Эмэгтэй хүний амьдрал гэрлэлтээр төгс болдог гэнэ ээ? Гэрлэсэн ч гэрлээгүй ч бүрэн “төгс” аз жаргалтай амьдралыг цогцлоож чадна гэдэгтээ итгэдэг, хүчирхэг бүсгүйчүүд олон бий. Гэхдээ бестселлерийн тавцангаас хэдэн жилийн турш буугаагүй “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” номын зохиогч Нам Ин Сүк эмэгтэй хүний амьдралын хамгийн чухал бүрэлдүүлэгч хэсэг нь гэр бүл хэмээн энэ номондоо бичжээ.
Зарим бүсгүйчүүд хурим хийсний дараа ямар нэг онцгой гайхамшигт үйл явдал болох юм шигээр төсөөлдөг. Зарим нь хүнтэй гэрлэсний дараа өөрийн гэсэн амьдралгүй болчих вий гэж айдаг. Үнэн хэрэгтээ гэрлэлт бол ер бусын ид шид ч биш, хүн бүрийн заавал үүрэх ёстой зовлон бэрхшээл ч биш юм. Харин гэрлэлт бол үр удмаа үлдээх, хайрлах дурлах, ээж аав болохтой адилхан амьдралын бидэнд өгдөг жам ёсны бэлэг.
Хүн мэдэхгүй зүйлээсээ хамгийн их айж, мөн адил мэдэхгүй зүйлээ хамгийн их догдолж хүлээдэг гэдэг. Гэрлэлт бол ганц бие бүсгүйчүүдийн хувьд хараахан мэдэж амжаагүй ертөнц юм. Тиймээс хэтэрхий гайхамшигтайгаар төсөөлсөн бол урам хугарч, тэрнээсээ болоод бухимдах нь бий. Харин дөнгөж гэрлээд удаагүй байгаа юм уу, ганц бие бүсгүйчүүд нь төсөөллөөсөө болж урам нь хугарсан найз бүсгүйчүүдийнхээ ярианаас айж сэтгэлээр унадаг. Энэ ном нь ийм барьцгүй айдасдаа автаж яваа гэрлээгүй, гэрлэхээр зэхэж байгаа болон гэрлэсэн бүсгүйчүүдэд зориулсан чухал “гарын авлага” болж чаджээ.
1.Аз жаргалтай гэрлэлтийг мөрөөддөг эмэгтэй бүтэлгүйтэж, төлөвлөдөг эмэгтэй амжилтанд хүрдэг
“Та “Надтай гэрлэх эр бол сугалаанд хожсонтой л адил” гэсэн сэдвээр дор хаяж 30 минутын presentation хийж чаддаг байх хэрэгтэй. Давуу талаа мэдэхгүй мөртлөө гэрлэх нь согтууруулах ундаа хэрэглээд жолоо барихаас ч илүү аюултай” гэсэн өгүүлбэр энэ бүлгийн гол санааг илэрхийлж чадна. Гэрлэлт бол ажил. Бид яг л ажилд орох гэж байгаа юм шиг өөрийнхөө давуу талыг бусдад танилцуулж, өөрийгөө алдаж боломгүй ховор эрдэнэ шиг бүсгүй гэдгээ нөхөр болох залуудаа мэдрүүлэх ёстой. Тэгвэл жинхэнэ “ашигтай наймаа” болох болно. Хувь заяагаар шийдэгддэг хайр дурлалыг ажил хэрэг шиг төлөвлөнө гэхээр утгагүй санагдаж магадгүй. Ялангуяа ажил хэрэг дээрээ гялалзсан амжилттай яваа хирнээ, гэр бүлдээ асуудалтай байдаг бүсгүйчүүдийн хувьд энэ ойлголт бүр ч сонин санагдаж байгаа байх. Гэхдээ нөхрийгөө бүх чухал асуудлуудыг шийдвэрлэдэг дарга, өөрийгөө менежер гэж төсөөл. Гэр бүлийн амьдралд ч бас төлөвлөгөө, үйл ажиллагаа, бодлого, хүлээх үүрэг хариуцлага гэж бий. Өөрийнхөө үүргийг сайн биелүүлж, нөхрөө ч бас үүргээ сайн биелүүлэхэд нь туслах хэрэгтэй. Гэр бүлдээ “manage” хийж чаддаггүй эмэгтэй, яг л муу удирдагч шиг бүх зүйл болохгүй байгаа талаар үргэлж гомдоллодог ч эцэс сүүлд нь өөрөө хамаг муу муухай ажлыг хийж хоцордог. Чиний ажиллаж байгаа компанид өсөлт уналтын үе гэж байдаг шиг, гэрлэлтэнд ч бас хариугүй “дампуурах” дөхөх үе бишгүй тохиолдоно. Ийм үед дарга нь, эсвэл менежер нь ганцаараа биш, компанийн бүх ажилчид хамтаараа хичээл зүтгэл гаргаж байж компаниа аварч үлддэг. Гэрлэлт ч бас ийм байх ёстой. Сайхан амьдралтай хүмүүс хэзээ ч санамсаргүй зүв зүгээр байж байгаад тийм амьдралд хүрээгүй гэдгийг сана. Гэр бүлийн амьдралыг одоо яавал чиг яаг гээд зөнд нь орхиж болохгүй. Гэрлэлтээр хайр дуусдаггүй, харин гэрлэснээс сэтгэл догдолсон, “бүхнийг хамтдаа давж гарах юм шиг дэврүүн хайр”-аас “давж гарахын аргагүй хэцүү бэрхийнд ард ч хамтаа гарах” тэнхээтэй хайраар солигддог юм.
