Өмнөд Солонгосын гоо сайхны нэгэн компанийн мэргэжилтнүүд өнгөрсөн жилийн намар Монголд иржээ. Тэд манай улсын зах зээлд өөрсдийн компанийн бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр болж судалгаа хийхээр ирсэн нь энэ аж.
Тэгээд Улаанбаатар хотын гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалдаг томоохон дэлгүүр, худалдааны төвүүдээр явж хаанахын ямар улсын, мөн аль брэндийн бараанууд байна вэ гээд үнэ, өнгө загвар зэргийг нь судалж баримтжуулан явжээ. Гэтэл тэр компанийн мэргэжилтнүүд Монгол Улсын гоо сайхны бараа бүтээгдэхүүний зах зээл болоод энэ чиглэлээр хяналт шалгалт хийдэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэлээд сонжсон байна.
Тэгээд “Монголд тухайлбал, Өмнөд Солонгосоос орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүны загвар, хэрэглээ нь манай улсад аль хэдийнэ хоцрогдчихсон шүү дээ. Гэтэл энд худалдаалж байна. Монголчууд мэддэггүй дээ юм болов уу, эсвэл өөрсдөд нь тохирч байгаа учраас ингэж удаан хэрэглээд байна уу. Аль эсвэл хяналт, шалгалт хийдэг байгууллагууд нь юу ч мэддэггүй юм болов уу” хэмээн гайхширсан аж. Үүнийг чихээрээ сонссон нэгэн гоо сайхны төвийн сургагч багш тэгж хэллээ. Мөн гоо сайхны бүтээгдэхүүний хадгалалт, худалдаалж буй орчны горим зэрэг нь маш их алдагдаж буйг ч тэд анзаарчээ.
Үнэндээ өнөөдөр бидний хэрэглэж буй импортын бүтээгдэхүүнүүдийн тээвэрлэлт яаж ирдэг, мөн ямар орчинд худалдаалах ёстойг хүмүүс мэддэг билүү. Бас бүгд л “Байгалийн гаралтай. Хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй. 7-10 хоногийн дотор мөдхөн турааж орхино” гэх утгатай гоё, сайхан үгсээр чимсэн сурталчилгаа цацдаг эцэст нь хэрэглэгчид аль нь байгалийн гаралтайг мэдэхгүй, хамгийн их рекламдсан барааг л очиж авч байна. Гэтэл үүнийг үзээд дээр дурьдсан Өмнөд Солонгосын компанийн хүмүүс алмайрсан аж. Тэд “Долоохон хоногийн дотор тураадаг ямар гоо сайхны бүтээгдэхүүн байна аа” гэсэн үгийг ч амнаасаа унагажээ.
Тэгвэл энэ бүхнийг хянадаг гэх мэргэжлийн хяналтынхан чухам яаж шалгадаг, бас хэдэн оны ямар стандартыг мөрддөг зэргийг тодруулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй халдвар, хамгааллын хэлтсийн улсын байцаагч Т.Отгонтой уулзлаа.
-Хэрэглэгчид гаднаас оруулж ирж худалдаалж байгаа гоо сайхны бараа бүтээгдэхүүний талаар мэдлэг их хомс байдаг. Ядаж танай байгууллагыг яаж, хэдийд шалгад¬гийг хүртэл тэр бүр мэддэггүй?
-Тийм ээ. Өнөөдөр Монголд тэр ялангуяа нийслэлд худалдаалж байгаа гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалж буй горим, стандарт зэргийг манай хэлтэс хянадаг. Гэхдээ зөвхөн бүтээгдэхүүн худалдаалагч компани, хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу л шалгалт хийж байна. Шалгалт хийхдээ бид эхлээд тухайн барааг хаанаас яаж оруулж ирсэн мөн гарлын түүх зэргийн бичиг баримттайг нь танилцана. Дараа нь бүтээгдэхүүнээс дээж авч лаброторын шинжилгээнд хамруулдаг.
-Ер нь гоо сайхны бараанд жилд хэдэн удаа шалгалт хийдэг юм бэ?
-Бид дүүргүүдийн Мэргэжлийн хяналттай хамтарч тодорхой баталсан хуваарийн дагуу шалгалт хийдэг. Гэхдээ тэр бүр байнга хийгээд байхгүй. Харин шалгалтын явцад нэг хүндрэлтэй нь гангын наймаагаар дамжин орж ирсэн бүтээгдэхүүнүүдийг олоход их бэрх.
-Тэгэхээр шалгалтын явцад зөрчил гарсан байвал худалдаалагчидад ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ?
-Манай улсын хууль сулхан болчихсон. Юу гэхээр бид зөрчил гаргасан аж ахуй нэгжид Захиргааны хариуцлагын хуулийн дагуу 250 мянга хүртэл төгрөгөөр л торгож байна. Хувь иргэнд бол 25 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг. Энэ мөнгийг өнөөдөр хэн ч төлчих чадвартай болсон. Тиймээс энэ чиглэлийн мэргэжилтнүүд хуульд өөрчлөлт оруулах талаар удирдлагуудад хэлж байгаа. Нөгөөтэйгүүр үнэртэй ус зэргийг граммлан задгай хэлбэрээр зардаг. Энэ байж болохгүй асуудал. Үнэртэй усанд агуулагддаг зарим бодис хүний биед сөргөөр нөлөөлж болно шүү дээ.
Тэрбээр ийн ярилаа. Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүнд тавьдаг манай улсын стандартыг аль 1997, 1998 он тогтоосон байдаг аж. Мөн орчин үеийн гадаадын том том брэндүүдийн бүтээгдэхүүнийг шалгах хүчин чадалтай лаборатор байдаггүйг мэргэжлийн хүмүүс хэлж байв. Энэ талаар бид дараагийн дугаарууддаа илүү дэлгэрэнгүй мэдээллийг сурвалжлан хүргэх болно.
Л.Баатархүү