Сангийн аж ахуйд насаараа тариаланч хийсэн Мэндсүрэн гуай худлаа хэлэхгүй, пан гөрөхгүй төвшин хүн л дээ.
Арваад настайдаа аж ахуйнхан нь тариалангаа хураагаад сайн өдөр Үүлэн ууланд гарч зугаалсан үед Мэндсүрэн гуай, Агваандорж няравын хүү өөрөөсөө хоёр ах Баатарыг дагаж бусдаасаа жаахан холдсон байна. Битүү модон дотор хоёулахнаа явахаасаа айсан уу, Мэндсүрэн “Би буцлаа” гэж хэлээд эргэж гүйжээ. Тэгтэл нөгөө Баатар нь нэгэн бусдаасаа өндөр модны дор зогсож байснаа гэв гэнэтхэн замхран алга болоход Мэндсайхан айсандаа харвасан сум шиг л гүйсээр эцэг, эх дээрээ очоод “Баатар алга болчихлоо” гэж хэлжээ. Агваандорж няравын хүүг тэр жижигхэн модон дотроос бүтэн долоон өдөр эрж хайгаад өрөөсөн гуталнаас нь ондоо юм олоогүй гэдэг.
Мэндсүрэн гуайн санаж байгаагаар тэр хүүхэд нөгөөх мод руу нэвтрээд орчих шиг, эсвэл газар руу шингэчих шиг харагдсан байна. Гэвч тэндээс ямар нэг газрын гав, ангал нүх юу ч олдоогүй бөгөөд бусдаасаа арай өндөр модонд ч хүн орж нуугдчихмаар ямарваа ангал цоорхой байгаагүй ажээ. Жил бүхэн Агваандорж гуай тэр хавиас хүүгээ хайгаад мөр ч олж чадаагүй өнгөрсөн байна.
Үүнийг Мэндсүрэн гуай “Ямар би шинжлэх ухаан ойлгох биш. Сүнс сүүдэр гэж байдаг бол тэр хүүхдийг ховх сороод уусгах шиг л харагдсан даа” хэмээн ярьж билээ. Би дотроо харь гаригийнхан аваад явчихсан байх гэж санаснаа нуухгүй. Харь ертөнцийнхөн манай дэлхийгээс хүн хулгайлдаг байх магадлал байдаг. Тиймгүй бол зүв зүгээр байж байгаад хүмүүс замхран алга болно гэж баймгүй. Эцэг нь малдаа, эх нь гаднах ажлаа цэгцэлж байгаад гэртээ ороход орон дээрээ унтуулаад орхисон нялх үр нь алга болсон тохиолдол манай суманд гарсан. Ээж нь гэрээсээ нүдээ салгалгүй, хүүхдээ уйлж байх вий гээд чих тавин явсан байдаг. Бас малаа хариулахаар гарсан эмгэн ор сураггүй болсон явдал ч бий.
Америкийн Теннесси мужийн бяцхан тосгоны Дэвид Лэнг хэмээх тариачин гэрийнхээ гадна явж байгаад гэв гэнэт агаарт уусах мэт алга болохыг түүний эхнэр ба нутгийн хоёр хүн нүдээрээ харж зогссон ажээ.
Их Британийн Сассекс мужийн Истборн хэмээх жижгэвтэр хотын арвантавтай охин гэрийнхээ дэргэдэх мухлагаас талх аваад зам гарч явснаа бас гэнэт замхран алга болохыг хүмүүс харсан байдаг. Түүний бараа ахин харагдаагуй бөгөөд тэр хавьд сэжигтэй юу ч байсангүй. Тариачин Дэвид Лэнгийг энхэр нь нуугдаж тоглолоо гэж санасан ажээ. Гэвч агаарт ууссан мэт алга болсон нөхөр нь тэр чигээрээ сураг алдарсан юм.
Америкийн Алабама мужийн Зельма суурингийн оршин суугч Бриан Уильямсон гэх төлөв төвшин эр цэцэрлэг дотроо явж байгаад эхнэр, охин ба хоёр хөршийнхөө нүдэн дээр аанай агаарт уусах мэт замхран алга болоход тэднүүс газар хагараад гав жалга руу уначихлаа гэж бодоод гүйн очиход тэнд ямар нэг нүх судаг байгаагүй аж. Эрэлч нохой хүртэл гаргаж эрж хайхад тэнгэр рүү хуцахаас өөр юм өнөө нохой нь хийгээгүй ажээ.
Оросын Сибирийн төв Новосибирск хотын зэргэлдээ Борисовка гэдэг багавтар тосгон байжээ. Тус тосгоны Федор Михальчишин гэдэг эр ойд хүүтэйгээ мөөг түүж гэртээ харьж явахдаа тосгоны хоёр эрийг архидаж суухад хажуугаар нь алхаж байхдаа бас гэв гэнэт замхарч алга болжээ. Хачин зүйл харж уусан архи нь гарсан хоёр согтуу эр шууд тосгоны даргадаа энэ явдлыг ярихад хөлчүүдээ буруу хараа биз гээд тоосонгүй. Гэтэл Михальчишин дагуулж явсан хүүтэйгээ хамт ор сураггүй болсон бөгөөд бас тэр өдөр Марфа эмгэний сүүтэй үнээ нь мөн сураггүй болжээ. Германы Бремен хотын иргэн Шульцмахер гэгч эр орой нь гэртээ унтсан атлаа өглөө нь Америкийн Софтхолл гэдэг хотод сэржээ. Тэгэхдээ бүр өөрийнхөө орон дээр хөнжил дотроо хэвтэж байсан гэнэ. Хичнээн мянган километрийн алс зайтай газраас тэнд хэрхэн ирснээ тэр ойлгоогүй бөгөөд “Намайг харь гаригийнхан хулгайлаад энд авчирч хаясан байх” гэж ярьжээ. Үүний учир шалтгааныг цагдаагийнхан бүү хэл эрдэмтэд ч олоогүй юм.
Америкийн Индиана мужийн Күинси суурингийн Чарли Эшмоор гэдэг хөвгүүн хашаандаа байдаг худгаас ус авчрах гэж гараад эргэж ирсэнгүй. Эцэг нь хүүгээ дуудаад ирэхгүйд унтууцан гарч мөрийг нь дагавал нойтон хөрсөн дээр гарсан хүүгийнх нь нүцгэн хөлний мөр худаг хүрэх замдаа замхран тасарсан байжээ. Чарли хүүг өчнөөн хоног хайгаад ч ул мөр олоогүй байна. Европ тивд өглөө явж байсан хүн өдөр нь Америк тивд оччихсон тохиолдол бий бөгөөд үүнийг тайлбарлахад бэрх. Манай дэлхийтэй орших сүнслэг ертөнцийн хүч ийм зүйл хийгээд байна уу, эсвэл үнэхээр харь гаригийнхны тоглоом уу гэдгийг ч тайлбарлаж чадахгүй байна. Эсхүл ил шид нээрэн оршиж байна уу, далд ертөнцийн бидний үл мэдэх, тайлждөнгөхгүй тийм ад мөрийн увдис манай дэлхийд үйлчилдэг үү гэдгийг ч тайлах хүчин мөхөстөнө.
Ямартаа Ванга авгай сансрын анхны нисгэгч Юрий Гагариныг нас бараагүй, харь гаригийнхан авч явахын тулд онгоцыг нь сөнөөгөөд өөрийг нь аваад явсан гэж ярих юм билээ.
ЭХ СУРВАЛЖ: БОЛСОН ЯВДАЛ СОНИН