2. Энэ залуутай гэрлэвэл яах бол?
Ихэнх эрчүүд “Би чамайг юугаар ч дутаахгүй” гэж ам гардаг. Төсөөлж байгаагүй саад бэрхшээлд бүдрэхийн хирээр өнөөх амлалт замхран алга болдог гэж үү? Үгүй ээ, эрчүүдийн амлалт өгөх мөч угтаа чин сэтгэлийнх байдаг. Гэхдээ амьдрал гэрлэлтийн өмнөх амлалтаар болно гэдэг 1000-д нэг тохиолдох боломж шиг хэцүү зүйл учраас бид дараа нь тэднийг “Амлалтандаа хүрдэггүй” гэж буруутгадаг. Тиймээс хэн нэгэнтэй гэрлэх дайны дотно харилцаатай болохоосоо өмнө түүнтэй гэрлэж байна гэж дотроо зуун удаа төсөөл. Тэд өмнөх амьдралынхаа талаар юу ч гэж гоёж гангалж ярьж мэдэх улс. Учир нь чи түүнийх болоогүй тэрхэн мөчид чамайг гайхшруулж, чамаас оноо авах нь л тэдний хувьд хамгийн чухал байдаг. Тиймээс түүний одоогийн байгаа нөхцөл байдал, чиний нүдэнд харагдаж байгаа дүр төрх, түүнээс урган гарах боломж бололцооноос өөр юунд ч найдах хэрэггүй. Мөн түүний талаар чадлынхаа хирээр судла. “Байгаагаар нь хайрлана” гэж бодоод нүдээ аниад гэрлэнэ гэдэг дэндүү зоригтой алхмыг бид гэнэн цайлганаар хийж орхидог. Даатгалын компанид бүртгүүлэхдээ, эсвэл банкинд мөнгө хадгалуулахдаа бид ямар их судалгаа хийдэг билээ? Гэрлэлт үүнээс зарчмын хувьд нэг их ялгаа байхгүй. Чи энэ эр хүнд гэр бүлийнхээ ирээдүйг даатгаж байна гэж бодоод түүнд мэдэгдэлгүйгээр ажиглалт хийгээд аваарай. Ажиглалт хийх явцад түүний өө сэв, дутагдлууд илрэх нь ойлгомжтой. Тэдгээр дутагдлыг нь гэрлэх сонголтыг хийхээсээ өмнө мэдээд авчихвал, гэрлэсэн хойноо ч тэднийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээ шийдэж байж хийх ухаалаг алхам болох болно.
