Хятад улс Ягуар Ланд Ровэр компанитай нэг тэрбум доллароор хамтарсан үйлдвэр байгуулах саналыг зөвшөөрснөөр Ягуар Ланд Ровэр /ЯЛР/ авто машиныг урд хөршид үйлдвэрлэх боломжтой болжээ. Энэ тухай ВВС агентлаг мэдээлэв.
Английн Вэст Мидлэндэд төвтэй тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч уг компани 2015 он гэхэд Шанхай хотын ойролцоо салбараа нээхээр Чери Автомобиль компанитай /Chery Automobile/ гэрээ хийсэн байна. Гэхдээ Англи дахь гол үйлдвэрээ өөр улс руу нүүлгэхгүй гэж ЯЛР компани мэдэгджээ. Өнгөрсөн жил Хятад улсад Ягуар Ланд Ровэр загварын машины борлуулалт 80%-иар өссөн аж.
Энэтхэгийн Тата Моторсын эзэмшилд байдаг ЯЛР компани нь Чери Автомобиль компанид нэлээд хэдэн сарын өмнө дээрх саналыг тавиад ямар шийдвэр гарахыг хүлээж байжээ.
Хятад болон Английн хоёр компанийн хамтарсан мэдэгдэлд “Хятадын өргөжин тэлж буй зах зээлд зориулан хийх бидний үйл ажиллагааг дэмжин зөвшөөрөл олгосон явдалд тус улсын эрх бүхий байгууллагад талархаж байна. Бид Хятадын хэрэглэгчдэд найдвартай, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх болно” гэж дурдсан байна.
ЯЛР компани Хятад дахь үйлдвэрт ямар загварын машин үйлдвэрлэхийг албан ёсоор зарлаагүй байгаа боловч өмнө нь Ланд Ровер Фриландер / Land Rover Freelander/ болон Ивоки-г /Evoque/ үйлдвэрлэхээр төлөвлөж байжээ.
2014 он гэхэд судалгааны болон үйлдвэр байгуулах ажлыг дуусган 2015 он гэхэд үйлдвэрлэлээ эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.
ЯЛР компанийн удирдлага “зөвхөн Хятадын зах зээлд тусгайлан зориулсан загварыг тус үйлдвэрт үйлдвэрлэнэ” гэж мэдэгдэв.
Л.Урангуа