Манай улсын хүн амын тоо аль хэдийн 3.5 саяыг даваад буй. Энэ тоо цаашид улам бүр өсөх нь ердөө л цаг хугацааны асуудал. Түүнчлэн хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэх үг бий. Харамсалтай нь бид хүн амынхаа тоог нэмэгдүүлэх тухай хэлэлцдэг ч хойшид хэрхэхийг хэзээ ч тооцоолдоггүй. Өөрөөр хэлбэл хүн амын хөгжлийн талаарх бодлого зохицуулалтын талаар цаасан дээр чамин гоё үгсийг үзэглэдэг ч чанарт нь анхаарч байгаагүй нь үнэн. Шинэ хүнээ өлгийдөж авахдаа эсгий үнэг сэлтийг хайчилж бэлддэг ч ирээдүйн наад захын баталгаагаар хангахгүй байгаа нь томоохон асуудал дагуулж байна.
Угтаа хүн амын өсөлт, төрөлтийн түвшин нь улс орны нэн чухалчлах ёстой асуудал байдаг. Тэр ч утгаараа ихэнх тохиодолд боломжит хувилбаруудын талаар судалж, бодит хэрэгжилтэд анхаардаг байна. Тухайлбал, БНСУ-д төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд амаржсан ээжид нэг удаад найм хүртэлх сая төгрөгтэй тэнцэх мөнгөн тэтгэмж олгоод зогсохгүй сар бүр хүүхдийн мөнгө олгодог аж. Хэрвээ амаржсан ээж хөдөлмөр эрхлэхээр шийдвэл улсаас хүүхэд асрагчаар хангадаг байна. Харин Японы засгийн газраас амаржсан ээжид нэг удаа 420 мянган иен буюу арав орчим сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгодог. Энэ нь хувь хүн болон гэр бүлийг ахуй талаас нь дэмжиж, амьдралын чанарт нь анхаарч буйн нэг хэлбэр юм.
Төр төрөхийн өмнөх, төрсний дараах болон хүүхдээ өсгөхөд шаардлагатай эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, олгох тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг ч хэлсэн амандаа хэзээ ч хүрч байгаагүй. Зарим тохиолдолд халамж хавтгайрч байна гэх шүүмжлэл дагуулдаг ч энэ төрлийн тэтгэмжид төр гар татах учиргүй юм. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд гэртээ 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг олгож эхэлсэн. Харин инфляц өссөн энэ үед уг тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг иргэд онцолж байна. Цалинтай ээжийн 50 мянга хүрэлцээтэй байгаа эсэх талаар ээжүүдийн дунд судалгаа явуулахад 80-90 хувь нь “үгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Харин ХНХ-ын сайд Х.Булгантуяа өнгөрөгч зургаадугаар сард хийсэн мэдэгдэлдээ цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэх боломжгүйг онцолж байв. Мөн тэрээр “Цалинтай ээж хөтөлбөр”-т жилд дунджаар 100 тэрбум төгрөг зарцуулдгийг тодотгосон юм. Тэдний зүгээс энэ хэмжээний мөнгийг хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд дэмжлэг болж буй хэмээн тодотгодог. Гэвч энэ нь бодит байдал дээр дэмжлэг болж чадаж байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Хатуухан хэлэхэд төрийн зүгээс алдарт эхийн одонгоор энгэрийг нь цоолохоос өөрөөр амьдралд наалдацтай дэмжлэг үзүүлдэггүй гэхэд хилсдэхгүй. Угтаа шинэ хүнээ өлгийдөж авах нь дан ганц айл гэрийн асуудал биш, алсдаа улс орны хэтийн төлөв, хөгжил дэвшилтэй холбоотой зүйл байдаг.
Эргэж буцсан шийдвэр
Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг дутуу дулимагхан байдлаар өнөө маргаашаа бид аргацаасаар удаж байна. Түүнчлэн төрийн зүгээс хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж буй нэрийн дор сар бүр 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгодог. Гэвч хөшөө дурсгал, үхэр ээмэгжүүлэхэд гар татдаггүй эрх баригчид хүүхдүүдийг ялгаварлаж, тодорхой хувьд нь л энэ мөнгийг олгох талаар хэлэлцсэн. Гэхдээ олонхын дургүйцэлтэй нүүр тулсан тэд арга мухардаж, амласан ёсоороо хүүхэд бүрд олгохоос аргагүйдсэн юм. Зайлшгүй шаардлагатай төсвөө хумих гэж оролддог ч завших тухай асуудалд бол тэд арай өөр ханддаг. Ялангуяа хүн ам амын өсөлт хөгжил, хүүхэдтэй холбоотой асуудалд хэт хойрго ханддаг нь нууц биш. Төсвөөс нэг хүүхдэд гурван мянган төгрөг зарцуулж, үдийн хоол хөтөлбөрйг чанаржуулж чадахгүй хэр нь өнөөх 100 мянгаас нь танах, төсөв санхүүжүүлэх тухай хэлэлцэх жишээний. Тухайлбал, хэрвээ эцэг эх зөвшөөрвөл хүүхдийн 100 мянган төгрөгийн хагасыг үдийн хоолонд зарцуулах хувилбар яригдаж буй. Одоогийн байдлаар нэг хүүхдэд 1500 орчим төгрөгийн төсөвтэйгөөр үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн цэцэрлэгийн хүүхдийн болон 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардал жилд 170 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байна. Тогооч нарын цалин, урсгал зардал нэмэгдэхээр 230 орчим тэрбум төгрөг улсын төсөвт тусгагддаг. Үдийн хоолны мөнгийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэхээр дахиад 230 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй байгаа аж.
Энэ талаар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “Үдийн хоолны мөнгийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэхээр дахиад 230 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй. Магадгүй нэг хувилбар нь хүүхдийн 100000 төгрөгийн хагасыг үдийн хоолонд зарцуулах шийдэл байвал 1-12 дугаар ангийн бүх хүүхдэд хоол өгөх боломжтой гэж бодож байна. Гэхдээ хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг үдийн хоолонд өгөх хувилбарыг эцэг эх, асран хамгаалагчид хүлээн зөвшөөрвөл л гэсэн үг. Үдийн хоолны 1500 төгрөгийг 3000 болгохдоо ийм эх үүсвэрээр шийдэхгүй бол төсөвт дахин 230 тэрбум төгрөгийг олж, нэмэх нь эрсдэлтэй. Жил бүр сургуульд орж байгаа хүүхдийн тоо 20000-аар нэмэгддэг. Ойрын хугацаанд дор хаяж 150 сургууль нэмж барих шаардлага үүсэж байгаа учраас 230 тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэг барих уу, үдийн хоолны мөнгийг 50%-аар нэмэх үү гэдэг сонголт байна” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.