250 мянгаас дээш еврогоор үнэлэгдэх улсын облигацийг нь худалдан авсан гадаадын иргэдэд тус улсын иргэний харьяалал олгоно хэмээн Унгарын эрх баригчид санал болгосон тухай “The Wall Street Journal” сонинд бичжээ.
Эрх баригч “Фидес” (Fidesz) намын гишүүдийн санал болгосон энэ хуулийн төсөл нь тус улсын өрийн хэмжээг багасгах зорилготой ажээ. Уг хуулийн төслийн дагуу Унгарын өрийн бичгийг таван жилийн хугацаатайгаар дор хаяж 250 мянган еврогоор худалдан авсан гадаадын иргэдэд Унгарын иргэний харьяалал олгох юм.
Гэвч энэ санал нь Европын Холбооны гишүүн орнуудын зүгээс шүүмжлэлд өртсөн байна. Европын улстөрчид уг хуулийн төслийг ЕХ-ны гишүүнчлэлийг “хэтэрхий буруугаар ашигласан явдал” гэж үзэж байгаа бөгөөд ийм саналыг голдуу хятадууд л хүлээж авах байх гэж таамаглаж байгаа аж.
Унгар улс 2004 онд ЕХ-нд элссэн юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын эрх баригчид 3-4 жилийн хугацаатайгаар 15-20 тэрбум долларын зээл олгохыг Олон улсын валютын сангаас /ОУВС/ хүсчээ. ОУВС-д хандах болсны шалтгаан нь ДНБ-ний 85 хувьтай тэнцэх болсон өрөө төлөх чадваргүй болсонтой холбоотой ажээ. Энэ оны нэгдүгээр сард ЕХ-ны эрх баригчид Унгарт ийм тусламж олгохоос татгалзсан байна. Түүнээс гадна, Унгарт шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа ЕХ болон тус улсын хоорондын харилцаа хурцдаж эхэлжээ.
Д.Жаргал