3. 36 сарын ялалт, урьдаас мэдвэл амьдрал диваажин болно
Гэрлэсний дараах 36 сард л багтааж дараагийн 20, 30 жилд түүнтэй цуг амьдрах ерөнхий чиг баримжаагаа гаргаж ав. Нөхөртөө яагаад хичээл зүтгэл гаргах ёстойг нь сануулж бай. Өөрөө ч бас хичээж байгаа гэдгээ харуул. Гэхдээ энэ нь бүх хувцсыг нь угааж, орой бүр чадах чинээгээрээ шинэлэг хоол хий гэсэн үг биш. Зөнд нь орхиж болохгүй л гэсэн үг юм. Асуудлын гол нь хоолонд биш, цэвэрхэн хувцсанд би, чиний хандлагат байгаа гэдгийг мартаж болохгүй. “Хоол амтгүй байна” гэж уурладаг нөхрүүдийн уцаар үнэндээ хоол төдийхнөөс биш байдаг. Гэр бүлийн харилцаандаа сэтгэл хангалуун байсан бол, тунгалаг шөл байсан ч амтархан идэж, бүр болохгүй бол орой бүр гадуур хооллож, эхнэртээ хоол хийхэд нь тусалсан ч тэд чадна. Тиймээс үлдсэн жаахан хүчээ өнөө маргаашийн хэрүүлийг шийдэхэд биш, харин асуудлын үндсийг сугалж хаяхад, хандлагаа хоёр талаасаа өөрчлөхөд зарцуулах хэрэгтэй.
Залуу гэр бүлүүдийн хамгийн том маргаануудын суурь нь гэрлэсний дараах 3 жилд бүрэлдсэн байдаг. Энэ үед тэдгээр асуудлаа дарж аваагүй бол цаашид ч дарахад хэцүү. Эхний жилүүдийн бэрхшээлд тулгамдсан бүсгүйчүүд хүүхэдтэй болвол бүх зүйл өөрчлөгдөнө гэсэн хоосон итгэлд амьдралаа даатгадаг. Гэвч хүүхэдтэй болсны дараа хайрлах сэтгэл нэмэгдэх ч, үүнийгээ дагаад шинэ асуудлууд ундран гарч эхэлдэг. Тиймээс буцааж болохгүй зүйлийг нэг жилээр хойшлуулж, түүнийг өөр хүн мэт мэдрэгдэх үед болгоомжлох хэрэгтэй. Энэ бүлгээс олсон өөр нэг чухал санаа нь “Мөнгөтэй хүн л хүндлэл хүлээнэ”. Мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болохгүй ч, яагаад ч юм өөрийн гэсэн өмчтэй хөрөнгөтэй хүн бусдын өмнө илүү нүүр бардам, өөртөө итгэлтэй байж чаддаг. Мөнгө ямар нэг зүйлийн баталгаа болж байгаа нь мэдрэгддэг юм. Би л лав анхны болзоонд явах байсан ч, түрийвчиндээ заавал хангалттай хэмжээний мөнгө байгаа эсэхийг шалгаж байж гардаг төрлийн эмэгтэй. Үүнтэй санал нийлэх эсэх нь чиний сонголт ч гэлээ, гэр бүлдээ нөхөртэйгөө ижил хэмжээний “өрөө”-тэй үлдэхийг хүсвэл ямар нэг байдлаар өмчтэй байх ёстой гэдгийг санаарай.
4. Нөхөртэйгөө харилцах зурагт удирдахаас амархан
“Эрэгтэйчүүд хүүхэд шиг гэдэг үгийг тэр чигээр нь хүлээж ав”-Яагаад эхнэр хүний хандлага гэр бүлд нөхрийнхөөс илүү чухал гэж ярьдаг юм бэ? Яагаад гэвэл эрчүүд эмэгтэйчүүд бидний занг яасан ч ойлгож чадахгүй бол, эмэгтэйчүүд юмыг илүү наанатай цаанатай бодож ойлгож чаддаг. “Шинэ цахилгаан хэрэгсэл худалдаж авбал нөхөр минь эхлээд тайлбар гарын авлагыг нь уншиж үздэг, харин би юу юугүй товчийг нь дарж өөрөө хэрэглэх аргыг сурдаг”. Магадгүй эрчүүдийг бид хэтэрхий хөлдүү, мэдрэмжгүй гэж загнадаг ч, тэд эмэгтэйчүүд бидэн шиг “яах нь тодорхойгүй”, нарийн төвөгтэй байсан бол хорвоо дээр жаргалтай гэр бүл гэж нэг ч байхгүй байсан байх. Арга билэг гээчийг ийм л зохицолтой, эсрэгцэлтэй байхаар хорвоо бүтээжээ. Эрчүүдийг хяналтандаа байлгах нь ердөө л тэдний бардам занг байнга өдөөж, түүгээр нь оролдохгүй байхад болох зүйл юм. Эрчүүд хар багаасаа л эр хүнлэг байхыг шаардуулж өсдөг, тиймээс тэдний хувьд юу юунаас илүү бүхнийг мэддэг, зөв хийдэг, баатарлаг эр хүн гэж өөрийгөө үзэх үзэл нь нэгт тавигддаг. Бүгдийг хийж чаддаггүй байсан ч, өөрийгөө тэгж бодоход нь саад болох хэрэггүй. Нөхрийнхөө дутагдлыг өөрчлөх гэж оролдохын оронд зүгээр л хяналтандаа ав.
