хашаа байшинд нь очиж, “Комеди ТВ” сувгаараа “Хошин урлагийн цаг” гэсэн сайхан нэвтрүүлэг хөтлүүлж байсан. Сүүлд хийсэн “Хөх толбот хүмүүс” кино маань Франц, Хятадад нээлтээ хийсэн хамгийн анхны монгол кино хэмээн дэлгэцийн урлагийн түүхэнд тэмдэглэгдлээ. “Хөх толбот хүмүүс” кино сайн бүтээл болсон талаар “Синхуа” агентлаг Бээжин, Хөх хотын хамгийн нэр хүндтэй телевиз, сониноор мэдээлж байсныг санаж байна.Зориглоод зүтгэвэл монгол хүн дэлхийн төв Парист ч кино хийж болдгийг харуулсан гэж боддог доо.
-Жүжигчин Б.Баатархүүгийн хандивын тоглолтыг танайхан зохион байгуулсан. Тэр үед Таныг хандивын тоглолтоос олсон орлогоор өөрсдөдөө байр, машин авсан гэсэн яриа тархсан. Энэ тухай Та сонссон уу?
-Дооёо бид хоёрыг Б.Баатархүүгийн хандивын тоглолтын мөнгөнөөс байр, машин авсан гэсэн яриа гарсан. Дэндүү муухай зүйлийг боддог, сэтгэдэг хүмүүс бас байх юм аа. Тэр үед найзын минь тоглолт сайхан боллоо, том буян хийлээ гээд бид хоёр баярлаад уйлж явснаас муухай зүйл хийгээгүйг бурхан мэднэ.Энэ яриаг сонсоод даанч дээ гэж л бодсон. Үүнийг сонсоод Дооёо сэтгэлээр их унасан. Тэр үед бид хоёр Б.Баатархүүг эмчилгээ хийлгээд ирэхэд телевизэд ярилцлага өгч болох л байсан. Гэхдээ бид 3 юу ч яриагүй. Бурхан харсан байлгүй дээ Хүнд мартаж болохгүй зүйл гэж байдаг.Муу үг хүний сэтгэлийг буглуулдаг юм байна л ээ.
-Хошин урлаг хүнийг инээлгэдэг бас уйлуулдаг. Нийгэмд эмчилгээ үгүйлэгдэж байгаа асуудлыг энэ салбарынхан уран бүтээлээрээ бусдад ойлгуулдаг. Танд энэ урлаг яг юу өгсөн бэ?
-Уур бухимдалтай нэгэн бүх зүйлээ мартаж чаддаг, маргаантай байгаа гэр бүл эвлэрээд гардаг, жирийн иргэд нийгмийн болж бүтэхгүй байгаа аливаа зүйлд дургүйцэж байгааг хамгийн энгийнээр ойлгуулж чаддаг урлаг бол яах аргагүй хошин урлаг. Би хошин урлагт байснаараа орчин үеийн жүжигчин өөрийгөө тал бүрээр хөгжүүлэх ёстой гэдгийг ойлгосон. Мөн аливаа зүйлийг хийхдээ цаг үеэ мэдрэх том чадварыг эзэмшсэн гэж боддог.
-Кинонд дүр бүтээх, жүжигт тоглох хоёрын аль нь амархан бэ?
-Аль аль нь хэцүү боловч хоёулаа амттай.
-Монгол хүн бие биеэ хайрлах ёстой гэсэн санаа Та бүхний уран бүтээлээс “үнэртдэг”. Та өөрөө хэр эх оронч үзэлтэй вэ?
-Эх оронч байна гэдэг том зүйлээс эхлэхгүй. Эх орон биднээс тийм их зүйл хүсдэггүй шүү дээ. Миний бодлоор эх оронч байна гэдэг бол эх орондоо биелүүлэх үүргээс л эхлэх болов уу. Жишээ нь, эмэгтэй хүн жинхэнэ монгол үр удмаа тээж төрүүлээд эрүүл саруул өсгөж, хүнийг хайрладаг тэр ухааныг суулган хүмүүжүүлж чадвал энэ нь эх оронч болоод монгол хүний үүрэг гэж боддог.
-Гэр бүлийн тань хүн жүжигчин. Хоёулаа урлагийн хүн болохоор нэг нэгнийхээ жүжиглэлтийг хараад зөвлөх үе их гарна биз?
-Хамт дүр бүтээх, тоглох үедээ мэдээж бие биедээ хэлж зөвлөнө. Хүний хань гэдэг утгаараа нөхрийгөө аль болох алдаагүй сайн сайхан харагдуулах тал дээр анхаардаг. Хоёулаа урлагийн хүн болохоор сайн, муу хэл аманд бас ордог. Харахад булчин шөрмөстэй ч эрэгтэй хүн үнэн хэрэгтээ эмэгтэйчүүдээс илүү эмзэг байдаг.Тийм болохоор нөхөртэй минь холбоотой муу үг бага дуулдаж байгаасай л гэж залбирдаг.
-Та хэр гэрийн эзэгтэй вэ?
-Одоохондоо нөхөр, хүүхдүүддээ гологдоогүй л байна. /инээв/ Тэгэхээр өөрийгөө гайгүй тогооч гэж боддог шүү.
-Хүүхдүүдээс тань Та хоёрын мэргэжлийг өвлөх хүн бий юу?
-Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ аль аль нь хоосонгүй, өндөр мэдрэмжтэй.
-“DOZ” энтертайнментийн уран бүтээлчид сайн үйлсийн ажил өрнүүлдэг. Сэтгэлийн дэм, урам өгөх дараагийн ажлаа төлөвлөсөн үү?
-Бид хийж бүтээж байгаа бүх зүйлээрээ олон хүнд сэтгэлийн дэм бас гэрэл гэгээ өгдөг. Жишээ нь, “Ододтой бүжиглэе” нэвтрүүлэгт намайг бүжиглэхийг харсан найзын хүүхдүүд нь бүжигчин болно гэж бодсон гэсэн.Би энэ нэвтрүүлэгт орсноороо тэр хүүхдүүдэд бүжгийн спортын талаар эерэг хандлага өгсөн байгаа биз дээ.Олон хүмүүс надад баяр хүргэж, миний насны хүн залуучуудтай эн зэрэгцэн дэндүү гал цогтой бүжиглэж байгааг хараад чамаар бахархаж байна гэж урамшуулдаг. Зарим хүн интернэтээр “Зулаа ааштай Царай муутай” гээд зүрх зүсмээр муухай үгтэй сэтгэгдэл бичдэг. Хүн л юм чинь гомдох, урам хугарах үе надад гардаг л юм. Тэр муухайг үгтэй коммент миний гэр бүл үр хүүхэд хөгшин ээж аавд минь муухайгаар тусдагыг тэд ойлгодоггүй Хүний амьдралд уурлах бачимдах зүйл олон тохиолдоно. Би олны танил хүн гээд муухайн хажуугаар зүгээр өнгөрч болно гэж үү Амьдрал өөрөө богинохон Энэ хугацаанд хүмүүс бие биедээ урам өгч амьдармаар санагддаг юм. Би өөдрөг хүн болохоор хорвоо дээр болохгүй зүйл байхгүй л гэж бодож тэмүүлж явдаг жирийн л нэг уран бүтээлч эмэгтэй. Бага ч гэсэн миний дотоод сэтгэлийг нээхэд гүүр болсон та бүхэнд баярлалаа.