Нью Үорк хот нь дэлхийд 4-т, АНУ-д 1-д ордог аварга том метрополитаны (17.8 км² талбайд 20 сая хүн амьдардаг) төв бөгөөд олон улсын улстөр, бизнес, худалдааны цөм болдгоороо хүн бүрийн танил болсон хот юм. Метрополитан гэдэг нь том хот тэлсээр хаяа хотуудтайгаа нийлж хүн амын хамгийн их бөөгнөрөл бүхий уудам нутаг дэвсгэр үүсгэхийг хэлэх бөгөөд дэлхийн хамгийн том метрополитан нь Токио, удаахь нь Сөүл, 3-т нь Мексико хот, 4-т Нью Үорк ордог байна. “Нью Үорк метрополитан” нь 5 мужийн том жижиг олон хотыг хамран үргэлжлэх ба үүнд Нью Үорк мужийн өмнөд зах, Нью Жерси мужийн зүүн зах, Коннектикут мужийн зүүн өмнөд зах, Пенсивани мужийн зүүн, Филаделфия мужийн зүүн хойд хэсгийг тус тус хамрана.
Нью Үорк хот нь Нью Үорк мужийн урд захад Атлантикийн далайн эрэг дээр орших ба 5 дүүргээс (Queens, Manhattan, Brooklyn, Bronx, Staten Island) тогтоно.
Manhattan нь Нью Үорк хотын төв бөгөөд дээд, доод, төв хэсгүүдэд хуваагдах буюу Upper Manhattan, Lower Manhattan, Midtown хэмээн нэрлэгдэнэ. Дэлхийн төдийгүй Америкийн өнцөг булан бүрээсирдэг олон сая (жилд 50 сая) жуулчдын гол цэг нь болохын хувьд сонирхол татсан олон газруудтайн дээр НҮБ-ын төв байр, Wall Street хэмээн алдаршсан Санхүүрийн дүүрэг, Нью Үорк Сток Ексченж буюу Үнэт цаасны Бирж, Бродвей театрын гудамж, Times Square хэмээх алдарт талбай,Empire State Building, Rockefeller center зэрэг байдаг. 2001 онд дайралтанд өртөж шатсан Дэлхийн Худалдааны хос цамхагийг дахин шинээр босгож байна.
Rockefeller center нь өмнөө мөсөн гулгуурын талбайтай, тэнд хүүхэд хөгшидгүй чөлөөтэй гулган хөгжих бөгөөд шинэ жилийн сүлд мод босгож 12 сарын 1-нд гэрлэн чимэглэл асаах үйл ажиллагаа нь олон зуун үзэгчдийг татдгийн дээр Нью Үорк хотыг 67 давхрын оройгоос тольдох боломж олгодог зэргээрээ алдартай юм.
Times Square нь анх Нью Үорк Таймс сонины барилга баригдсаны дараа ийнхүү нэрлэгдэх болсон ба Midtown Manhattan-ы Broadway, 7th Avenue хоёрын огтлолцол дээр орших ба 42-р гудамжнаас 47-р гудамж хүртэл үргэлжлэх хамгийн их хөл хөдөлгөөнтэй, шөнө нь өдөр шиг гэгээтэй, театр үзвэр үйлчилгээ, зугаа цэнгээний гол цэг болсон талбай юм.
Мөн Upper Manhattan-аас холгүй Liberty Арал дээр алдарт Эрх чөлөөний хөшөө сүндэрлэнэ. Энэ арлаас холгүй орших Ellisарал дээр анхны цагаачид усан онгоцоор ирж буудаг, шинжлүүлдэг, бүртгүүлдэг байсан бол дэлхийн 2-р дайнаас хойш дайны олзлогдогчдын хуаран болж байжээ. 1600-аад оноос эхлэн анхны европ цагаачид ирж суурьшжээ.
Хамгийн олон хэлтэн үндэстний бөөгнөрөл болсон нь олон үндэстний соёл, зан заншил, шашин шүтлэг, хоол хүнс, баяр ёслолыг үзэж амсаж мэдрэх боломжийг олгоно. Хүний эрхийг хүндлэх, хуулиа ёсчлон дагах уламжлал нь олон гарвалын хүмүүс эвтэй найртай зэрэгцэн орших үндэс болсон гэлтэй. Хэдий олон хүнтэй ч хүний биед хүрэх, түлхэж шахах үзэгдэл огт үгүй, хэрэв зай багатай газар хажуугаар чинь зөрж өнгөрөх болбол “уучлаарай” (excuse me) гэж хэлэх нь таны биед хүрэхгүйн тулд анхааруулга болохын дээр таны хувийн орон зайгаар өнгөрсөндөө уучлал хүссэн утгыг илтгэнэ. Энэ нь хүмүүсийн ухамсар арай өндөр түвшинд хүрснийг харуулна.
Эрх чөлөөг дагаад этгээд, ер бусын үзэгдлүүд ч ажиглагдана.
Доорх зураг дээр нүцгэн залуу гитар тоглон бусдыг хөгжөөж байхыг, гудамжиндүүргийн худалдаа хийж байхыг, бидний Эрээн хотод олж хардаг дугуй-тэрэг Манхэттэнд хаа сайгүй явахыг харж болно. Чикагод морь хөллөсөн сүйх тэрэг л харагддаг сан… За тэгээд буцаад хүн-тэрэг рүү гээ л орчихгүй бол яамай.
Ер нь дугуй унах нь улам элбэг болж байгаа нь хаа сайгүй ажиглагдана. Байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд тустай, мөнгө санхүүд ч нэмэртэй болоод тэр биз. Манайхан морио унадаг болох юм бишүү?!