5. Нөхөр бол ирээдүйг хамтран эзэмшигч
Зарим бүсгүйчүүд гэрлэсний дараа карьер нь устаж үгүй болно гэсэн далд айдсаасаа болоод оройтож гэрлэдэг. Гэхдээ “гэр бүл” гэдэг бол ямар ч нөхцөл байдалд чиний талд баттай зогсох бүлгийн гишүүн болж байгаагаас өөрцгүй. Карьерын өндөр оргилд яваа ганц бие бүсгүйчүүд олон байдаг ч, гэр бүлтэй бөгөөд аз жаргалтай хүчирхэг эмэгтэйчүүд түүнээс ч олон байдаг. Нөхөр чинь, хүүхэд чинь чиний амжилтаас доош нь чангаахгүй. Чи өөрөө тэдний дэмжлэгийг хүлээн авч чадвал, тэд л чамайг унах үед хамгийн түрүүнд татаж босгох болно. Гэрлэлтээс болж ажлаа орхиж байгаа бүсгүйчүүд тэр ажилдаа анхнаасаа л чин сэтгэлээсээ дуртай байгаагүй гэсэн үг юм. Ер нь тэмүүлэл байгаа цагт хүн юу ч болж байсан бууж өгдөггүй, харин шийдвэрлэх арга замыг л эрчимтэй хайдаг. Гэрлэлтэн дээр ч мөн ялгаагүй. Та хоёрт хичнээн гал халуун хайр дурлал байлаа гээд, хамтдаа тэмүүлсэн зорилго, хамтдаа мөрөөдсөн ирээдүй байхгүй цагт та хоёр хэзээ л бол хэзээ салахад бэлэн байдаг. Та хоёрын харилцааг тогтоон барьдаг зүйлийг цаг хугацааны явцад бөхөж ч болдог сэтгэлийн хөдлөл төдийхөн байлгаж болохгүй. Хамтдаа тэмцэж, хамтдаа ялж, хамтдаа дахин хүсэж мөрөөдөж байж та хоёрт дахиад цаана илүү сайхан амьдрал байгаа гэдэг итгэл найдвар тасрахгүй.
6. Өөрийгөө анх удаа ажилд орсон ажилтан гэж бод
Хадамтайгаа нүүр тулж харилц. Хадам чинь ч бас хүн л учраас, чин сэтгэлийг хүсч байдаг. Анхнаасаа өөрийнхөөрөө байсан нь дээр гээд, Хүн бүрийн хувьд нас ахисан хойноо бахархах ганц зүйл нь тэдний хувьд цорын ганц төгс бүтээл болох үр хүүхдүүд нь байдаг. Тиймээс ч ээж нар хүүгээрээ, бас хүүгийнхээ сонгосон бэрээр сайрхаж, гайхуулахыг хүсдэг нь нууц биш. Анхнаасаа өөрөөрөө байсан нь дээр гээд ээжийг нь үл хайхарч болохгүй. Хадам чинь хэдийгээр эхэндээ тоохгүй байсан ч, дор хаяж найзуудынхаа бэрийнхээ тухай гайхуулахыг сонсоод чамайг харьцуулж эхлэх болно. Тиймээс гэрлэхдээ өөрийгөө дөнгөж шинээр ажилд орж байгаа ажилтангаар төсөөлж, өөрийнхөө чин сэтгэлийг, сайн сайхан чанаруудыг хадамдаа мэдрүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь хуурамч дүр эсгэлт байж болохгүй шүү.
Номын тойм бол мэдээж таваг дүүрэн бялууны хэлтэрхий төдий хэсэг. Амталгаат худалдаатай төстэй гэсэн үг. “Эмэгтэй хүний амьдрал гэрлэлтээр төгс болдог”номыг амталж үзсэн үү? Тэгвэл “бялуу”-г бүтнээр нь авах эсэх нь чиний л сонголт болж үлдлээ дээ бүсгүй минь.
ГООЛИНГОО.